COVID-19 цар тахлын нөлөөнд өртсөн эмзэг бүлгийн хүмүүст тусламжийн багц хүлээлгэн өглөө
23. December 2020 Мэдээ, мэдээлэл

COVID-19 цар тахлын нөлөөнд өртсөн эмзэг бүлгийн хүмүүст тусламжийн багц хүлээлгэн өглөө

УЛААНБААТАР, Монгол улс: Европын Холбооны санхүүжилтээр Каритас Чех Репаблик байгууллага нь 64 сая төгрөгийн (18200 eвро) үнэ бүхий хүмүүнлэгийн тусламжийн багцыг Монголын Улаан Загалмайн Нийгэмлэгт өчигдөр буюу 2020 оны 12 сарын 22-нд хүлээлгэн өглөө. Эдгээр тусламжийн бараа бүтээгдэхүүн нь COVID-19 цар тахлаас үүдэлтэй хорио цээрийн дэглэмийн нөлөөнд өртсөн эмзэг бүлгийн 520 айл өрхөд хуваарилагдан очих юм.

Хүмүүнлэгийн тусламжийн энэхүү багцад хүүхэд, гэр бүлд зайлшгүй шаардлагатай хоол тэжээл, эрүүл ахуй, боловсролын хэрэгслүүд багтсан юм. Каритас Чех Репаблик байгууллага нь сүүлийн 10 жилд хог хаягдлын менежментийн төсөл хөтөлбөр хэрэгжүүлж буй тул эдгээр багцыг Улаанбаатар хотын томоохон хогийн цэгүүд дээр хоёрдогч түүхий эд цуглуулан, зарж борлуулан амьдардаг гэр бүлүүдэд түлхүү тараахыг эрмэлзэж буй юм.

kits 1

 Монгол улс дахь нийгмийн эмзэг бүлгийн хүн ам нь COVID-19 цар тахлаас үүдэлтэй хорио цээрийн дэглэм, хязгаарлалтын нөлөөнд өртөж, нэлээдгүй хүнд хэцүү байдалтай байгааг Европын Холбоо нь ойлгон мэдэрч байна. Энэ жил Европын Холбоо нь Монгол улсын эрүүл мэнд, эдийн засаг, нийгмийн халамжийн салбарт нийтдээ 37,5 сая еврогийн буцалтгүй тусламжийг олгосон. Өнөөдөр бид энэ хэцүү цаг үед нугаршгүй тэмцэж буй эмзэг бүлгийн 520 айл өрхөд хүмүүнлэгийн тусламжийн багцыг хүлээлгэн өгч байгаадаа таатай байна” хэмээн Европын Холбооны Монгол дахь Суурин Төлөөлөгч Траян Христеа цохон тэмдэглэлээ.

 Энэ оны эхээр COVID-19 цар тахал дэгдэж эхэлснээс хойш Монгол улс нь түүний эсрэг тууштай тэмцэж байгаа бөгөөд дотооддоо халдвар алдсан хамгийн сүүлийн улс орнуудын нэг болоод байна. Дотооддоо халдвар алдсанаас хойш Монгол Улсын Засгийн Газар нийт хүн амын дунд COVID-19–ийн халдварын шинжилгээг хийж эхлээд байна. Тодорхой хугацаанд бүх нийтийн өндөржүүлсэн бэлэн байдалд шилжин, хорио цээрийн дэглэм буюу хөл хорио тогтоосноос хойш нийгмийн эмзэг бүлгийн хүн амд нийгэм эдийн засгийн асар том нөлөө үзүүлж байна. Иймд Монголын Улаан Загалмайн Нийгэмлэг нь хамтрагч байгууллагуудтай хамтран эдгээр хүмүүст туслах ажилд гар бие оролцож байгаатай таатай байгаа бөгөөд энэхүү тусламж нь цар тахлын сөрөг нөлөөг бууруулахад дэмжлэг болно гэдэгт итгэлтэй байна” хэмээн Монголын Улаан Загалмайн Нийгэмлэгийн Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа дурдсан юм.

Европын Холбоо болон Монгол Улс нь 1989 онд дипломат харилцаа тогтоосон бөгөөд 2017 оны 11 сард Улаанбаатар хотод албан ёсоор Европын Холбооноос Монгол Улсад суугаа Төлөөлөгчийн газраа нээн ажиллуулж байна. Төлөөлөгчийн газар нь Монгол Улс, Европын Холбооны хоорондын албан ёсны харилцааны асуудлыг хариуцдаг бөгөөд ЕХ-той холбоотой аливаа асуудлаар ЕХ-ны гишүүн орнуудын ЭСЯ-тай нягт хамтран ажилладаг төдийгүй хоёр талын эрх бүхий байгууллага, институц хоорондын харилцаа, холбооны гол хэрэгсэл юм.

Каритас Чех Репаблик (КЧР) байгууллагын тухай: КЧР байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгчийн газар нь боловсрол, тогтвортой хөгжил болоод орон нутаг, иргэний нийгмийн хөгжлийг дэмжих замаар олон мянган иргэдийн амьдралыг дээшлүүлэх зорилготой ажилладаг. 2006 оноос тус байгууллага нь сургуулийн өмнөх боловсрол, мэргэжлийн боловсрол, хүний эрх, нийгмийн ажил, амьжиргааг дэмжих, хүмүүнлэгийн тусламж, байгалийн гамшгийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хөдөө аж ахуй, байгаль орчин, хог хаягдал дахин боловсруулах чиглэлээр нийт 15 аймагт 20 гаруй төсөл хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлэн ажиллаж байна.