ЗАЛУУЧУУДЫН ИРГЭНИЙ НИЙГМИЙН ЗУРГАДУГААР ЧУУЛГАН
3. 9 дүгээр сар 2020 Хэвлэлийн мэдээ

ЗАЛУУЧУУДЫН ИРГЭНИЙ НИЙГМИЙН ЗУРГАДУГААР ЧУУЛГАН

Европын холбооны санхүүжилттэй хэрэгжиж буй “Бүгд залуусын төлөө, Залуус бүгдийн төлөө” төслийн хүрээнд Монголын залуучуудын эвсэл нь “Залуучуудын иргэний нийгмийн зургадугаар чуулган”-ыг 8 сарын 25 буюу Монголын залуучуудын өдрийг тохиолдуулан зохион байгууллаа. Тус чуулган нь НҮБ-ын Хүн амын сангийн дэмжлэгтэйгээр “Залуусаа сонсоцгооё: Цар тахал бидний амьдралд сэдвийн дор болж өндөрлөлөө.

Чуулганыг Европын Холбооноос Монгол Улсад суугаа Төлөөлөгчийн газрын Хамтын ажиллагааны хэлтсийн дарга Пьер-Ив Люка, НҮБ-ын Хүн амын сангийн тэргүүн Коари Ишикава, Монголын Залуучуудын Эвслийн зохицуулагч Э.Сэрээтэр нар нээлээ. Чуулганд залуучуудын олон талт төлөөлөл, төрийн болон олон улсын байгууллагууд, залуучуудын хөгжил, нийгмийн оролцооны чиглэлээр ажилладаг ТББ-ууд, иргэний нийгмийн байгууллагын залуучууд танхимаар 70 гаруй оролцогчтойгоор зохион байгуулж, цахимаар Facebook live болон Zoom платформ ашиглан 10,000 гаруй залууст хүрч санал, шийдлээ хуваалцлаа.

Залуучуудын иргэний нийгмийн энэхүү чуулганаар "Эрүүл мэнд", "Боловсрол", "Хөдөлмөр эрхлэлт", Иргэний орон зай-залуусын оролцоо" зэрэг сэдэвчилсэн хэлэлцүүлгийг өрнүүлж, асуудал, шийдэл, цаашдын хамтын ажиллагаа болоод цар тахлын үед ямар төлөвлөгөөтэй ажиллах талаар зөвлөмжийг боловсруулсан гаргасан байна.

Залуучуудын хөгжил, оролцооны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ТББ-ын чадавхийг бэхжүүлэн, хамтын ажиллагааны сүлжээ үүсгэн, судалгаа, нөлөөлөл хийх замаар Монгол улсын засаглал, хөгжлийн явцад хувь нэмэр оруулах чадвартай залуучуудын иргэний нийгмийг бэхжүүлэх зорилго бүхий “Бүгд залуусын төлөө, Залуус бүгдийн төлөө" төсөл нь Европын холбооны санхүүжилтээр 2020-2024 оны хооронд хэрэгжиж байна.