Бүгд залуусын төлөө, Залуус бүгдийн төлөө

Бүгд залуусын төлөө, Залуус бүгдийн төлөө

Монгол улс бол залуусын өлгий нутаг юм. Улс эх орны томоохон төлөөлөл болох 15-34 насны залуус хүн амын 34,9 хувийг эзэлж байна. Тэд улс орны хөгжилд хэрхэн нэгдэж, хэр хариуцлагатай, үр бүтээлтэй иргэн болж төлөвших нь улс орны ирээдүйг тодорхойлох юм.     Залууст хэмжээлшгүй боломж бий ч үүнийгээ дагаад тогтвортой ажил эрхлэх, чанартай боловсрол эзэмших, нийгмийн үйл ажиллагаанд оролцож дуу хоолойгоо хүргэх зэрэгт нэлээдгүй асуудалтай тулгардаг. Тиймээс бид залуучуудын нийгмийн оролцоог дэмжин, хөгжүүлэх үүднээс төрийн бодлого болоод орон нутгийн эдийн засгийг олон нийтэд нээлттэй ил тод болгох, залуусын нийгмийн идэвхийг өдөөх шинэлэг хөтөлбөр, санаа санаачлагыг хэрэгжүүлэх замаар тэдний төлөө ажилладаг төрийн бус байгууллага болоод иргэний нийгмийн байгууллагуудыг чадавхижуулан ажиллаж байна. Түүнээс гадна бид залуусыг ажлын байранд гарахад шаардагдах сургалт, сайн дурын болон ментор хөтөлбөрийг зохион байгуулж байна. 

Энэхүү төслийн ерөнхий зорилго нь залуучуудын хөгжил, оролцооны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ТББ-ын чадавхийг бэхжүүлэн, хамтын ажиллагааны сүлжээ үүсгэн, судалгаа, нөлөөлөл хийх замаар Монгол улсын засаглал, хөгжлийн явцад хувь нэмэр оруулах чадвартай залуучуудын иргэний нийгмийг бэхжүүлэхэд оршино.

Залуучуудад илүү санаачилга, оролцоотой байж, нийгмийн хөгжилд хувь нэмрээ оруулахад  шаардлагатай мэдлэг, ур чадвар, эрх мэдлийг нэмэгдүүлэх замаар Төрийн бус байгууллагуудын чадавхийг сайжруулах явдал нь төслийн зорилт юм. Түүнчлэн (i) залуучуудыг дэмжин, хөгжүүлэх үүднээс ТББ – уудын чадавхийг сайжруулах, (ii) залуучуудын ажилгүйдлийг багасгах, (iii) залуучуудын оролцоог дэмжих, (iv) залуучуудыг сайн дурын ажилд оролцуулах зорилтыг дэвшүүлэн ажиллаж байна.

Нийт санхүүжилт (EUR):1 сая

Европын холбооноос олгосон санхүүжилт (EUR): 1 сая

Төсөл хэрэгжих хугацаа: 2020 оны 1 сар –  2023 оны 12 сар

Хэрэгжүүлэгч байгууллагууд: Каритас Чех Репаблик ОУ-ын ТББ, Иргэний боловсролын төв, Монголын Залуучуудын Эвсэл

Үйл ажиллагааны үндсэн чиглэл:

ТББ – ыг чадавхжуулах

  • Залуучуудад чиглэсэн үйл ажиллагаа явуулж буй ТББ-д сургалт зохион байгуулах
  • ТББ-ийн хамтын ажиллагааны сүлжээг бий болгох
  • Харилцан туршлага солилцох арга хэмжээ зохион байгуулах

Залуучуудын ажилгүйдлийг багасгах

  • Зөвлөн зааварчлах хөтөлбөр зохион байгуулах
  • Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх Европын сайн туршлагыг судлах аялал зохион байгуулах
  • Төрийн болон төрийн бус байгууллагын сүлжээ үүсгэн ажилгүйдлийг багасгахад чиглэсэн үйл ажиллагаа зохион байгуулах

Залуучуудын  оролцоог нэмэгдүүлэх

  • Сонгуульд идэвхтэй оролцохыг уриалсан кампанит ажил зохион байгуулах
  • Орон нутгийн бодлого боловсруулагч, шийдвэр гаргагчидтай залуучуудын асуудлаар бодлого тодорхойлох зөвлөлдөх уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулах
  • Залуучуудын бодит оролцооны тухай амжилттай түүх, туршлагыг хуваалцах, сурталчлах

Залуучуудыг сайн дурын ажилд оролцуулах

  • Сайн дурын ажлын хөтөлбөр бий болгох
  • Төслийн үйл ажиллагаанд сайн дурын ажилтнуудыг чиглүүлэн оролцуулах
  • Сайн дурын ажилтанг чиглүүлэн оролцуулах сургалтыг ТББ-дад зохион байгуулах