Барилгын хог хаягдлын менежментийн журам батлагдлаа

Барилгын хог хаягдлын менежментийн журам батлагдлаа

Каритас Чех Репаблик ТББ-ын Барилгын хог хаягдлын менежментийн төслийн үр дүнд "Барилгын хог хаягдлыг цэвэрлэх, цуглуулах, ангилах, тээвэрлэх, дахин боловсруулах, сэргээн ашиглах, устгах, булшлах" журам батлагдлаа. Энэхүү журмын талаарх мэдээлэл Барилгын хөгжлийн төвөөс эрхлэн гаргадаг Барилгын мэдээлэл сэтгүүлд нийтлэгдлээ. Та бүхэнд тус сэтгүүлд нийтлэгдсэн ярилцлагыг бүрэн эхээр нь хүргэж байна.

Каритас Чех Репаблик олон улсын төрийн бус байгууллагын тэргүүн Яна Зилкова

Ерөнхий танилцуулга: Каритас Чех Репаблик олон улсын төрийн бус байгууллагын тэргүүн Яна Зилкова нь олон улсын хөгжил, төслийн менежмент, бодлого тодорхойлолт, судалгааны чиглэлээр 10 гаруй жилийн туршлагатай. Тэрээр Европын болон Азийн улс орнууд болох Чех, Бельги, Герман, Сингапур, Дани, Монгол зэрэг улс орнуудад суралцаж, ажилласан.

  • Юуны түрүүнд сэтгүүлийнхээ уншигч авхай болоод барилгын салбарынхны өмнөөс Барилгын хог хаягдлын тухай журам боловсруулан батлуулсан танд болоод танай төслийн хамт олон, хамтрагч байгууллагуудад талархсанаа илэрхийлье. Та хэдхэн хоногийн өмнө батлуулсан “Барилгын хог хаягдлыг цэвэрлэх, цуглуулах, ангилах, тээвэрлэх, дахин боловсруулах, сэргээн ашиглах, устгах, булшлах журам”-ын талаар товчхон танилцуулаач.

Баярлалаа. Энэхүү ажлыг санхүүжүүлсэн Европын холбоо болоод Чехийн хөгжлийн агентлагт талархсанаа илэрхийлмээр байна. Эдгээр санхүүжүүлэгч байгууллагуудын дэмжлэггүйгээр энэхүү үр дүнд хүрч, барилгын менежментийн төслөө хэрэгжүүлэх боломжгүй юмаа. Түүнчлэн энэхүү төслийг хэрэгжиж эхэлснээс хойш хамтарч ажилласан Монголын хог хаягдлыг дахин боловсруулах үндэсний холбоо, Шинжлэх ухаан технологийн их сургууль (ШУТИС), Нидерланд улсын Дельфтийн технологийг их сургууль, Барилга, хот байгуулалтын яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Улаанбаатар хотын захирагчийн алба болоод төслийн зүгээс хэрэгжүүлсэн сургалт, семинар, уулзалтанд оролцсон төрийн болон төрийн бус байгууллагууд, ЖДҮ эрхлэгчид, хувь хүнд талархсанаа илэрхийлж байна.

Барилгын хог хаягдлын тухай журам нь Хог хаягдлын тухай хуулийн хэрэгжилтэнд хяналт тавих, Монгол улс дахь барилга, байгууламжийн буулгалт, нураалтаас үүссэн хог хаягдлыг багасгах, дахин ашиглах, дахин боловсруулах, устгах, булшлах зэрэг асуудлыг зохицуулахад оршино. Сүүлийн жилүүдэд барилгын салбар эрчимтэй хөгжихийн хэрээр барилга байгууламжийн буулгалт, нураалтаас үүссэн хог хаягдлын зохисгүй, хяналтгүй ил задгай хаях явдал ихэссэн. Монгол улс дахь нийт хог хаягдлын 20-25% - ийг барилгын буулгалтаас үүссэн хатуу хог хаягдал эзэлж байна. Тиймээс Барилгын хог хаягдлын журам нь барилгын нураалтаас үүссэн хог хаягдалтай холбоотой асуудлыг зохицуулах, хүний эрүүл мэнд болоод байгаль орчинд сөргөөр нөлөөлөх нөлөөллийг багасгах, тойрог эдийн засгийг бэхжүүлэх, хог хаягдлыг дахин ашиглах, дахин боловсруулсан бүтээгдэхүүний хэрэглээг дэмжих, хог хаягдлын менежментийг сайжруулах зорилготой юм.

  • Энэхүү журмыг хэрэгжүүлснээр ямар үр дүнд хүрнэ гэж үзэж байна вэ?

Монгол улс дахь барилгын салбар болоод барилгын буулгалт, нураалт, хог хаягдлын салбарынханд энэхүү журам нь асар их ач тустай. Журмыг хэрэгжүүлснээр барилгын буулгалт нураалтаас үүссэн хог хаягдлыг ангилан, хог хаягдлыг багасгах, дахин боловсруулах шинэ арга технологи нэвтрэх боломж бий болж, салбарын ажилчдын энэ талаарх мэдлэг ойлголт сайжирна. Барилгын буулгалтаас үүссэн хог хаягдлыг дахин боловсруулагдах төрлөөр нь пластик, цаас, мод зэргээр нь зохих журмын ангилагдана. Улмаар хог хаягдлыг тээвэрлэх асуудал цэгцэрч, барилгын компаниудыг хог хаягдлаа дахин ашиглах, дахин боловсруулахад нь дэмжлэг болно. Түүнчлэн энэхүү журмаар барилгын буулгалт, нураалтаас үүссэн хог хаягдалд хэн хариуцлага хүлээх, мөн зохих хууль журмын дагуу хог хаягдлыг булшлаагүй тохиолдолд юу болох зэрэг асуудлыг зохицуулна.

  • Монгол улсын барилгын салбарын нөөцийн үр ашигтай байдал, цэвэр үйлдвэрлэлийг дэмжих” төсөл буюу та бүхний хэрэгжүүлж буй төслийн өөр бусад гол үр дүн юу вэ?

Энэхүү төсөл хөтөлбөр тавьсан зорилгынхоо ихэнхэд хүрчихээд байна. Түүнчлэн бид тавьсан зарим нэг зорилтоо давуулан биелүүлсэн гэж би шударгаар хэлж чадна. Ялангуяа барилгын салбар дахь мэргэжилтэн бэлтгэх, олон нийтийн ойлголт мэдлэгийг дээшлүүлэх ажил зэрэг үүнд багтана. Барилгын буулгалт, нураалтаас үүссэн хог хаягдлын менежментийн сургалтанд барилгын салбарын нийт 400 гаруй мэргэжилтэнг хамруулсан бөгөөд барилгын хог хаягдлыг дахин боловсруулж гарган авсан бүтээгдэхүүний талаарх медиа компанит ажил маань олон мянган хүнд хүрч, энэ талаарх тэдний ойлголт мэдлэгийг сайжруулсан. Төслийн хамтрагч байгууллагуудтай хамтран Барилгын хог хаягдлын менежментийн тухай шинээр хичээл боловсруулан ШУТИС-ын сургалтын хөтөлбөрт тусгахаар ажиллаж байгаа бөгөөд барилгын хог хаягдлын менежментийн тухай гарын авлага, судалгааг (Барилгын хог хаягдлын менежментийн өнөөгийн байдлын суурь судалгаа, Сургалтын гарын авлага, Барилгын хог хаягдлыг дахин боловсруулж гарган авсан шинэ бүтээгдэхүүний судалгааны тайлан, Барилгын хог хаягдлыг дахин боловсруулсан шинэ бүтээгдэхүүний эдийн засгийн үндэслэл судалгаа, МУ-д мөрдөгдөж буй хог хаягдлын тухай хуулийн хэрэгжилтийн тайлан) боловсруулан, хэвлүүлэн олон нийтийн хүртээл болгосон. Түүнчлэн ШУТИС – ын Барилга Архитектурын сургуулийн судалгааны баг, хамт олон барилгын хог хаягдлыг дахин боловсруулан гарган авсан бүтээгдэхүүн нь Монгол улс дахь Барилгын хог хаягдалд суурилсан хамгийн анхны бүтээгдэхүүн болоод байна. Одоогоор бид энэхүү бүтээгдэхүүн, туршилтын ажлын стандартыг бид батлуулахаар ажиллаж байна.

  • Каритас Чех Репаблик байгууллагын цаашдын төлөвлөгөөний талаар хуваалцаач?

Каритас Чех Репаблик байгууллага нь тойрог эдийн засгийн хүрээнд хүрсэн ажлаа батжуулан ажиллахаас гадна байгаль орчин, хог хаягдлын менежмент, дахин боловсруулах чиглэлээр үйл ажиллагаагаа явуулна. Бид тун удахгүй 3R буюу багасгах, дахин ашиглах, дахин боловсруулах зарчмын талаар олон нийтийн ойлголт мэдлэгийг сайжруулах замаар Монгол хүмүүсийн зан байдал, хандлагад нөлөөлөн,  хуванцар хог хаягдлыг тогтвортойгоор дахин боловсруулах, дахин ашиглах, дахин боловсруулагдсан бүтээгдэхүүний хэрэглээг дэмжих зорилго бүхий шинэ төсөл хэрэгжүүлж эхлэх гэж байна. Тодруулбал,  энэхүү төсөл хөтөлбөр нь хуванцар хог хаягдал дахин боловсруулдаг ЖДҮ эрхлэгчдэд хуванцар хог хаягдлыг цуглуулах, ангилан ялгах үр дүнтэй аргаа техник технологитой болгох улмаар тэдний үйлчлүүлэгчийн тоог нэмж, төслийн хамрах хүрээг нэмэх нөхцөл бүрдүүлэх зэргээр ажиллана. Эдгээр ажлууд нь хот (Улаанбаатар), аймаг (Булган аймаг), сум (Хишиг-Өндөр сум) гэсэн 3 өөр нэгжид хэрэгжинэ.

Түүнчлэн, Каритас Чех Репаблик байгууллага нь Монгол улсын хөгжлийг дэмжих үүднээс чадавхи бэхжүүлэх, сүлжээ бий болгох, өмгөөлөл, судалгааны арга замаар залуусын төлөө ажилладаг иргэний нийгмийн байгууллагуудыг чадавхижуулах зорилго бүхий “Бүгд залуусын төлөө, Залуус бүгдийн төлөө” төсөл хөтөлбөрийг шинээр хэрэгжүүлж эхлээд байна. Тус төсөл нь залуусын сайн дурын ажлыг нэмэгдүүлэх, иргэний нийгмийн оролцоог сайжруулах, залуусын хөдөлмөр эрхлэлтийг дэмжин, тэднийг хөгжүүлэх үүднээс залуусын төлөөх ТББ-уудыг чадавхижуулахыг зорьж байна. Дээрх хоёр төсөл нь мөн Европын холбооны санхүүжилттэйгээр хэрэгжиж байна. Бид цаашдаа илүү олон нийгмийн асуудлыг шийдсэн шинэ төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхийн төлөө ажиллаж байна.  

Барилга, хот байгуулалтын яамны ахлах мэргэжилтэн, ахлах шинжээч А.Энхтүвшин

IMG_1115

Ерөнхий танилцуулга: А.Энхтүвшин нь Барилгын инженер мэргэжилтэй бөгөөд 2004-2008 онд Барилга, хот байгуулалтын яамны Барилга, орон сууц, нийтийн аж ахуйн бодлого, зохицуулалтын газарт Барилгын материалын үйлдвэрлэлийн асуудал хариуцсан мэргэжилтнээр ажиллаж, 2008-2012 онд Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын яаманд, 2012 оноос өнөөг хүртэл Барилга хот байгуулалтын яаманд мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн, ахлах шинжээчээр томилогдон ажиллаж байна.

  • Монгол улсын барилгын салбарын нөөцийн үр ашигтай байдал, цэвэр үйлдвэрлэлийг дэмжих төслийн хүрээнд “Барилгын хог хаягдлыг цэвэрлэх, цуглуулах, ангилах, тээвэрлэх, дахин боловсруулах, сэргээн ашиглах, устгах, булшлах журам батлагдлаа. Энэхүү журмыг батлах гол хэрэгцээ, шаардлага нь юу байсан бэ?

Барилга угсралт, засварын ажил, барилга буулгалтаас мод, тоосго, бетон, шил, төмөр, хуванцар хоолой, цахилгааны утас гэх мэт олон төрлийн хог хаягдал гардаг. Барилга угсралт болон буулгалтын ажлын ихэнхийг жижиг, дунд барилгын гүйцэтгэгч компаниуд эсвэл туслан гүйцэтгэгч нар хийдэг. Хог хаягдлын тогтвортой менежмент, байгаль орчны хяналт сул, техник тоног төхөөрөмжийн чадал, бололцоо муу байгаагаас барилгын хог хаягдал хүрээлэн байгаа орчиндоо сөрөг нөлөөлөл үзүүлсээр байна.

Мөн ашиглалтын хугацаа дууссан барилгыг буулгах, барилгын хог хаягдлыг дахин ашиглах, дахин боловсруулах тухай эрхзүйн зохицуулалт байхгүй байсан тул Барилгын хог хаягдлыг цэвэрлэх, цуглуулах, ангилах, тээвэрлэх, дахин боловсруулах, сэргээн ашиглах, устгах, булшлах журам-ыг боловсруулан Барилга, хот байгуулалтын сайдын 2020 оны 48 дугаар тушаалаар баталсан. Энэхүү журмаар барилгын хог хаягдлыг үүсгэгч иргэн, хуулийн этгээд болон хог хаягдал цуглуулах, ангилах, цэвэрлэх, хадгалах, тээвэрлэх, дахин боловсруулах, сэргээн ашиглах, устгах, булшлах эрх бүхий аж ахуйн нэгж, байгууллагын хүлээх үүрэг хариуцлагыг тодорхойлсон байгаа.

  • Тус журмыг хэрэгжүүлснээр цаашид ямар ач холбогдолтой гэж үзэж байна вэ?

Энэ журмыг хэрэгжүүлэн ажилласнаар барилгын хог хаягдлын асуудал цэгцэрнэ. Төвлөрсөн хогийн цэгийг түшиглэн барилгын хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэрүүдийг кластер хэлбэрээр байгуулах талаар холбогдох төрийн бус байгууллага, хувийн хэвшлүүдээс гарсан санал, санаачлаг байгаа.  Европын сэргээн босголт, хөгжлийн банкны зээлээр Морингийн давааны төвлөрсөн хогийн цэгт барилгын хог хаягдал буталж, ангилах үйлдвэр, энгийн хог хаягдал дарж булах ландфилын байгууламж барих төслийг Нийслэлийн ЗДТГ-аас хэрэгжүүлж 2021 онд ашиглалтанд оруулахаар төлөвлөж байна.

Эдгээр ажлын хэрэгжилт жигдрээд ирэхээр барилгаас гарч буй хаягдал нь хог хаягдал бус үйлдвэрийн чухал түүхий эд болох нөхцөл бүрдэнэ гэж харж байна.

  • Барилга хот байгуулалтын яамны зүгээс Барилгын хог хаягдлын тухай энэхүү журмын хэрэгжилтэнд цаашид хэрхэн хяналт тавьж ажиллах вэ?

Салбарын яамны хувьд Хог хаягдлын тухай хуулиар олгосон чиг үүргийн дагуу энэхүү журмыг боловсруулан батлуулсан. Журмыг сурталчилж, Монгол Улсын хэмжээнд хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, хяналт тавих үүрэгтэй. Мөн Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн А/428 дугаар тушаалын хавсралтаар баталсан “Хог хаягдлын улсын мэдээллийн нэгдсэн сангийн тогтолцоо, бүрдэл болон мэдээлэл төвлөрүүлэх журам”-ын дагуу бүрдүүлсэн барилгын хог хаягдлын мэдээ, тайланг “Барилгын салбарын нэгдсэн мэдээллийн сан”-д байршуулах үүргийг Барилгын хөгжлийн төв хүлээж байна.

Хог хаягдлын тухай хуулинд орон нутгийн захиргааны байгууллага болон мэргэжлийн хяналтын байгууллагын чиг үүргийг тодорхойлсон байгаа. Барилгын хог хаягдлын хувьд ч эдгээр байгууллага хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлэн хяналт тавьж ажиллана. Харин барилгын хог хаягдал үүсгэгч нь ямар үүрэг хүлээж, ямар арга хэмжээ авах талаар уг журамд зохицуулалт нь байгаа.

  • Монгол дахь барилгын хог хаягдлын өнөөгийн менежментийг та юу гэж дүгнэх вэ?

Барилга, хот байгуулалтын сайдын 2018 оны 09 дүгээр тушаалаар “Барилгын төсөв зохиох дүрэм” /БНбД 81-95-12/-д барилгын 1 м2 талбайд ногдох барилгын дахин хэрэглэгдэхгүй хог хаягдлын нормативыг шинэчлэн баталсан. Барилгыг шинээр барих, өргөтгөх, шинэчлэл хийх, засварлах, тоноглол хийх, буулгахад үүсэх хог хаягдлын хэмжээ ямар байхыг тус тус тооцож норматив хэмжээг нэмэлт, өөрчлөлтөөр тогтоосон. Мөн тус дүрэмд барилгын 1 м3 хог хаягдлын жинг 1300 кг байхаар тооцсон. Улаанбаатар хотын хэмжээнд ашиглалтын хугацаа дуусч буулгах шаардлагатай барилгын тоо хэмжээ гарсан байгаа. Иймээс тэдгээр барилгаас үүсэх хог хаягдлын хэмжээг дээрх хог хаягдлын норматив хэмжээгээр хийцээс нь шалтгаалан тооцож төлөвлөгөө гарган ажиллах боломжтой.

Procedure infographic 20200810-page-001