Чех улсын Праг хот дахь “Туршлага солилцох хөтөлбөр”
20. 1 дүгээр сар 2020 Мэдээ

Чех улсын Праг хот дахь “Туршлага солилцох хөтөлбөр”

“Монгол улсын барилгын салбар дахь нөөцийн үр ашигтай байдал, цэвэр үйлдвэрлэлийг дэмжих” төслийн хүрээнд Барилгын хог хаягдлын тухай журам боловсруулах ажлын хэсгийн гишүүд энэ оны 4-р сарын 1 – 5 –ны хооронд Чех улсын Праг хотноо зохион байгуулагдсан Туршлага солилцох хөтөлбөрт оролцлоо. 5 өдрийн турш үргэлжилсэн тус хөтөлбөрт ажлын хэсгийн 14 гишүүн хамрагдсан бөгөөд Чех улсын төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд, шил, хуванцар, барилгын хог хаягдал, байгалийн хог хаягдал зэргийг дахин боловсруулдаг үйлдвэрүүдэд зочлон туршлага солилцсон юм.

 

“Манай улс оронд хог хаягдлыг ялган ангилах ач холбогдлын талаар олон нийтэд ойлгуулан, таниулах нь маш чухал болоод байна. Чех бүгд найрамдах улс нь хог хаягдлыг бууруулахын тулд ангилан ялгах тал дээр ихэд анхаардаг нь илт байсан юм. Ялган ангилсан хог хаягдлыг түүхий эд болгон баялаг бүтээн байгалийн дахин сэргээшгүй нөөцийг хамгаалан, бохирдлыг бууруулж байна. Төрөөс баримталсан бодлого, журмыг сайтар сахиж үйл ажиллагаагаа явуулдаг нь ч зочлон очсон үйлдвэр болгоноос харагдаж байлаа. Засгийн газраас нь хог хаягдлын шилдэг менежменттэй хувийн хэвшлийн үйлдвэрүүдэд урамшуулан олгон нягт хамтын ажиллагаатай байдаг бөгөөд түүгээр дамжуулан тус салбарыг бүхэлд нь хөгжүүлдэг. Харин барилгын хог хаягдлын хувьд овор хэмжээ ихтэй, аюултай хог хаягдал болохоор түүнийг устгалд оруулах нь хэцүү байдаг. Хэдий тийм ч ангилан ялгах үйл явц нь эдгээр асуудлыг шийдэх гарц юм” хэмээн хөтөлбөрт хамрагдсан ажлын хэсгийн гишүүд ярьж байлаа. Тус хөтөлбөрийн төгсгөлд ажлын хэсгийн гишүүд Барилгын хог хаягдлын тухай журамдаа барилгын хог хаягдлыг ялган ангилах талаар тусгахаар санал нэгдсэн юм.

Энэхүү туршлага солилцох хөтөлбөрийн үр дүнд ажлын хэсгийн гишүүд олж авсан шинэ санаа, санаачлалаа боловсруулж буй барилгын хог хаягдлын тухай журамдаа тусгах цаашлаад Барилга хот байгуулалтын яам барилгын хог хаягдлыг цуглуулах нэгдсэн цэг байгуулах тал дээр ажиллахаар боллоо.