“Хөдөлмөр эрхлэлтийн талаарх залуучуудын дуу хоолой” хэлэлцүүлэг
15. 11 дүгээр сар 2021 Хэвлэлийн мэдээ

“Хөдөлмөр эрхлэлтийн талаарх залуучуудын дуу хоолой” хэлэлцүүлэг

Манай улсын бүртгэлтэй ажилгүй иргэдийн 55 хувь нь 15-34 насныхан байна. Манай улсын хүн амын 1/3 хувийг залуучууд эзэлдэг ч ажилгүй залуус олон байна. 2021 оны есдүгээр сарын эцсийн байдлаар,  манай улсад 15.0 мянган бүртгэлтэй ажилгүй иргэн байна. Үүний 55 хувийг 15-34 насныхан эзэлж байна.

Европын Холбоо болон БНЧУ-ын Гадаад харилцааны яамны дэмжлэгтэй хэрэгжиж буй “Бүгд залуусын төлөө, Залуус бүгдийн төлөө” төслийн хүрээнд“Хөдөлмөр эрхлэлтийн талаарх залуучуудын дуу хоолой” цахим хэлэлцүүлэг өнөөдөр зохион байгуулагдлаа. Энэ хэлэлцүүлгийн гол зорилго нь залуучуудын хөдөлмөр эрхлэлт болоод тэднийг гарааны бизнесээ эхлүүлэхэд тулгамддаг асуудал, бэрхшээлийн талаар сонсох явдал юм.

Залуусын дуу хоолойг сонсохгүйгээр тэдний төлөө юу ч хийх боломжгүй юм. Залуучууд өнөөгийн Монголын нийгмийн өөрчлөлтийн хөдөлгөгч хүч болохын хувьд,  залуучуудын хөгжил, залуучуудын хөдөлмөр эрхлэлтийн асуудлаар шийдвэр гаргах, бодлого төлөвлөлтөд дуу хоолойгоо хүргэх хэрэгтэй. Европын Холбоо  нь  залуучуудыг чадавхижуулж, Монголд  чанартай боловсрол, хөдөлмөр эрхлэх боломжийг олгоход дэмжлэг үзүүлэн ажиллаж байна” хэмээн Европын холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд, хатагтай Аксель Никайз онцлон хэлсэн юм.

06 Heleltsuulge cover@4x

Залуучуудын ажилгүйдлийн цаана боловсролын чанар, ажлын туршлагаас эхлээд цалин бага зэрэг олон шалтгаан, саад бэрхшээл байдаг. Үүнийг шийдвэрлэхийн тулд залуучуудын ажилгүйдлийн шалтгааныг хувьчлан тогтоож, тохирсон шийдэл олох нь чухал юм.

 “Монгол залуус чадварлаг. Гэхдээ ажил олгогч байгууллагууд хүнээ дэмжиж, тэдэнд ажиллах бүхий л боломж нөхцөлийг нь хангаад өгвөл Монголд хөгжиж дэвших, ажиллах хүсэл өөр болно гэж боддог. Ялангуяа цалинг нэмэгдүүлж, зээлийн хүүг бууруулах нь зүйтэй” гэж Г. Гантуяа хэлсэн юм.

Түүнчлэн төслийн хүрээнд байгуулагдсан ажлын хэсгийнхэн залуучуудын хөдөлмөр эрхлэлтийн талаарх бодлогын зөвлөмжийг боловсруулсан юм. Энэхүү зөвлөмжийг хэлэлцүүлгийн үеэр залуучуудад танилцуулж, тэдний саналыг тус зөвлөмжид тусган, сайжруулах юм.

Төслийн тухай: КЧР байгууллага нь Европын Холбооболон БНЧУ-ын Гадаад харилцааны яамны дэмжлэгтэйгээр “Бүгд залуусын төлөө, Залуус бүгдийн төлөө” төсөл хөтөлбөрийг Монголын залуучуудын эвсэл, Иргэний боловсролын төвтэй хамтран Улаанбаатар хот болоод Сэлэнгэ, Хэнтий, Дорноговь, Баянхонгор аймгуудад хэрэгжүүлж байна.