Дорноговь аймгийн жендерийн тэгш байдалд мониторинг хийв
20. 4 дүгээр сар 2023 Амжилтын түүх

Дорноговь аймгийн жендерийн тэгш байдалд мониторинг хийв

Говийн Хөх Салхи ТББ-ын Дорноговь аймгийн жендерийн эрх тэгш байдлыг хангах дэд хөтөлбөрийн хэрэгжилтэд хийсэн мониторингийн төсөл

Жендерийн тэгш эрх = Тэгш боломж

Европын Холбооны дэмжлэгээр хэрэгжиж буй “Бүгд Залуусын Төлөө, Залуус Бүгдийн Төлөө” төслийн хүрээнд залуучуудын оролцоог дэмжих мониторингийн бичил төслийн уралдаанд шалгарсан Дорноговь аймгийн Говийн Хөх Салхи ТББ нь аймгийнхаа жендерийн эрх тэгш байдлыг хангах дэд хөтөлбөр буюу Дорноговь аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2017 оны 12 сарын 01-ны 06/03 тоот тогтоолоор баталсан “Жендерийн эрх тэгш байдлыг хангах аймгийн дэд хөтөлбөр” болон 2018-2021 онд хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд мониторинг хийсэн юм. Тэгвэл тэдний үйл ажиллагааны үр дүн, ололт амжилт, саад бэрхшээл болон туршлагын талаарх сургамжаас сонирхуулъя.

zurag 3

Жендерийн эрх тэгш байдал гэдэг нь зөвхөн эмэгтэйчүүдийг чадавхжуулах тухай асуудал биш. Харин эрэгтэйчүүд, эмэгтэйчүүдийг тэгш боломжоор хангах тухай юм.

Тэд энэ асуудлаар мониторинг хийх нь үр дүнг бодитоор дүгнэн, хөтөлбөрийн сул болон давуу талыг тодорхойлж, цаашид хэрхэн сайжруулах талаар олон нийтийн санал санаачилгыг тусгаж өгөх боломж олгодог давуу талтай хэмээн хэлж байв.

Энэхүү төсөл нь тэдний хувьд анхны мониторингийн төсөл байсан учраас туршлага хуримтлуулж, шинэ мэдлэг хуримтлуулах боломж олгосон гэдгийг ч мөн дурдаж байлаа. Төслийн хугацаанд төрийн байгууллагуудтай шууд харилцах, хамтран ажиллагаагаа бэхжүүлэх, иргэдэд тэгш хүрч ажиллахад ямар зүйлс дээр алдаж байна, санхүүгийн тайлан гаргахад юуг анхаарах шаардлагатай вэ, цаашдаа сайжруулах зүйл юу байгааг олж харж чадсан зэрэг эерэг өөрчлөлтүүд гарчээ.

Говийн Хөх Салхи ТББ-ын гишүүд “Жендерийн эрх тэгш байдлыг хангах аймгийн дэд хөтөлбөр”-ийн 2018-2021 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилтийн талаар баримтын мэдээлэл болон орон нутгийн өсвөр насны хүүхэд, залуусаас жендерийн тухай мэдлэг, ойлголт, хандлагыг тодорхойлох судалгаа авч, бүлгийн ярилцлага зохион байгуулан, мэдээлэл цуглуулан дүн шинжилгээ хийж тайлан бичих, зөвлөмж боловсруулах, үр дүнг мэдээлэх, нөлөөллийн ажил зохион байгуулах зорилгууд тавьж тодорхой үр дүнд хүрсэн юм.

Тэдний ажлын үйл явцын үр дүнг онцолж, юунд шүүмжлэлтэй хандсаныг дурдвал:

  • Жендерийн асуудлаар статистикийн нэгдсэн мэдээллийн сан бүрдүүлж, жил бүр хүйсээр ангилсан тоо баримт багтаасан эмхэтгэл гаргаж, аймгийн хэмжээнд нэгтгэн боловсруулж, түгээж хэвшсэн байна. Гэвч тоон мэдээлэл судалгааг ашиглан жендерийн эрх тэгш байдлыг бий болгох, хүйсийн зөрүүтэй байдлыг арилгах бодлогын зохицуулалт, үйл ажиллагаа хийгдээгүй байсан.
  • Төрийн албан хаагчид, охид эмэгтэйчүүд, олон нийтэд зориулсан жендерийн эрх тэгш байдалтай холбоотой сургалт, үйл ажиллагаа зохион байгуулдаг хэдий ч жендерийн асуудал хариуцсан ажилтнуудын жендерийн чиглэлээр хийсэн үйл ажиллагаа хангалттай биш байсан.
  • Хөдөлмөрийн харилцаанд жендерийн эрх тэгш байдал хангагдахгүй байгаа нь судалгаанаас харагдаж байна. Асуулгад оролцсон хүүхэд, залуусын хамгийн олон буюу 37,6% нь жендерийн ялгаварлан гадуурхалт хөдөлмөрийн харилцаанд байна гэж хариулсан байна. Энэ нь удирдах ажилтнуудад жендерийн хэвшмэл ойлголт нөлөөтэй хэвээр, жендерийн ойлголт сул байгааг илтгэж байсан.
  • Хөтөлбөрийн хэрэгжилтийн тайланд хяналт шинжилгээ хийх явцад үйл ажиллагааны төлөвлөлт, хэрэгжилт уялдаа холбоогүй байх тохиолдол гарч байна. Үүнээс шалтгаалан төлөвлөгдсөн үйл ажиллагааг үр дүнгүй хэрэгжсэн байсан.
  • Мөн үйл ажиллагааны тайланд жендертэй холбоотой гомдол санал шийдвэрлэсэн тухай тоо баримт дурдагдаагүй. ТББ, ИНБ-тай хамтран ажиллах ажил эхлүүлсэн ч хэрхэн хамтран ажилласан, үр дүн нь ямар байсан талаар бичигдсэн тайлан байхгүй байна.

zurag 1

Түүнчлэн уг хөтөлбөрийн талаар хүүхэд, залуусын жендерийн талаарх мэдлэг, ойлголтыг судалсан байна. Үүний үр дүнд орон нутгийн жендерийн эрх тэгш байдлын талаар Говийн Хөх Салхи ТББ-ын дэргэдэх сайн дурын гишүүд, дэмжигчдийн мэдлэг, ойлголт, тулгамдаж буй асуудлууд, орон нутгийн жендерийн бодлого, хөтөлбөрийн талаарх мэдээлэлтэй байдал болон цаашид жендерийн эрх тэгш байдлыг сайжруулахад ямар асуудалд анхаарч ажиллах талаар санал бодлыг сонсож, мэдээлэл цуглуулсан.

Эцэст нь өсвөр насны хүүхэд, залуусын жендерийн эрх тэгш байдлын тухай ойлголт хангалтгүй, энэ талаар мэдээлэл авч байсан эх сурвалж нь телевизийн нэвтрүүлэг гэх бөгөөд өөр ямар нэгэн сургалт, цуглаан, хэлэлцүүлэг арга хэмжээнд хамрагдаж байгаагүй тул цаашид энэ талаарх мэдлэг, ойлголтой нэмэгдүүлэх хэрэгцээ  байна гэсэн дүгнэлтэд хүрсэн. Мөн хэрэгжүүлсэн төслийн хүрээнд Засаг даргатай уулзаж өөрсдийн ажлын талаар болон мониторингийн үр дүн болон зөвлөмжийг хүргүүлж ажилласан нь сайшаалтай байлаа.