“Бодит байдал дээр бид хог хаягдлаа багасгах, дахин ашиглах тал дээр анхаарлаа хандуулах хэрэгтэй” хэмээн Пиэр Гэрбэр хуваалцлаа
7. 9 дүгээр сар 2022 Ярилцлага

“Бодит байдал дээр бид хог хаягдлаа багасгах, дахин ашиглах тал дээр анхаарлаа хандуулах хэрэгтэй” хэмээн Пиэр Гэрбэр хуваалцлаа

Пиэр Гэрбэр нь нийгэм, байгаль орчны төлөөх дэлхий нийтийн үйл хэрэгт тууштай ажиллаж буй нэгэн бөгөөд сүүлийн хэдэн жилүүдэд хог хаягдалтай холбоотой асуудалд гол анхаарлаа хандуулан ажиллаж байна. Тэрээр Нараа (Гүрсэдийн Нарантуяа) – гийн төрсөн нутаг болох Булган аймгийн Хишиг-Өндөр суманд Нараатай хамтран Эко Сум ТББ-ыг үүсгэн байгуулсан юм. Энэхүү ТББ нь “Монгол улс дахь хуванцар хог хаягдлын дахин боловсруулалтын тогтвортой байдлыг хангах төсөл”-ийг хамтран хэрэгжүүлэгч байгууллагуудын нэг юм. Энэхүү ярилцлагаар тэрээр орон нутаг дахь хог хаягдлын асуудлыг шийдэхэд юу хийж буй талаар болон практикт ямар асуудлуудтай нүүр тулж буй талаараа хуваалцсан юм.

Хог хаягдлын тогтвортой менежмент нь яагаад их чухал вэ? Энэ асуудал нь яагаад Монгол улсад тулгамдсан асуудал болж байна вэ?

Хог хаягдлын тогтвортой менежмент маш чухал асуудал. Учир нь бид одоо л хог хаягдал ялангуяа хуванцар хог хаягдлын хор нөлөөг ойлгож байна. Микропластик болон нано хуванцруудын нөлөөллийн талаар нэгэн судалгаа гарсан байдаг бөгөөд судалгааны үр дүн нь үнэхээр айдас төрүүлмээр. Бидний цусанд бичил хуванцар нэвчин орсон байдаг бөгөөд улмаар бидний тархи болон нөхөн үржихүйн системд саад учруулдаг нь хангалттай шалтгаан гэж би хувьдаа бодож байна. Энэ бол зөвхөн Монгол улсын асуудал бус, энэ асуудал бусад ихэнх улс оронд тулгамдсан асуудал болоод байна.

Орон нутаг дахь хог хаягдалтай холбоотой асуудлыг шийдэхэд та юу хийж байна вэ?

Хог хаягдлаа гуу жалга, дов толгод дээр ил задгай хаяж буй хүмүүсийн өнөөгийн нөхцөлд  Монгол улсад хог хаягдлын менежментийг нэвтрүүлэх явдал нь бидний хувьд цорын ганц сонголт байсан юм. Тиймээс бид хүмүүсийг хог хаягдлаа ангилан ялган авчрах “Хог хаягдал зохицуулах төв” барьж байгуулсан юм. Түүнчлэн бид хүмүүст хогоо яагаад ангилах ёстойг, мөн яаж ангилахыг зааж сургаж байна. Бид хог хаягдлын асуудлыг зохицуулах чадвартай, мөн үүрэг бүхий хүмүүстэй тулж ажиллахыг хичээж байна. Ингэснээр бид Улаанбаатар хот дахь хог хаягдал боловсруулах үйлдвэрүүдэд ангилсан хогоо хүлээлгэж өгөх ачааны машиныг хүлээх л үлдэх юм.

Хамгийн гол нь бид хог хаягдлын менежментийн системийн өөрчлөлтийг бий болгохоор эдгээр мэдээллийг нөлөөллийн ажилдаа ашиглаж буй юм. Энэ нь маш чухал асуудал юм. Бид бүхэн хог хаягдлын дийлэнх хувийг ямар бизнесийн ямар брэнд бүтээгдэхүүн эзэлж буйг судалж байгаа бөгөөд улмаар эдгээр бизнес эрхлэгчдийг өөрсдийн бүтээгдэхүүнээс гарч буй хог хаягдлыг зохицуулахад олон нийтэд туслах үүрэг хариуцлагаа ухамсарлан, хүлээн зөвшөөрөхөд нь ятган ухуулахаар ажиллах юм. Бидний хийж буй ажил хоёр зорилготой. Нэгдүгээрт, орон нутагт хог хаягдлын менежментийг бий болгоход туслах, хоёрдугаарт эдгээр гаргалгаа шийдлүүдийг жишиг байдлаар ашиглаж, бидний нөлөөллийн кампанит ажлыг тасралтгүй үргэлжлүүлэх явдлын нотолгоо болгох явдал юм.

277308595_7553959167949323_2277650328864268790_n-2

Эко Сум ТББ-д ямар ямар асуудал, бэрхшээл тулгарч байна вэ?

Манай орон нутагт иргэдийн ялангуяа, засаг захиргааны оролцоо, хөрөнгө оруулалт дутмаг байдаг. Бид анх Эко Сум ТББ-ыг байгуулахдаа хүмүүсээс “Бид энд буюу Нараагийн төрсөн нутагт амьдрахыг хүсэж байна, магадгүй бидэнд та бүхний асуудлыг шийдэх ур чадвар, мэдлэг мэдээлэл бий. Таны бодлоор зайлшгүй шийдвэрлэх ёстой хамгийн чухал ямар асуудал байна вэ?” гэж асуусан юм. Бид бүтээн байгуулалт болон хөгжлийн төслүүдийг хэрэгжүүлж, сайтар нутагшуулах зорилготой. Энэ бол Нараагийн төрсөн нутаг, энд л бид хууль ёсны дагуу ажиллаж, “Бидний оролцоогүйгээр бидний төлөө гэх зүйл үгүй” гэсэн орон нутаг, нийгмийн хөгжлийн тарнийг чиглэл болгох боломжтой цор ганц газар шиг санагдаж байсан.

Хог хаягдлын асуудал бол шийдвэрлэх ёстой хамгийн чухал асуудал гэж орон нутгийн иргэд хэлсэн юм. Тиймээс л бид хог хаягдлын менежментийн чиглэлээр ажиллаж эхэлсэн. Гэвч орон нутгийн иргэд асуудлаа бидэнд хэлсэн ч биднийг энд ажлаад гурав, дөрвөн жил болж байхад бидний төсөөлсөн шиг оролцоотой байсангүй. Бид тэднийг удирдан чиглүүлж, шийдлийг санал болгож чадна, гэвч тэдний өмнөөс үүнийг хийж чадахгүй.

Улсын хэмжээнд тулгамдаж буй өөр нэгэн асуудал бол хэдийгээр иргэдийн оролцоо сайжирч, тэд хог хаягдлаа ангилан ялгасан ч хог хаягдлын менежментийн систем нь хог хаягдлыг зохих ёсоор нь зохицуулах арга замаар загварчлагдаагүй явдал юм. Их хэмжээний хог хаягдалтай ч түүнийг зохицуулах шийдэл байхгүй. Энэхүү асуудалд хог хаягдал дахин боловсруулах явдал ч багтана.

Танай суманд хог хаягдлын тогтвортой менежменттэй холбоотой ямар асуудлууд байна вэ? Эдгээр асуудлыг хэрхэн шийдвэрлэж байна вэ?

Ер нь хүмүүс яваандаа хог хаягдлаа ангилдаг болно гэдэгт би итгэдэг. Учир нь хог хаягдал ангилан ялгах нь тийм ч хэцүү зүйл биш.

Хамгийн гол асуудал нь нэгэнт хүмүүс хог хаягдлаа ангилаад эхлэнгүүт тэр их ангилсан хогыг зохистой зохицуулах, тогтвортой байдалд чухал нөлөө үзүүлэх сайн шийдлүүд алга. Жишээлбэл, хүмүүс шилээ цэвэрхэн ашиглаж, ангилаж ялгаад, шилээ буцааж авна гэсэн байгууллагуудад тушаах гэтэл тухайн байгууллагууд нь багахан зурагдсан, элэгдсэн гэх шалтгаанаар авахаас татгалздаг. Хог хаягдлыг ангилан ялгах практик эрчимжиж буйтай зэрэгцэн иймэрхүү асуудлууд нь улам нийтлэг болж байна.

60951413_2940165775995375_7151959977723166720_n

Дахин боловсруулах үйлдвэрүүд хог хаягдлын асуудлыг хэрхэн шийдэж байна вэ?

Хэрэв бид үүнийг Эко сумын түвшнээс илүү өргөн хүрээнд авч үзвэл маш олон хүмүүс, засаг захиргааны нэгжүүд, сумууд  хог хаягдал ангилан ялгах явдлыг нэмэгдүүлэн сайжруулахын тулд хичээн ажиллаж байна. Үүнийгээ дагаад ангилсан хог хаягдлуудын нийлүүлэлт хог хаягдал дахин боловсруулах үйлдвэрүүдэд ихсэх болсон. Ингэснээр хог хаягдал дахин боловсруулах үйлдвэрүүд хогондоо буюу давхиртаа дарагдаж байна. Ангилсан хог их хэмжээгээр ирэх тусам тэд дахивар авах үнэ ханшаа бууруулж эсвэл зүгээр л дахивар аваа зогсоож байна. Энэ бол практикт тулгамдаж буй маш том асуудал. Тийм учраас би хүмүүсийн бодол, зуршлыг өөрчлөхөөс илүүтэй хог хаягдлыг зохицуулах сувгууд дээр илүү анхаарлаа хандуулах ёстой гэж үзэж байгаа юм. Ингэхэд мэдээж цаг хугацаа, хүчин зүтгэл их орно, гэхдээ л эцсийн дүндээ үр дүнтэй байх болно.

Монгол улсад хог хаягдлын менежментийн чиглэлээр ажиллах сонирхолтой хүмүүс ямар нэгэн онцгой боломж бий юу?

Сумын хэмжээнд өөрчлөлтийг бий болгох систем, төсөл хэрэгжүүлэхэд үнэхээр амархан. Тэр утгаараа ч энд амьдарч буй хэдхэн мянган хүн байна уу, тэнд амьдарч буй таван мянган хүн байна уу хамаагүй, хог хаягдлын систем бий болгож, зохион байгуулах нь хамаагүй хялбар. Монгол улс нь хүн амын тоо хэмжээгээрээ бага учир энэ төрлийн дэвшилтэд, эрс шийдлийг хэрэгжүүлэх тэргүүн эгнээнд байж чадна, байх ч ёстой гэж бодож байна.  

Монгол улсад хог хаягдлын менежментийг сайжруулахын тулд юу хийх ёстой вэ? Хог хаягдал дахин боловсруулах төвүүдэд нийлүүлэгдэх дахиврын хэмжээг нэмэгдүүлэх үү, эсвэл дахиврыг дахин боловсруулан бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадлаа нэмэгдүүлэх хэрэгтэй юу?

Энэ хоёр хоёулаа бие биеэ эсэргүүцнэ гэж би хувьдаа бодохгүй байна. Их хэмжээний дахивраа хог хаягдал боловсруулах үйлдвэрүүдэд тушааснаар илүү их хог хаягдал дахин боловсруулагдаж, илүү их дахин боловсруулагдсан бараа бүтээгдэхүүн бий болно. Монгол улсад юуг ч анхны зориулалтаар нь дахин ашиглах хэмжээнд буюу жинхэнэ утгаар нь дахин боловсруулалт хийдэггүй, үсрээд л даунсайклинг (downcycling) буюу чанарын хувьд бага шаардлагатай өөр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх байдлаар дахин боловсруулалт хийдэг нь асуудал юм. Энэ бол нарийн ширийн зүйл биш, энэ бол том асуудал юм. Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл тухайн бараа бүтээгдэхүүнийг хогны цэгт хаягдах хугацааг л хойшлуулж байгаа болохоос биш хог хаягдлын асуудлыг шийдэж байна гэсэн үг биш юм.

Энэ асуултын хоёр элемент нь асуудлын шийдлийн 10 хувийг л бүрдүүлэх байх, бид цогц асуудлыг шийдэхээс 90 хувь хол байна. Хог хаягдлын менежментийн асуудлыг авч үзэхдээ бидний анхаарлын 90 хувь нь дахин боловсруулах явдал дээр төвлөрдөг. Гэвч бодит байдал дээр бид илүүтэй хог хаягдлаа бууруулах, дахин ашиглахад төвлөрөх хэрэгтэй байна.

Unknown-14

Хог хаягдалтай холбоотойгоор илүү тогтвортой ирээдүйд хувь нэмрээ оруулахын тулд хүмүүсийг хамгийн түрүүнд юу хийгээсэй гэж та уриалмаар байна?

Хог хаягдлын асуудлыг шийдэхэд дан ганц хувь хүний түвшинд шийдэгдэхгүй гэдгийг хүмүүс ойлгоосой гэж хүсэж байна. Учир нь “өөрийгөө өөрчил, та дэлхийг өөрчилж чадна, эсвэл хогоо ангил, ингэснээр хог хаягдлын асуудал шийдэгдэнэ” гэсэн мессеж, мэдээллийг бид байнга авч байна. Энэ бол бодит байдлаас хол зөрүүтэй мэдээлэл юм. Мэдээж бид хувь хүний түвшинд хогоо ангилах хэрэгтэй. Гэвч хогоо ангилах явдал нь хүн бүрд байх л ёстой автомат зуршил байх ёстой болохоос биш эх дэлхийд хийж буй хөрөнгө оруулалт тань биш юм. Та ямар нэгэн хувийн ашиг тус эсвэл ямар нэг өндөр ач холбогдол, шалтгаангүйгээр гудамжинд таарсан хүмүүстэй “сайн уу” гэж мэндэлдэггүй, зүгээр л тэдэнтэй мэндэлсээр байдаг. Хог хаягдал ангилах нь яг л ийм автомат үйлдэл байх ёстой. Хог хаягдал ангилах нь чухал, зөв зүйл тул зүгээр л иргэн хүн бүрийн үүрэг байх ёстой. Нэгэнт та хог хаягдлаа ангилаад, дахин боловсруулаад эхэлсэн бол та хог хаягдлын цогц асуудлын 5 хувийг л шийдэж байна гэсэн үг юм.

Хүмүүс хог хаягдлын асуудал, эдийн засгийн зохион байгуулалт, хог хаягдлыг зүй бусаар зохицуулж буй арга замуудыг цогцоор нь том зургаар нь харж ойлгоосой гэж би хүсэж байна. Маш их хэмжээний хог хаягдал бидний үйлдэл зуршил, хэрэглээний хэв маяг өөрчлөгдсөнөөс үл хамааран бий болсоор байна.

Иймд хог хаягдлын асуудал бол дан ганц хувь хүнээс хамаарсан асуудал биш гэдгийг хүмүүсийг ойлгоосой хэмээн хүсэж байна. Ингэж хэлж буй нь бид хог хаягдлаа ангилах, арчлах шаардлагагүй гэсэн санаа бус юм. Харин хамгийн гол асуудал нь их сонирхол, анхаарал шаардсан ажил юм. Миний бодлоор хог хаягдлын зохимжит системийг бий болгох улс төр, эдийн засаг, нийгмийн хөшүүргийг талаар хүмүүс мэдлэгтэй болж, энэ талаар ярьж эхлэх үед л энэхүү ярилцлага сонирхолтой бас утга учиртай байх болно.

Эко сум ТББ-ын ирээдүйн зорилго юу вэ?

Бид Монголчуудыг юу хийх хэрэгтэйг бас сумын түвшинд юу хийх ёстойг хэлэх гэж энд ирээгүй. Гэвч бид энд амьдарч буй учраас мөн хог хаягдал бидний амьдралд нөлөөлж буйн хувьд бид хог хаягдлын эсрэг хууль ёсны дагуу тэмцэж ажиллаж чадна гэдэгт итгэдэг.

Бид бусад сумдад тулгамдаж буй асуудлыг шийдэхэд зөвлөн туслах, мөн хэрвээ орон нутгийн удирдлагууд биднийг энд хийх зүйлтэй гэж үзэж байвал бид үргэлжлүүлэн ажиллах болно. Хэрвээ тэд биднийг энд үргэлжлүүлэн ажиллуулж, биднээс тусламж дэмжлэг хүсвэл бид чадах бүхнээрээ туслах болно. Бид энд юу хийж чадахаас үл хамааран бусад сумдын бусад хүмүүст ч туслахыг хүсэж байна. Энэ нь хүмүүс биднээс юу хийхийг хүсэж байгаагаас үнэхээр хамаарна.

Хэрвээ хүмүүс биднийг сайн шийдэл санал болгоно гэж үзвэл бид тэрхүү хэрэгцээ шаардлагатай байгаа хэн бүхэнд туслах болно. Бид бусад сумуудтай өөрсдийн мэдлэгээ хуваалцаж байгаа хэмээн үзэж байгаа. Энэ нь бид ухаантайдаа эсвэл илүү их зүйл мэддэгтэй бус юм. Харин бид олон улсын идэвхтэн байгууллагуудын хог хаягдалгүй байх шилдэг стратегийг гол дамжуулагч нь гэж өөрсдийгөө харж буй юм. Бид бусад улс оронд амжилттай хэрэгжиж буй хог хаягдалгүй байх шийдлүүдийг олж тодорхойлон улмаар тэдгээрээс суралцах сургамжийг Монголын хөрсөнд нийцүүлэн хэрэгжүүлдэг. Хог хаягдлын менежментийн салбарынхан хог хаягдлын системийг бүхэлд нь авч үзэж, урт хугацаанытөлөвлөгөө гарган ийнхүү ажилладаг гэж би хувьдаа бодохгүй байна.

43281638_2448021245209833_5447305586997723136_n

Таны хувьд Монголын хог хаягдлын тогтвортой менежментийн ирээдүй ямар харагдаж байна вэ?

Өнөөгийн чиг хандлага дээр үндэслээд хэлэхэд дан ганц Монгол улсад ч биш ихэнх улс оронд хог хаягдлын менежментийн ирээдүй сайнгүй харагдаж байна. Учир нь хог хаягдлын менежмент болон шийдлүүдийг харах хоёр арга байна. Бидний арга зам болох тойрог эдийн засаг ба тэг хог хаягдлын системийн төлөө шаргуу ажиллаж байгаа нь одоогийн байдлаар тийм ч шилдэг гаргалгаа биш юм. Улс төр, эдийн засгийн өнөөгийн хүчин чадлын динамик нь капитализмыг жаахан ч болтугай тасалдуулах хэрэглээ, шийдлүүдийг дэмждэг систем тогтолцоог бэхжүүлж байна.

Гэхдээ заримдаа бидний хамгийн зөв гэж бодсон зүйл бүтэлгүйтсэнээр хамгийн зөв, сайн гаргалгаа руу чиглүүлдэг. Үүнийг хийж үзэхээс нааш үр ашигтай гэдгийг нь хэн ч мэдэхгүй. Хэрвээ илүү хялбар, үр дүн багатай шийдэл бүтэлгүйтвэл хамгийн сайн гаргалгаа руу чиглүүлэх хэдий ч түүнд хүрэхэд эхэндээ их хэцүү санагдах болно. Хэрвээ бид илүү их хог хаягдлыг ангилаад, илүү их хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэрт өгөөд байх юм бол өнөөгийн энэ нөхцөл байдал ажиллахгүй байгааг харуулж улмаар илүү хүчтэй, системийн өөрчлөлтийг хийх боломж руу чиглүүлж болох юм.

Үүнтэй ижил төрлийн ярилцлага сонирхож байна уу?