Монгол улс нэг хүнд ногдох хуванцар хаягдлын хэмжээгээр дэлхийд өндөрт ордог 10 улсад багтаж байна
7. 10 дугаар сар 2022 Хэвлэлийн мэдээ

Монгол улс нэг хүнд ногдох хуванцар хаягдлын хэмжээгээр дэлхийд өндөрт ордог 10 улсад багтаж байна

Монгол улс нэг хүнд ноогдох хуванцар хаягдлын хэмжээгээр дэлхийд өндөрт ордог 10 улсын нэгт орсон байна. “Монгол улс дахь дахин боловсруулсан хуванцар бүтээгдэхүүний зах зээлийн судалгаа”-гаар Монголд нэг хүн дунджаар 137,58 килограмм хуванцар хог хаягдлыг хаядаг байна.  

Каритас Чех Ребаплик байгууллага нь Монгол улс дахь дахин боловсруулах үйлдвэрүүдийн зах зээлд шинэ бүтээгдэхүүн нэвтрүүлэхэд нь дэмжлэг болох анхны зах зээлийн судалгааг хийж гаргалаа.  

Европын Холбооноос (SWITCH-Asia хөтөлбөр) санхүүжүүлж буй “Монгол улс дахь хуванцар хог хаягдлын дахин боловсруулалтын тогтвортой байдлыг хангах” төслөөс “Монгол улс дахь дахин боловсруулсан хуванцар бүтээгдэхүүний зах зээлийн судалгаа”-ны тайланг танилцуулах хурлыг энэ 9-р сарын 29-ний өдөр зохион байгуулсан юм. 

Оролцогчид судалгаанаас гарсан үр дүнг хэлэлцэж буй нь

Тайлангийн хуралд хуванцар дахин боловсруулах БЖДҮ-үүд болон хог хаягдал дахин боловсруулах холбооны төлөөлөгч болон бусад оролцогч талуудын төлөөлөл оролцсон юм. Уг тайланд дахин боловсруулсан хуванцар бүтээгдэхүүний нэмүү өртгийн сүлжээ, зах зээлийн эрэлт, нийлэлт, зах зээлийн хэмжээ, багтаамж, өрсөлдөөний нөхцөл байдал, сонгогдсон дахин боловсруулсан хуванцар бүтээгдэхүүнийг импортын бүтээгдэхүүнтэй чанар, үнийн хувьд харьцуулагдах байдал, шинэ бүтээгдэхүүн гаргахад тулгарах хуул эрх зүйн саад бэрхшээл зэргийг тусгасан юм. 

"Европын Холбооноос (SWITCH-Asia хөтөлбөр) санхүүжүүлж буй “Монгол улс дахь хуванцар хог хаягдлын дахин боловсруулалтын тогтвортой байдлыг хангах” төсөл нь тогтвортой үйлдвэрлэл, тогтвортой хэрэглээ мөн тойрог эдийн засагт шилжихэд дэмжлэг үзүүлэх зорилготой юм. Өнөөдрийн танилцуулж буй Дахин боловсруулах хуванцар бүтээгдэхүүний зах зээлийн судалгаа нь дахин боловсруулсан хуванцар бүтээгдэхүүний хэрэглээ болон төрлийг нэмэгдүүлэх зорилгын хүрээнд хийгдсэн. Үүнээс гадна төслийн хүрээнд хуванцар хог хаягдлаар хийсэн шинэ бүтээгдэхүүнийг тодорхойлох, дахин боловсруулсан хуванцраар хийсэн бүтээгдэхүүний эрүүл мэнд, аюулгүйн байдал болон чанарын стандартуудыг боловсруулах, хуванцар дахин боловсруулах ЖДҮ-үүдийн маркетингийн чадавхыг бий болгох зэрэг ажлууд хийгдэж байна" гэж төслийн менежер Ч. Мижидсүрэн онцолсон юм. 

Хуванцар хог хаягдалд суурилсан шинэ бүтээгдэхүүн гарган авах тухай оролцогчид өөрсдийн санал бодлоо солилцов

Судалгаагаар 2000-2019 оны хооронд дэлхийн хуванцар хог хаягдлын хэмжээ хоёр дахин нэмэгдэж, 353 сая тоннд хүрчээ. Хуванцар хог хаягдлын бараг гуравны хоёр нь таваас доош жилийн ашиглалтын хугацаатай хуванцраас гардаг бөгөөд 40% нь сав баглаа боодол, 12% нь өргөн хэрэглээний бараа, 11% нь хувцас, нэхмэл эдлэлээс бүрддэг байна. 

Идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй хог хаягдал дахин боловсруулдаг 18 үйлдвэрүүд нийлээд жилд ойролцоогоор 18500 тонн хуванцар дахин боловсруулах чадалтайгаас түүхийн эдийн дутагдалтай байдлаас 2021 оны байдлаар хүчин чадлынхаа 52.4%-ийг ашиглажээ.  Олон нийтийн дундах хуванцар хог хаягдлыг ангилах мэдлэг дутмаг байгаагаас хүмүүс юуг ангилж болох юуг ангилж болохгүй талаарх мэдээлэл бага байгаа юм.  

Судалгаанаас харахад тойрог эдийн засагт шилжихийн тулд хог хаягдлын менежментийг сайжруулах, байгальд ээлтэй хувилбаруудыг хөгжүүлэх, сайжруулсан технологи болон шинэ бүтээгдэхүүнийг тодорхойлоход хөрөнгө оруулах хэрэгтэй байгаа юм.   

Судалгааны тайлантай бүрэн танилцах бол ЭНД дарна уу.  

Төслийн тухай: “Монгол улс дахь хуванцар хог хаягдлын дахин боловсруулалтын тогтвортой байдлыг хангах” төслийн ерөнхий зорилго нь Монгол улсын эдийн засгийн хөгжил цэцэглэлт, ядуурлыг бууруулахад хувь нэмэр оруулах, ногоон эдийн засгийн хөгжил, нүүрстөрөгч багатай, нөөцийн хэмнэлттэй, тойрог эдийн засагт шилжихэд дэмжлэг үзүүлэх юм. Энэхүү төслийг Каритас Чех Репаблик байгууллага, Монголын Байгаль Орчны Аюулгүй Байдлын Төв, Эко Сум ТББ, Монголын Тогтвортой Хөгжлийн Гүүр, Т.Г. Масарыкын нэрэмжит Усны Судалгааны Институт гэх дөрвөн байгууллага хамтран хэрэгжүүлж байна.  Дэлгэрэнгүй мэдээллийг эндээс авна уу.