Зөвлөн зааварчлах хөтөлбөр үргэлжилсээр байна
30. December 2020 Мэдээ

Зөвлөн зааварчлах хөтөлбөр үргэлжилсээр байна

Монгол улс, Улаанбаатар хот – Европын Холбооны дэмжлэгтэй хэрэгжиж буй “Бүгд залуусын төлөө, Залуус бүгдийн төлөө” төслийн хүрээнд 2020 оны 9-р сард залуучуудад (ментор) зориулсан “Зөвлөн зааварчлах хөтөлбөр” хэрэгжиж эхэлсэн билээ. Энэхүү хөтөлбөр хэрэгжиж эхэлснээр залуучуудын хувь хүний хөгжил болоод ирээдүйд ажил хөдөлмөрийн илүү их амжилт ололт гаргахад нь чиглүүлж байна.

Амьдралын минь хамгийн том зорилгуудын нэг бол нас, хүйс, үндэс угсаа, арьс өнгө, хөгжлийн бэрхшээлтэй эсэхээс үл харгалзан хүн бүр, хүүхэд бүр боловсрол эзэмшиж чаддаг түүнийгээ нийгэмд ажил хэрэг болгож хувь нэмэрээ оруулдаг тийм л нийгмийг бүтээхэд өөрийн чадах бүхнээрээ дэмжиж ажиллах явдал юм. Би өөрөө харааны бэрхшээлтэй гэдэг шалтгаанаас болоод зөвхөн хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай амьдардаг биш бүх л улс орныхоо эд эс бүрт дуу хоолойгоо хүргэж чаддаг нэгэн байхыг хүсдэг. Миний хамгийн ихээр суралцаж буй нэг зүйл бол төлөвлөх ур чадвар. Түүнээс гадна ментор болон түүний хамтран ажиллагсдын тусламжтайгаар төсөл хэрхэн бичих талаар суралцаж байгаадаа маш их баяртай байна. Миний хувьд энэхүү хөтөлбөр залуучуудыг хөгжүүлэх, дэмжих, цаашдын ажлын эхлэлийг амжилттай тавих, туршлагатай олон хүмүүстэй холбоо тогтоон зөвлөгөө авахад маш том үүд хаалга болж байгаа гэж оролцож буй ментийгийн хувьд дүгнэж байгаа хэмээн Эм Ай Юү дээд сургуулийн 3-р дамжааны оюутан А.Лхамсүрэн хуваалцсан юм.

Тус хөтөлбөрт төрийн болоод төрийн бус, олон улсын хөгжил, бизнес, боловсролын салбар зэрэг төрөл бүрийн салбарт манлайлж буй мэргэжилтэн, шинжээч нар зөвлөн зааварлагчаар оролцож байна. Нийтдээ 27 залуу энэхүү хөтөлбөрт хамрагдаж буй бөгөөд 7 хоногтоо хамгийн багадаа 2 цагын хугацаанд зөвлөгөө, зааварчилгаа авч байгаа юм. Дараагийн зөвлөн зааварчлах хөтөлбөр нь 2021 онд дахин зохион байгуулагдахаар төлөвлөгдөж байна.

Энэхүү хөтөлбөрийн ачаар одоог болтол шантралгүйгээр аажмаар ч болов зорилгодоо хүрэхийн тулд урагшилсаар байгаа нь гайхалтай. Өглөө босох болгондоо таазруугаа ширтээд өнөөдөр юу хийх вэ гэж бодож байгаа хэн нэгэн байвал би энэ хөтөлбөрт өөрийгөө сориод үз гэж хэлнэ  хэмээн хөтөлбөрийн оролцогч Б.Мөнхсайхан санал сэтгэгдэлээ хуваалцсан юм.

mm_08

Энэхүү хөтөлбөр нь иргэний нийгмийг чадавхижуулах замаар залуусын хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлж, тэдний иргэний оролцоо болоод сайн дурын ажлыг дэмжих зорилго бүхий “Бүгд залуусын төлөө, Залуус бүгдийн төлөө” төслийн нэгээхэн хэсэг юм.

Төслийн тухай: КЧР байгууллага нь Европын Холбоо болон БНЧУ-ын Гадаад харилцааны яамны дэмжлэгтэйгээр “Бүгд залуусын төлөө, Залуус бүгдийн төлөө” төсөл хөтөлбөрийг Монголын залуучуудын эвсэл, Иргэний боловсролын төвтэй хамтран Улаанбаатар хот болоод Сэлэнгэ, Хэнтий, Дорноговь, Баянхонгор аймгуудад хэрэгжүүлж байна.