ШУТИС-д барилгын хог хаягдал дахин боловсруулах  тоног төхөөрөмж хүлээлгэн өглөө
20. 1 дүгээр сар 2020 Хэвлэлийн мэдээ

ШУТИС-д барилгын хог хаягдал дахин боловсруулах тоног төхөөрөмж хүлээлгэн өглөө

2019 оны 5-р сарын 30-нд Шинжлэх ухаан технологийн их сургууль (ШУТИС) –ийн дэргэдэх “Барилгын хог хаягдлыг дахин боловсруулах лаборатори”-ийг шинэчлэн засварлаж ашиглалтанд оруулах, тоног төхөөрөмж хүлээлгэн өгөх нээлтийн ажиллагаа боллоо. Европын холбоо болон Чехийн хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр хэрэгжиж буй “Монгол улсын барилгын салбарын нөөцийн үр ашигтай байдал, цэвэр үйлдвэрлэлийг дэмжих төсөл”-ийн санхүүжилттэйгээр тус лабораторийг шинэчилж, шинэ тоног төхөөрөмжийг гардуулсан юм. Нээлтийн ажиллагааг ШУТИС – ийн захирал, профессор Б.Очирбат, ШУТИС-ийн Барилга архитектурийн сургуулийн захирал Э.Нинжгарав, Каритас Чех Репаблик (КЧР) Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын тэргүүн Яна Жилкова, Европын холбооны Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын Хамтын ажиллагааны хэлтсийн тэргүүн Пьер-Ив Люка нар нээсэн юм.

Тус салбарын мэргэжилтнүүд ухаалаг технологийг нэвтрүүлж, хатуу хог хаягдал, чулуу, металл, органик түүхий эдийг дахин боловсруулах нь экологийн тэнцвэрт байдлыг хамгаалахад чухал үүрэг гүйцэтгэнэ гэж онцлон тэмдэглэж байлаа. “Барилгын буулгалт, нураалтаас үүссэн хатуу хог хаягдал нь байгаль орчинд асар их сөрөг нөлөөтэй байдаг. Тиймээс түүнийг дахин боловсруулснаар асуудлаас гарах маш сайн арга гэж бид үзэж байна” хэмээн Европын холбооны Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын Хамтын ажиллагааны хэлтсийн тэргүүн Пьер-Ив Люка хуваалцлаа.

Энэхүү лабораторийн шинэчлэл, тоног төхөөрөмжийн суурилуулалт нь барилгын салбарын  багш, эрдэмтэд болоод оюутан залуус барилгын буулгалт, нураалтаас үүссэн хог хаягдлыг мэргэжлийн өндөр түвшинд дахин боловсруулж сурах улмаар барилгын хог хаягдлыг дахин боловсруулж гарган авсан бүтээгдэхүүн, түүний тогтвортой хэрэглээг нэмэгдүүлэхэд дэмжлэг болох юм.

Construction waste recycling machine granted to the MUST 2

Улаанбаатар хот жилдээ 350-400 мянган тонн хог хаягдал хаядаг бөгөөд хатуу хог хаягдлын 20-30 хувийг нь барилгын буулгалтаас үүссэн хог хаягдал эзэлдэг байна. Тус лабораторийн шинэчлэл, шинэ тоног төхөөрөмж нь барилгын буулгалтаас үүссэн хог хаягдлыг дахин боловсруулах туршилт судалгааны нөхцөлийг сайжруулж, Монгол улсын тогтвортой хөгжилд эерэг нөлөө үзүүлэх юм.