Манай улс нэг хүнд ноогдох хуванцар хог хаягдлаар дэлхийд эхний 10 орны тоонд багтдаг байна. Харамсалтай нь бид тэр их хэмжээний хог хаягдлынхаа 6 хүрэхгүй хувийг дахин боловсруулдаг байна. Иймд Каритас Чех Репаблик байгууллага нь Европын Холбооны Свич Эйшиа хөтөлбөрийн дэмжлэгтэй хэрэгжиж буй “Монгол улс дахь хуванцар хог хаягдлын дахин боловсруулалтын тогтвортой байдлыг хангах” төслийн хүрээнд Улаанбаатар хот дахь хог хаягдал дахин боловсруулах үйлдвэрлэл эрхлэгчдийг өөрсдийн боломж бололцоогоо бүрэн ашиглах тал дээр хамтран ажиллаж байна.
Энэхүү төслийн баг нь хог хаягдлын менежментийн салбарт өөрчлөлт шинэчлэл авчрах зорилгоор хог хаягдал дахин боловсруулах экосистемийг нарийн судалсан юм. Тус судалгааны үр дүнд болоод дахин боловсруулах үйлдвэрлэл эрхлэгчдийн төлөөлөгч нартай ярилцаж судалсны эцэст тус салбарынханд нэн шаардлагатай 10 сэдвийн хүрээнд цуврал сургалт зохион байгуулж буй юм. Энэхүү сургалт нь хог хаягдал дахин боловсруулах компаниудад өөрсдийн чадавхи, боломж бололцоогоо бүрэн дүүрэн ашиглахад нь туслах зорилготой өөр өөр төрлийн сургалтын сэдэвтэйгээр зохион байгуулагдаж байна.
“Хуванцар дахин боловсруулах салбарын төлөөлөлд хэрэгтэй, бодит, хэрэгжүүлж болохоор сургалтуудад хамрагдаж байгаадаа баяртай байна. Сургалт бүр өөр сэдвээр зохион байгуулагдаж байгаа болохоор сурах зүйл их, нэг ч өдөр алгасаж болмооргүй хэрэгтэй сургалт болж байна. Манай байгууллагын алсын хараа бол хог хаягдлаа багасгах, Улаанбаатар хотод хог хаягдал болж байгаа хуванцар хог хаягдлыг дахин боловсруулж, бүтээгдэхүүн болгож, зах зээлд нийлүүлэх явдал юм. Төслийн хүрээнд зохион байгуулагдаж байгаа сургалтуудад хамрагдаж чадавхжиж байгаа тул компанийн маань үйл ажиллагаа ч дагаад сайжирна гэдэгт итгэлтэй байнa” хэмээн сургалтын оролцогч, Тэр Их Нуур ХХК-ийн захирал Б.Энхтуяа хуваалцсан юм.
Сургалтын агуулга нь оролцогчдыг татан оролцуулсан загварт суурилсан бөгөөд сургалтын сэдэв бүрд тухайн салбарын шинжээчид шинэлэг байдлаар сургалтыг удирдан явуулж буй юм. Одоогийн байдлаар “Байгууллагын санхүүгийн менежмент”, “Байгууллагын засаглал, дотоод бодлого”, “Эрсдэлийн менежмент”, “Хүний нөөцийн менежмент”, “Маркетинг, дахин боловсруулсан бүтээгдэхүүний борлуулалтын менежмент”, “Бизнес төсөл боловсруулах нь” зэрэг сэдвүүдийг Монголтакс ТМЗ ХХК-ыг үүсгэн байгуулагч, Татварын мэргэшсэн зөвлөх Х.Тунгалагмаа, Хөгжлийн шийдэл ТББ-ын төслийн ажилтан Л.Хулан, Дижилтал Эм Түүлс ХХК-ын Бизнес ментор Н.Мөрөн, Монголын хүний нөөцийн институтийн Ерөнхий захирал Д.Бартанбаатар, Мандал санхүүгийн нэгдлийн Т.Дэнсмаа, болон Каритас Чех Репаблик байгууллагын Төсөлд дэмжлэг үзүүлэх ажилтан Зак Конн ороод буй юм.
“Хуванцар хог хаягдал дахин боловсруулах салбарт боловсон хүчин дутмаг байдаг гэж боддог. Энэ салбарын жижиг дунд үйлдвэрүүдэд хүний нөөцийн асуудал тулгамдсан асуудлын нэг байдаг. Эдгээр асуудлыг шийдэхэд туслах маркетинг, санхүү, хүний нөөц гээд бусад холбогдох хэрэгцээтэй мэдлэгийг олгох үр өгөөжтэй сургалт болж байна гэж харж байна” хэмээн сургалтын оролцогч, Пластик Центр ХХК-ийн төслийн менежер Б.Хүрэлбаатар хуваалцсан юм.
Бид бүхний хуванцрын хэрэглээ жил ирэх тусам нэмэгдэж буй тул хуванцар хог хаягдлын менежментийн төслийн баг нь дахин боловсруулах салбарынхныг хог хаягдлаар хэрэгцээт бүтээгдэхүүн үйлдвэрлэж зах зээлд нийлүүлэх тал дээр дэмжин ажиллаж байна.
Төслийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг манай фэйсбүүк хуудсаар болон вэбсайтаар авна уу.