Эдийн засгийн  ногоон шилжилт
3. 11 дүгээр сар 2022 Хэрэгжиж буй төсөл

Эдийн засгийн ногоон шилжилт

Хөдөө аж ахуйн хүнс, ундааны салбар нь байгаль орчинд томоохон нөлөө үзүүлэгч салбаруудын нэг тул Европын холбооны Ногоон хэлцлийн гол “Тариаланчаас таны ширээнд” стратегийн нөөцийн хэмнэлттэй арга барилыг нэвтрүүлэх нь Монголын нүүрстөрөгч багатай тойрог эдийн засагт шилжих, ядуурлыг бууруулах ажлыг хурдасгах ач холбогдолтой. Иймд Эдийн засгийн ногоон шилжилт төсөл хэрэгжиж байна.

“Эдийн засгийн ногоон шилжилт” төсөл нь Монгол Улсад хөдөө аж ахуйн хүнс, ундааны салбарт хэрэгжиж буй Европын холбооны анхны Свитч Эйшиа хөтөлбөр юм. Монгол Улсын Засгийн газрын 2030 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг 22.7%-иар бууруулах үндэсний стратегийг дэмжих энэхүү төсөл нь хөдөө аж ахуйн хүнс, ундааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бичил, жижиг дунд бизнес эрхлэгчид, хөдөө аж ахуйн хүнс, ундааны бизнесийн холбоод (БХ), жижиглэн худалдаа эрхлэгчдийг зах зээлд суурилсан эко шошгожилтын систем, чадавхжуулалт, зан үйлийн өөрчлөлт, ногоон санхүүжилтийн хүртээмжээр дамжуулан тойрог эдийн засгийн хэрэглээнд нэвтрэхэд нь дэмжлэг үзүүлэх зорилготой юм. Уг төслийг Пипл ин Нийд (ПИН), Монголын Тогтвортой Санхүүгийн Холбоо (ТоС), Хөгжлийн Шийдэл болон Каритас Чех Репаблик ТББ-ууд хамтран хэрэгжүүлж байна.

Төслийн ерөнхий зорилго нь нүүрстөрөгчийн ялгарал багатай, нөөцийг үр ашигтай зарцуулдаг тойрог эдийн засагт аажмаар шилжин, ядуурлыг хурдацтай бууруулахад Монгол улсад дэмжлэг үзүүлэх явдал юм.

Төслийн зорилт нь зах зээлийн зарчимд суурилсан ногоон баталгаажуулалт, эко шошгожуулалтын системийг Монгол Улсын хөдөө аж ахуйн хүнс, ус ундааны салбарын БЖДҮ, жижиглэн худалдаа эрхлэгч нарын үйлдвэрлэл, үйл ажиллагаанд нэвтрүүлэн, тэднийг тогтсон дадал, зан төлөвөө өөрчлөн чадавхжих мэдлэг, сургалтаар ханган ногоон санхүүжилтийн эх үүсвэртэй болгох замаар тойрог эдийн засагт шилжихэд нь дэмжлэг үзүүлнэ.

Нийт төсөв: 2.200.000 евро (Европын Холбооноос 80%)

Төслийн үргэлжлэх хугацаа: 2022 оны 1 сар –  2025 оны 12 сар

Төслийн зорилтод байршил: Улаанбаатар, Эрдэнэт хот болон Сэлэнгэ аймаг

Үйл ажиллагааны үндсэн чиглэлүүд:

1. Хөдөө аж ахуйн хүнс, ундааны салбарын хууль эрх зүй, бодлогын орчинг сайжруулахад нөлөөлж ногоон баталгаажуулалт, эко шошгожуулалтын стандартууд нутагших суурь нөхцөлийг бүрдүүлнэ.

  • Монгол Улсад эко шошгожилтын стандарт, бодлогыг шинэчлэх үндэслэлийг бэлтгэхийн тулд одоо байгаа эко шошгожилтын схемийн талаар нарийвчилсан судалгаа эмхэтгэх.
  • Үндэсний өндөр түвшний хэлэлцүүлгүүд зохион байгуулж, эко шошгожуулалтын үр ашгийн талаар гол оролцогч талуудад мэдээлэх; Зорилтот бүлгүүдэд эко шошгожилтын схемийг илүү хүртээмжтэй, хялбар болгох үүднээс бодлогын зөвлөмж хүргүүлэх.
  • Эко жижиглэн худалдаа эрхлэгчид/БЖДҮ-д болон эко бүтээгдэхүүнд зориулагдсан хоёр стандарт үйл ажиллагааны журам (СҮАЖ) боловсруулах. Эко шошгоны стандартууд болон СҮАЖ-ийн талаар иж бүрэн зааварчилгааг олгох.

2. Хөдөө аж ахуй, хүнс, ундааны салбарын БЖДҮ, жижиглэн худалдаа эрхлэгчдэд өртгийн ногоон сүлжээ бүхий тойрог эдийн засгийн мэдлэг, чадвар, туршлагатай болсноор өөрийн бараа үйлчилгээг баталгаажуулах, эко шошго авах боломжтой болно.

  • Эко шошго, тойрог эдийн засгийн хэрэгжилтийн (эрчим хүч, ус, нөөцийн хэмнэлт, тээврийн хэрэглээ, сав баглаа боодлын хэрэглээ, хүнсний хог хаягдал гэх мэт) талаарх ойлголт, чадавхын өнөөгийн түвшинд үнэлгээ хийх.
  • Эко шошгожилтын стандартад тулгуурлан байгаль орчин, ногоон бизнесийн сэдвүүдийг тусгасан сургалтын хөтөлбөр, гарын авлага боловсруулах.
  • 1500 БЖДҮ, 300 жижиглэн худалдаа эрхлэгчдэд техникийн туслалцаа үзүүлж, 450 БЖДҮ, 150 жижиглэн худалдаа эрхлэгчдэд шууд зөвлөх үйлчилгээ үзүүлнэ.
  • 20 БЖДҮ эрхлэгчдэд зориулсан ганцаарчилсан зөвлөгөө өгөх; БЖДҮ-ийн эко шошго авах үйл явцын талаарх жишээ судалгааг түгээх.
  • 10 ЖДҮ-ийг ногоон санхүүжилт авахад нь дэмжлэг үзүүлэх;
  • Европын Холбоонд 1 удаа, Монгол Улсад 3 удаа мэдлэг солилцох айлчлал зохион байгуулах.

3. БЖДҮ болон жижиглэн худалдаа эрхлэгчид ногоон баталгаажуулалт, эко шошго авахад туслах цахим платформ хөгжүүлж, баталгаажуулах үйлчилгээг үзүүлнэ.

  • Одоо байгаа ногоон баталгаажуулалтын платформ дээр ТЭЗҮ хийх.
  • Онлайн ногоон баталгаажуулалтын шинэ платформыг харгалзах бизнес төлөвлөгөөтэй нь хөгжүүлэх.
  • 60-70 тойрог бизнесийн аудитор буюу хянан баталгаажуулагч сонгон сургах; амжилттай төгсөгчдийг ТоС-ын эко шошгожилтын багт нэгдэх санал дэвшүүлэх.

4. Ногоон баталгаажуулалт, эко шошгыг одоогийн цахим төлбөрийн болон урамшууллын системүүдтэй холбоно.

  • Санхүүгийн байгууллагуудад зориулсан ногоон шошгожилтын удирдамж гаргаж, үнэнч хэрэглэгчийн платформуудыг эко шошгожилтын СҮАЖ-уудтай нэгтгэх. Ногоон шошгоны функцийг одоо байгаа төлбөрийн платформуудад нэгтгэх.
  • Ногоон гүйлгээг хянах, тайлагнах мониторинг, үнэлгээ, тайлангийн загварыг боловсруулах.
  • Олон нийтийн хоёр арга хэмжээ, үйл явдлыг онцолсон нэг мультимедиа багц зэрэг сурталчилгааны арга хэмжээ зохион байгуулж, мэдээлэл түгээх.

5. Зан дадлын өөрчлөлтийг нэвтрүүлэх зорилготой ногоон баталгаажуулалт, эко шошгыг сурталчлах аян явуулна

  • Хэрэглэгчдийн эко шошготой холбоотой сонголт, тэднийг ногоон бүтээгдэхүүн худалдан авахад түлхэц болох хүчин зүйлсийг; мөн БЖДҮ болон жижиглэн худалдаа эрхлэгчдэд байгаль орчны стандартыг үйлдвэрлэлийн үе шатанд нэгтгэх, эко шошгыг нэвтрүүлэхэд саад болж буй гол бэрхшээл, идэвхжүүлэгчдийг судлах зорилгоор Нийгмийн зан үйлийн өөрчлөлтийн судалгааг боловсруулж, нийтлэх.
  • Зан төлөвийг өөрчлөх томоохон кампанит ажил зохион байгуулж, ногоон гэрчилгээ, эко шошгожилтыг сурталчлах, зорилтот бүлгүүдийн мэдлэг мэдээллийг нэмэгдүүлэх.

Эцсийн зорилго, үр дүн:

  • Нийт ард иргэд байгаль орчны бохирдол багатай нийгэмд амьдрах.
  • Ногоон эдийн засагт шилжих шилжилтээс үүдэлтэй бизнесийн боломжийг сайжруулах.
  • Хэрэглэгчдэд ногоон бүтээгдэхүүний сонголтыг нэмэгдүүлэх.
  • Цэвэр үйлдвэрлэлээс үүдэлтэй нийгмийн үр өгөөжийн талаарх ойлголтыг нэмэгдүүлэх.
  • Бусад салбарын БЖДҮ/ жижиглэн худалдаа эрхлэгчид хүнс, ундааны салбарын эко шошго, тойрог эдийн засгийн хэрэгжилтийн үр өгөөжөөс хүртэх, сурсан сургамжийг давтан ашиглах.
  • Ногоон үйлдвэрлэлд туслах үйлчилгээний олон төрөл нэмэгдэх.