ХУВАНЦРЫН САЛБАРТ ҮНДЭСНИЙ СТАНДАРТУУД БАТЛАГДЛАА
11. 4 дүгээр сар 2024 Мэдээ

ХУВАНЦРЫН САЛБАРТ ҮНДЭСНИЙ СТАНДАРТУУД БАТЛАГДЛАА

Монгол улсын ногоон эдийн засгийн хөгжил, нүүрстөрөгч багатай, нөөцийн хэмнэлттэй, тойрог эдийн засагт шилжихэд дэмжлэг үзүүлэх зорилготой SPRIM төслийн нэг томоохон үр дүн болж өнөөдөр хуванцрын салбар үндэсний стандартуудтай боллоо. 

Каритас Чех Репаблик ОУБ нь Байгаль Орчин, Аюулгүй Байдлын Төв, Монголын Тогтвортой Хөгжлийн Гүүр ТББ, Экосум ТББ-тай хамтран Европын Холбооны  Switch-Asia  хөтөлбөрийн санхүүжүүлттэйгээр “Монгол улс дахь хуванцар хог хаягдлын дахин боловсруулалтын тогтвортой байдлыг хангах” төслийг 2020 оны 5-р сарын 1-ээс 2024 оны 12-р сарын 31-ний өдрийг хүртэл Улаанбаатар хот, Булган аймаг, Хишиг-Өндөр суманд хэрэгжүүлж байна.

        Төслийн ерөнхий зорилго нь Монгол улсын ногоон эдийн засгийн хөгжил, нүүрстөрөгч багатай, нөөцийн хэмнэлттэй, тойрог эдийн засагт шилжихэд дэмжлэг үзүүлэх юм.

       Төслийн хүрээнд олон улсын туршлагад үндэслэн хуванцар дахин боловсруулалт болон хуванцар бүтээгдэхүүний эрүүл ахуй, аюулгүй байдал, чанарын стандартыг Монгол улсад нэвтрүүлэхээр зорьж байна. Тус зорилтын хүрээнд төслийн баг салбарын хэрэгцээ, шаардлагыг судалсны үндсэн дээр MNS ISO 15270:2024 Хуванцар хог хаягдлыг дахин боловсруулах болон сэргээн ашиглах заавар, MNS ISO 16869:2024 Хуванцрын найрлага дахь мөөгөнцрийн өсөлт сааруулагч нэгдлүүдийн үр ашгийн үнэлгээ стандартуудыг үндэсний болгон батлуулахаар Стандарт Хэмжил Зүйн Газрын дэргэдэх Байгаль орчны стандартчиллын техникийн хороогоор хэлэлцүүлж 2024 оны 3-р сарын 22-нд батлуулсан билээ.

            Шинээр батлагдсан тус стандартуудыг танилцуулах арга хэмжээ 2024 оны 4-р сарын 11-ний 10:00 цагт Блю Скай Зочид Буудал – Кристал танхимд зохион байгуулагдлаа. Үйл ажиллагаанд төсөл хэрэгжүүлэгч, санхүүжүүлэгч байгууллагын төлөөллүүд болон Стандарт Хэмжилзүйн Газар, Монгол улсад хуванцар дахин боловсруулах салбарын бизнес эрхлэгчид, төрийн бус байгууллага, мэргэжилтэн судлаачид оролцож, цаашдын хэрэгжилт, үр дүнгийн талаар санал солилцлоо.

ШИНЭЭР БАТЛАГДСАН СТАНДАРТУУДЫН ТУХАЙ ТОВЧ МЭДЭЭЛЭЛ

ҮНДЭСНИЙ СТАНДАРТ:  MNS ISO 15270:2024 Хуванцар хог хаягдлыг дахин боловсруулах болон сэргээн ашиглах заавар

       Монгол улсын хэмжээнд 2024 оны байдлаар 20 орчим үйлдвэр хуванцар дахин боловсруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. Эдгээр үйлдвэрүүдийн үйл ажиллагаа байгууллагын дотоод журмын дагуу, технологийн дарааллын дагуу явагддаг. Энэхүү стандарт нь хуванцар дахин боловсруулж буй үйлдвэрүүд өөрсдийн үйл ажиллагаагаа стандартын дагуу явуулах, байгууллагад дагаж мөрдөх стандарт ажиллагааг хөгжүүлэхэд ач холбогдолтой юм.

  • MNS ISO 15270:2024 стандартад хуванцар дахин боловсруулах үе шат болон аргуудыг тодорхой заасан тул үйлдвэрлэгчид тус стандартыг нэвтрүүлснээр дахин боловсруулалтын үйл ажиллагаа стандарт горимын дагуу явагдах боломжтой. Энэ нь байгаль орчинд ээлтэй төдийгүй үйлдвэрийн үр ашгийг нэмэгдүүлж, бүтээгдэхүүний чанарыг стандартаар баталгаажуулах давуу талтай. Мөн олон улсад дахин боловсруулсан бүтээгдэхүүнээ экспортлох, ногоон зээл, хөрөнгө оруулалт авахад давуу тал үүсгэх боломжтой юм.
  • MNS ISO 15270:2024 стандартыг хэн хэрэгжүүлэх вэ? Хуванцар болон хуванцар хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэрүүд
  • MNS ISO 15270:2024 стандартын үр ашгийг хэн хүртэх вэ? Үйлдвэрлэгчид болон стандартаар баталгаажсан дахин боловсруулагдсан бүтээгдэхүүн хэрэглэгчид

ҮНДЭСНИЙ СТАНДАРТ: MNS ISO 16869:2024  Хуванцрын найрлага дахь мөөгөнцрийн өсөлт сааруулагч нэгдлүүдийн үр ашгийн үнэлгээ

            Энэхүү стандарт батлагдсанаар дахин боловсруулсан, анхдагч хуванцраар хийсэн бүтээгдэхүүн болон экспортоор ахуйн хэрэгцээний зориулалтаар оруулж ирж буй хуванцар бүтээгдэхүүний чанарыг үндэсний стандартаар баталгаажуулах боломж бүрдэж байна. Тодруулбал байнгын чийгтэй орчинд хэрэглэгддэг хуванцар бүтээгдэхүүнд хөгц, мөөгөнцөр үүсэхээс сэргийлсэн сааруулагч бэлдмэл үйлдвэрт ашиглагддаг. Тэгвэл MNS ISO 16869:2024 стандарт батлагдсанаар тэрхүү хуванцрын найрлага дахь мөөгөнцрийн өсөлт сааруулагч бэлдмэлийн үр ашгийг лабораторын түвшинд шинжилж, тодорхойлох боломж бүрдэж байна.

            Энэ нь үйлдвэрийн үр ашгийг нэмэгдүүлж, чанар, аюулгүй байдал нь стандартаар баталгаажсан хуванцар бүтээгдэхүүнийг хэрэглэгчиддээ хүргэх боломжийг бүрдүүлж байгаагаараа ач холбогдолтой.

  • MNS ISO 16869:2024 стандартыг хэрэгжүүлэх вэ? Стандарт Хэмжил Зүйн Газар, Мэргэжлийн лабораториуд
  • MNS ISO 16869:2024 стандартын үр ашгийг хэн хүртэх вэ? Дахин боловсруулсан болон анхдагч хуванцрыг түүхий эд болгон ашигладаг үйлдвэрлэгчид болон хэрэглэгчид

Standards Dissemination and Networking Event 13

Standards Dissemination and Networking Event 10

Standards Dissemination and Networking Event 15

435498215_814753037355477_2006779015616591018_n

Standards Dissemination and Networking Event 18 (1)

NOTE* Эдгээр стандартыг бүрэн эхээр нь Стандарт, хэмжил зүйн газрын www.estandard.gov.mn веб хаягаас авна уу.