“Европын нээлттэй өдөрлөг” зохион байгуулагдлаа
20. January 2020 Мэдээ

“Европын нээлттэй өдөрлөг” зохион байгуулагдлаа

Монгол Улс, Европын холбооны хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойг тохиолдуулан Европын холбооны Монгол Улсад суугаа Төлөөлөгчийн газраас 5-р сарын 26-нд Сүхбаатарын талбайд “Европын нээлттэй өдөрлөг” арга хэмжээг зохион байгууллаа. Өдөрлөгийн үеэр Европын холбооны гишүүн орнуудын соёл уламжлалтай танилцах, гишүүн орнуудад суралцах, аялах боломжийн талаар болон шенгений виз хэрхэн авах тухай дэлгэрэнгүй мэдээлэл, зөвлөгөө авах, аж ахуйн нэгжүүдийн бараа бүтээгдэхүүний үзэсгэлэнг үзэж сонирхохоос гадна үндэсний хоол, амттанаар дайлуулах, урлагийн тоглолт үзэх гэх мэт иргэд, олон нийтэд зориулсан төрөл бүрийн арга хэмжээ болсон юм. Мөн Европын холбооны санхүүжилтээр манай улсад хэрэгжиж буй 20 гаруй төсөл хөтөлбөрүүдийн талаар мэдээлэл авахын зэрэгцээ Европын аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаатай танилцах боломжийг олгож буйгаараа онцлогтой байсан юм.

EU day Mongolia took place 4

Каритас Чех Репаблик (КЧР) Монгол ТББ нь энэхүү үйл ажиллагаанд оролцон “Монгол улсын барилгын салбарын нөөцийн үр ашигтай байдал, цэвэр үйлдвэрлэлийг дэмжих” төслийнхөө талаар танилцуулан, барилгын хог хаягдлыг дахин боловсруулан гаргасан бүтээгдэхүүний технологио танилцуулахаас гадна Монголын хог хаягдал боловсруулах үндэсний холбооны гишүүн байгууллагуудыг олон нийтэд сурталчилсан юм. Үзэсгэлэнгийн үеэр төслийн хүрээнд хэрэгжсэн үйл ажиллагаануудыг зураг, видеогоор баримтжуулан ЛЕД дэлгэцээр үзүүлэн, судалгааны гарын авлага, брошур тараан барилгын буулгалтаас үүсэх хог хаягдлын менежментийн талаарх мэдээллийг олон нийтийн түгээсэн юм. Мөн КЧР байгууллага нь Монгол дахь хог хаягдлыг боловсруулах үйлдвэр, байгууллагуудтай хамтран 3Р буюу багасгах, дахин хэрэглэх, дахин боловсруулах ойлголтыг олон нийтэд хүргэн, хог хаягдлын менежментийн талаар сурталчилсан юм.

EU day Mongolia took place 3

Монгол Улсын гадаад бодлогын үзэл баримтлалд Европын холбоог “Гуравдагч хөрш” хэмээн тунхагласан байдаг. Энэ хүрээнд Европын холбоо, түүний гишүүн орнуудтай харилцаа, хамтын ажиллагаагаа боломжит бүхий л салбарт эрчимжүүлэн хөгжүүлэхийг зорьж ирсэн. Тухайлбал, Европын холбооны гишүүн орнуудын Элчин сайд нарын уулзалтыг 2009 оноос хойш Улаанбаатар хотод тогтмол зохион байгуулж байгаа бөгөөд 2017 онд Европын холбооны Төлөөлөгчийн газар Монгол Улсад байгуулагдсан нь талуудын харилцааг шинэ шатанд гаргаж, илүү олон салбарт, илүү үр дүнтэй хамтран ажиллах боломжийг нэмэгдүүлсэн юм.