Хүүхдүүд хүлэмжийн хийг бууруулахаар чуулж байна
25. 8 дугаар сар 2022 Хэвлэлийн мэдээ

Хүүхдүүд хүлэмжийн хийг бууруулахаар чуулж байна

Монголын төдийгүй дэлхий нийтийн толгойны өвчин бол яах аргагүй уур амьсгалын өөрчлөлт. Энэ сарын 23-24-ний өдрүүдэд 13-17 насны 200 гаруй хүүхэд цуглан “Уур амьсгалын өөрчлөлт ба хүүхэд залуучууд” олон улсын чуулганд оролцож байна. Тэд залуу үеийн оролцоотойгоор хэрхэн хүлэмжийн хийг бууруулах, хог хаягдлыг багасгах асуудлаар ярилцан, санаа бодлоо солилцлоо.

Эрдэнэт хотоос оролцогч охины хувьд ээжийнх нь гэдсэнд бойжиж байсан зургаан сартай дүүгээ их хэмжээний тоосжилтын улмаас алдсан тухайгаа ярилаа. Цаашлаад, олон ээж үйлдвэрийн тоосжилтоос болж аз жаргалаа алдаж байгаа талаар хоолой зангиран ярьсан юм. Харин Өмнөговь аймгаас ирж оролцсон сурагчийн тухайд өмнө нь 10-15 хоног шуурдаг байсан шороон шуурганы давтамж, 20-25 хоног болж нэмэгдсэнд эмзэглэж байна.Тиймээс эдгээр асуудалд бодлогоор анхаарах ёстой хэмээсэн юм. Яг энэ мэтээр долоон хэлэлцүүлгийн турш залуус өөрсдийн туршлагаа хуваалцан, уур амьсгалын өөрчлөлтийг хэрхэн бууруулахад гар бие оролцохоо ярилцлаа. Ингээд чуулганы оролцогчдын яриаг хүргэе. 

Уур амьсгалын өөрчлөлт нь нэг хүний, нэг улсын асуудал биш, хүн төрөлхтний асуудал 

НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрийн Парисын хэлэлцээр, үндэсний хэмжээний зохицуулагч М.Сүхрагчаа: Монгол улс НҮБ-ын Парисын хэлэлцээрт 2016 онд нэгдсэн. Засгийн газраас хүлэмжийн хийг 22.7 хувь хүртэл бууруулна гэсэн зорилт тавиад байна. Уур амьсгалын өөрчлөлт нь нэг хүний, нэг улсын асуудал биш, хүн төрөлхтний хамтын ажиллагаа байдаг. Энэ чуулганы гол зорилго нь уур амьсгалын өөрчлөлтийн асуудалд залуучуудын оролцоог нэмэгдүүлэх юм.

30-nub

Хүүхдүүд сайн дураараа нэгдсэн 

Монголын улаан загалмайн нийгэмлэгийн хүүхэд залуучуудын хөтөлбөрийн гадаад харилцааны ажилтан: Б.Төгөлдөрбаяр: Уур амьсгалын өөрчлөлт дэлхий дахины тулгамдсан асуудал болсон. Энэ талаар мэдээлэлтэй хүүхдүүд эргээд үе тэнгийнхэн, гэр бүлдээ нөлөөлөх боломжтой. Тиймээс урт  хугацаандаа үр дүнгээ өгнө гэж харж байна. Энэ ажиллагаанд 20 гаруй сайн дурын ажилтан үе тэнгийн хүүхдүүдээ зохион байгуулан ажиллаж байна. Олон улсын чуулган учраас ОХУ, Солонгос гээд олон орны хүүхдүүд ирсэн байна.

28-ulaan

Мойлны ясыг "авран" мод болгон ургуулж чадсан 

Хэнтий аймгийн Дадал сумын 11 дүгээр ангийн сурагч О.Цэнгэл: Манай клуб нийт 24 сурагчтай. 6-17 насны хүүхдүүд хамрагддаг. Анх энэ аяныг зохион байгуулах болсон шалтгаан нь манай суманд мойлны монос ихээр ургадаг. Үүнээс шалтгаалан мойлны үр буюу яс их хэмжээгээр гаран хог болдог байсан. Үүнийг хэрхэн багасгах вэ гэсэн бодлоос эхлэн хүүхдүүдийн санаачилгаар мойлны ясаар монос тарихаар болсон.

Ясны хаягдал нь шууд модоо хаяж байгаагаас ялгаагүй байна гэж үзээд, "Мойлхон чамдаа баярлалаа" аяныг зохион байгуулахаар шийдсэн.

Бид 8.3 м газар монос тарьсан. Модоо харахаар сэтгэл дотор хайрлах мэдрэмж маш ихээр төрж, аз жаргалын даавар ялгардаг. Мойлны яс байгальд хог болж үлдэх байсныг бид аварч, мод болгон ургуулж чадсан.

32

Амлалт өгөх хуудсаар дамжуулан хүүхдүүд бодитой үр дүнг гаргана 

Монгол тогтвортой хөгжлийн гүүр ТББ-ын төлөөлөл: Манай байгууллага хуванцар савыг дахин боловсруулан, тогтвортой байдлыг хангах төслийг хэрэгжүүлэгч. Олон нийтэд сургалт явуулах, эх үүсвэр дээр нь хогийг ангилан ялгах аль болох хог үүсгэхгүй байх тал дээр сурталчилгаа хийдэг.

Төслийн багт хамрагддаг Булган аймгаас 20, Улаанбаатар хотоос 20 хүүхдийг энэ арга хэмжээнд оролцуулж байна. Ингэснээр хүүхдүүд хог хаягдлыг ангилах, ялгах гэх мэт ажлуудын үр дүнг ойлгох боломжоор хангагдаж байна. Чуулганд оролцож байгаа хүүхдүүдэд зориулан амлалт  өгөх хуудас гаргасан. Энэ нь бодит үр дүн, үйлдэл өгөх зорилготой. Өөрөөр хэлбэл үүнд “Би  энэ жил .... мод тарина” гэх мэт амлалтууд бий. Хүүхдүүд тоог нь нөхнө. Харин бидний зүгээс ямар ашиг тустайг амлалтын цаасан дээрээ оруулсан. Томчуудын бодлого шийдвэрийг хүлээх бус бодитойгоор өөрчлөлтүүдийг хүүхдүүд хийх боломжтой.

31-hulemj

Чуулганаас гарч буй бүх хогийг ангилж ялган, дахин боловсруулна 

"Оюутолгой" компанийн байгаль, орчны ахлах мэргэжилтэн Б.Ууганбаяр: "Оюутолгой" компанийн хувьд энэ чуулганд ивээн тэтгэгч, хамтран зохион байгуулагчаар оролцож байна. Энэ  арга хэмжээг эко, байгальд ээлтэйгээр зохион байгуулах тал дээр анхааран ажиллаж байна.Жишээлбэл, энэ чуулганаас гарч байгаа хогийг ангилан ялган гэрээт үйлдвэр лүү явуулж байна. Хоолны хаягдлыг бордоо болгон бэлтгэдэг машин руу аваачин энэ мэтчилэн хамтран ажиллаж байна.Чуулганд ашиглаж буй материалуудыг манай уурхайгаас гарсан картон цаасыг дахих боловсруулаад хэвлэсэн.Тиймээс  үүнийг байгальд ээлтэй гэж бодож байна.

Хүүхдүүдийн оролцоо уур амьсгалын өөрчлөлтийг бууруулахад эерэг нөлөөтэй гэж харж байна. Өмнөговь аймгийн Ханбогд сумын эко клубийн 9 хүүхэд чуулганд бидэнтэй хамт ирсэн. Багаасаа  байгальд ээлтэй дадлыг суулгаж чадах нь нэг хүүхэд гэлтгүй байгальд асар чухал үр дүнтэй гэж бодож байна" гэсэн юм. 

29-oyu

Товч мэдээлэл: Каритас Чех Репаблик олон улсын байгууллага, Иргэний Боловсролын Төв, Монголын Залуучуудын Эвсэл хамтран Европын Холбооны дэмжлэгээр 2020-2023 онд “Бүгд ЗАЛУУСЫН төлөө, ЗАЛУУС Бүгдийн төлөө” төслийг хамтран хэрэгжүүлж байна.

Төслийн зорилго нь залуучуудын ТББ-ын чадавхыг бэхжүүлэх, залуучуудын хамтын ажиллагааны сүлжээ үүсгэх, залуучуудын асуудлаар нөлөөлөл, судалгаа хийх замаар засаглал, шийдвэр гаргалт, төрийн бодлогын хэрэгжилтэд залуучуудын оролцоог нэмэгдүүлэх, иргэний нийгмийг бэхжүүлэх болно. Төсөл Улаанбаатар хот, Хэнтий, Сэлэнгэ, Дорноговь, Баянхонгор аймагт хэрэгжиж байна.

Эх сурвалж: Өрөг.мн (urug.mn)