Медиа компанит ажил үргэлжилсээр байна
23. 1 дүгээр сар 2020 Мэдээ

Медиа компанит ажил үргэлжилсээр байна

Барилгын хог хаягдалд суурилсан бүтээгдэхүүний талаарх олон нийтийн ойлголтыг дээшлүүлэх Медиа компанит ажил маань үргэлжилж байна. Өдрийн сонинд хэвлэгдсэн Каритас Чех Репаблик ТББ-ын Суурин төлөөлөгчийн орлогч Катерина Велишковатай хийсэн ярилцлагыг хүлээн авна уу.

Барилгын хог хаягдлын менежментийн дэвшил

Каритас Чех Репаблик ТББ-ын Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын орлогч дарга Катерина Велискова нь 2019 оны 3-р сараас хойш Монгол болон Гүрж улсад хөгжлийн төслүүдийг хариуцан ажиллаж байна. Тэрээр БНЧУ, АНУ, Израйл улсуудад боловсрол, хэвлэл мэдээлэл, олон улсын хөгжлийн чиглэлээр сурч, ажиллаж байгаа аж.

Та Каритас Чех Репаблик ТББ-ын Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын талаар товчхон танилцуулахгүй юу?

Каритас Чех Репаблик ТББ-ын Монгол дахь Суурин төлөөлөгчийн газар нь төрийн бус, ашгийн бус байгууллага бөгөөд Праг хотод төвтэй дэлхийн хэд хэдэн улс орнуудад салбар байгууллагатай. Каритас Чех Репаблик ТББ-ын Монгол дахь суурин төлөөлөгчийн газар нь боловсрол, нийгмийн ажил, хүн амын амьжиргааг дэмжих, хүмүүнлэгийн тусламж, байгалийн гамшгаас урьдчилан сэргийлэх, шилжилт хөдөлгөөн зэрэг чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд хамгийн анхны төслөө 2006 онд хэрэгжүүлж, 2008 онд албан ёсоор суурин төлөөлөгчийн газраа нээсэн.

2006 оноос хойш манай байгууллага нь сургуулийн өмнөх боловсрол, мэргэжлийн боловсрол, хүний эрх, нийгмийн ажил, амьжиргааг дэмжих, хүмүүнлэгийн тусламж, байгалийн гамшгийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хөдөө аж ахуй, байгаль орчин, хог хаягдал дахин боловсруулах чиглэлээр нийт 15 аймагт 20 гаруй төсөл хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлсэн байна. 2012 оноос Европын Холбооны дэмжлэгтэйгээр байгаль орчинг хамгаалах, тогтвортой хөгжлийг дэмжих зорилгын хүрээнд барилгын салбарын хог хаягдлын менежмент болон хуванцар хог хаягдлын менежментийг сайжруулах төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Одоогоор Каритас Чех Репаблик ТББ-ын Монгол дахь Суурин төлөөлөгчийн газар нь олон улсын болон орон нутгийн 50 гаруй төрийн болон төрийн бус байгууллага, иргэний нийгмийн төлөөлөл, холбоод, ЖДҮ эрхлэгчидтэй хамтран ажиллаж байна.

Сүүлийн жилүүдэд хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүдийнхээ талаар танилцуулаач?

Бид сүүлийн 4 жилд хэрэгжүүлсэн барилгын хог хаягдлыг дахин боловсруулах менежментийн төслөө эцэслэн хаах ажиллагаандаа илүү төвлөрөн ажиллаж байна. Мөн өнгөрсөн жил бид Хэнтий аймагт газар тариалангийн төслийг амжилттай хэрэгжүүлж дууссан. Энэхүү төсөл маань орон нутгийн тариаланчдын хоорондын хамтын ажиллагааг сайжруулах, хүлэмж, зоорь барих замаар хөдөө аж ахуйн хөгжилд хувь нэмэр оруулж улмаар дотоодын зах зээлийн эрэлтийг хангах зорилготой байсан.

Тун удахгүй бид Монголын залуучуудад чиглэсэн шинэ төслийг хэрэгжүүлэх болсондоо таатай байна. Энэхүү төсөл нь залуусын хөдөлмөр эрхлэх боломжийг нэмэгдүүлэх, тэдний улс төрийн оролцоог нэмэгдүүлэх зорилготой юм.

Барилгын хог хаягдлын менежментийн төслийн тань гол зорилго юу вэ? Одоогийн байдлаар зорилгынхоо хэдэн хувьд хүрээд байна вэ?

Барилгын хог хаягдлын менежментийн төсөл буюу “Монгол Улсын барилгын салбарын нөөцийн үр ашигтай байдал, цэвэр үйлдвэрлэлийг дэмжих” төслийн маань гол зорилго нь Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй барилгын салбарынхныг байгаль орчинд ээлтэй арга замаар үйлдвэрлэл эрхлэх явдлыг дэмжих юм. Өөрөөр хэлбэл байгаль орчин, цаг уурын өөрчлөлтөнд сөргөөр нөлөөлөх үйл явцыг багасган, улмаар улс орны ядуурлын түвшинг бууруулахад нөлөөлөх явдал юм.

Ингэхийн тулд бид 4 төрлийн зорилт тавьж ажиллан түүндээ хүрсэн. Нэн тэргүүнд, Шинжлэх ухаан технологийн их сургууль, Монголын хог хаягдлыг дахин боловсруулах үндэсний холбоо, Нидерландийн Дельфтийн технологийн их сургуультай хамтран барилгын хог хаягдалд суурилсан бүтээгдэхүүн үйлдвэрлэх төрөл бүрийн судалгаа, шинжилгээг хийсэн.

Хоёрдугаарт, барилгын салбарынхан, тэр дундаа барилгын чиглэлээр сурч буй их дээд сургуулийн оюутнуудад зориулан шинэ сургалтын хөтөлбөр боловсруулах ажил байсан. Үүний үр дүнд бид ирэх хичээлийн жилээс эхлэн Барилгын хог хаягдлын менежментийн талаарх хичээлийг ШУТИС-ийн сургалтын хөтөлбөрт тусгахаар болоод байна.  

Гуравдугаарт, бид барилгын салбарын орон нутгийн засаг захиргаа, шийдвэр гаргагчид, барилгын компаниуд, ЖДҮ эрхлэгчид болоод олон нийтэд барилгын хог хаягдлын зохистой менежмент, үүний ач холбогдлыг сурталчлан таниулах ажлуудыг хийж байна. Монгол улсад барилгын хог хаягдлыг дахин боловсруулалт нь харьцангуй шинэ ойлголт тул төрөл бүрийн сургалт, семинарыг зохион байгуулах хэрэгтэй болсон.

Дөрөвдүгээрт, бид Барилга хот байгуулалтын яамтай хамтран барилгын буулгалтаас үүссэн хог хаягдлын менежментийн хууль эрх зүйн шинэ журмыг боловсруулан, батлуулах ажил маань дуусах шатандаа явж байна. Энэхүү журам батлагдсанаар хууль бусаар барилгын хог хаягдлыг ил задгай хаях явдал багасах, хог хаягдлын зүй зохистой менежментийг хөгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ гэж найдаж байна.

Монгол дахь барилгын хог хаягдлын өнөөгийн менежментийг та юу гэж дүгнэх вэ?

Одоогийн нөхцөл байдал бол сайн практик биш юм. Бүх барилгын материалыг байгалийн материал ашиглаж хийдэг, барилгын хог хаягдлыг дахин боловсруулдаггүй, хууль бусаар барилгын хог хаягдлыг ил задгай хаях тохиолдол маш их байна. Дээр нь Монголын барилгын салбар эрчимтэй хөгжиж байгаа энэ цаг үед асуудал улам ноцтой болж байна.

Дээр дурдсанчлан, Монгол улсад барилгын материалын дахин боловсруулалт, дахин ашиглалт нь харьцангуй шинэ ойлголт юм. Тиймээс олон нийт, ялангуяа барилгын салбарынхан барилгын хог хаягдлын зохисгүй менежментийн хор уршигийг сайтар ухамсарласан байх ёстой болоод байна. Түүнчлэн, барилгын буулгалтаас үүссэн хог хаягдлын менежментийн хууль эрх зүйн журмыг яаралтай батлах шаардлагатай. Ингэснээр барилгын хог хаягдлыг дахин ашиглах, зөв зохистой булах талаар төрөөс тусгайлан заасан тодорхой удирдамжтай болж хүрээлэн буй орчноо хамгаалж чадах юм.

Төслийн хүрээнд Барилгын хог хаягдлын менежментийн талаар сургалт зохион байгуулагдаж байгаа гэсэн. Сургалтын гол зорилго юу вэ? Сургалтанд одоогоор хэр их хүн хамрагдаад байна вэ?

Барилгын салбарынханд зориулсан энэхүү сургалтаар барилгын хог хаягдлын зохистой менежментийн ач холбогдол, төслийн хүрээнд гарган авсан барилгын хог хаягдалд суурилсан бүтээгдэхүүний технологи зэргээс суралцах боломжтой. Түүнчлэн сургалтанд хамрагдсанаар Улаанбаатар хот дахь хог хаягдал дахин боловсруулах үйлдвэрүүдээр зочлон, үйл ажиллагаатай нь танилцах, Барилгын хөгжлийн төвийн Барилгын материалын сорил, шинжилгээний лабораторид барилгын хог хаягдлыг дахин боловсруулах туршилт судалгаа хийх боломжоор хангагдаж байгаа юм. ШУТИС болоод Монголын барилгачдын нэгдсэн холбооны сургагч багш нар нь Нидерланд улсын Дельфтийн технологийн их сургуулийн сургалтанд сууж бэлтгэгдсэн.

Сургалтын төгсгөлд сургалтанд хамрагдсан хүн бүр 1 кредит бүхий Сертификатыг олгож байгаа бөгөөд энэ нь салбартаа өсөн дэвжихэд түлхэц болно гэж үзэж байна.  

Одоогоор бид барилгын салбарын 300 гаруй ЖДҮ эрхлэгчийг хамруулаад байгаа бөгөөд төсөл дуустал сургалт маань үргэлжлэх болно. Тус сургалт нь Улаанбаатар хот болоод Дархан, Эрдэнэт зэрэг хотуудад зохион байгуулагдсан.

Барилгын хог хаягдалд суурилсан бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд эдийн засгийн хувьд хэр ашигтай вэ?

Төслийн хэрэгжилтийн хугацаанд бид энэ гол асуултанд хариулт хайсан. Бид МИРИМ судалгааны компанитай хамтран барилгын хог хаягдалд суурилсан бүтээгдэхүүн нь эдийн засгийн хувьд хэр өгөөжтэй байх талаарх судалгааг хийсэн. Тус судалгааны үр дүн гайхмаар эерэг байсан. Судалгаагаар барилгын буулгалтаас үүссэн хог хаягдлыг дахин боловсруулахад дан ганц байгаль орчинд эерэг нөлөөлөхөөс гадна байгалийн дүүргэгч материал бага орохоос хамаарч үйлдвэрийн зардал бага байна гэж гарсан. Барилгын материалыг дахин боловсруулахад тухайн компани эхлээд тодорхой хэмжээний хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй ч тогтвортой үйл ажиллагаа эрхлэхэд ашгаа хурдан өгөхөөр тооцоологдсон. Энэхүү судалгааны үр дүнтэй танилцахыг хүссэн хэн бүхэн манай байгууллагын цахим сайт, фэйсбүүк хуудас эсвэл сургалтанд хамрагдаж илүү дэлгэрэнгүй мэдээллийг авч болно.

Каритас Чех Репаблик ТББ-ын Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын цаашдын зорилго юу вэ?

Юуны түрүүнд энэ жил бид барилгын хог хаягдлын менежментийн төслөө дуусгана. Цаашид энэхүү төслийн гол үйл ажиллагааг төрийн болон хувийн хэвшлийн компаниуд тогтвортой хэрэгжүүлнэ гэж найдаж байна.

Дээр дурдсанчлан бид залууст зориулсан шинэ төсөл эхлүүлж, залуусын улс төрийн шийдвэр гаргалтанд оролцох оролцоог нэмэгдүүлэх, тэднийг чадавхжуулахад түлхүүтэй ажиллана.

Эцэст нь хэлэхэд, хог хаягдлын менежменттэй холбоотой дахин нэг шинэ төслийг энэ жил хэрэгжүүлж эхлэхээр бэлдэж байна. Энэ удаад бид хуванцар хог хаягдлыг дахин боловсруулах асуудалд анхаарлаа хандуулан ажиллана. Тус төсөл дээр хамтран ажиллах орон нутгийн оролцогч талуудтай түншлэлийн харилцааг бий болгон илүү их зүйлийг хийж бүтээнэ гэж найдаж байна.

IMG_1036