КАСПЕК-2022 хөтөлбөрийн төгсөгчид залуусыг чиглэсэн төрийн зорилтот үйл ажиллагаанд мониторинг хийлээ
5. 4 дүгээр сар 2023 Амжилтын түүх

КАСПЕК-2022 хөтөлбөрийн төгсөгчид залуусыг чиглэсэн төрийн зорилтот үйл ажиллагаанд мониторинг хийлээ

Монгол дахь Конрад-Аденауэр-Сангаас жил бүр зохион байгуулдаг  “Улс төрийн манлайлагч” хөтөлбөрийн 2022 оны төгсөгчид (КАСПЕК-2022): Нийслэлийн Баянзүрх, Баянгол дүүргийн Засаг дарга нарын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн залуучуудад чиглэсэн зорилт, түүний хэрэгжилтэд хийсэн мониторингийн төсөл

Залууст тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх, өсөж хөгжих замд тулгарсан саад бэрхшээлийг тодорхойлох, тэдэнд чиглэсэн оновчтой үйл ажиллагааны хөтөлбөр, төлөвлөгөө нэн шаардлагатай байна. Гэсэн ч төрийн менежментийн алдаа, ажилтан албан хаагчдын хязгаарлагдмал үйл ажиллагаанаас үүдэн залуус боломжоо алдах тохиолдол цөөнгүй гардаг.  

Иргэний Боловсролын Төвөөс Каритас Чех Репаблик олон улсын байгууллага болон Монголын Залуучуудын Эвсэл хамтран 2020-2023 хэрэгжүүлж буй, Европын Холбооны санхүүжилттэй  “Бүгд ЗАЛУУСЫН төлөө, ЗАЛУУС Бүгдийн төлөө” төслийн хүрээнд зарласан, залуучуудын ТББ-ыг  дэмжих мониторингийн жижиг төслийн шалгаруулалтад КАСПЕК-2022 төгсөгчид  амжилттай шалгарч Баянзүрх, Баянгол дүүргийн Засаг дарга нарын 2020-2024 оны залууст чиглэсэн үйл ажиллагааны хөтөлбөр, төлөвлөгөө, түүний хэрэгжилтэд мониторинг хийлээ. Төсөл хэрэгжүүлэгч залуус Баянзүрх, Баянгол дүүргийн Засаг дарга нарын 2020-2024 оны залууст чиглэсэн үйл ажиллагааны хөтөлбөр, төлөвлөгөөг албажуулж Төрийн байгууллагын нээлттэй байх зарчимд үндэслэн мэдээллийг бүрэн эхээр нь авахдаа доорх албан бичгийг холбогдох дүүргүүдэд илгээжээ.

Untitled1

Мониторингийн ажлын үр дүнд дээрх хоёр дүүргийн Засаг дарга болон харьяа бусад төрийн захиргааны байгууллага, зөвлөл, хэлтэс, алба, нэгж эрх зүйн баримт бичиг, мэдээ, мэдээллийг олон нийтэд ил тод, нээлттэй, хүртээмжтэй байршуулдаггүй, төрийн нууцад хамаарахгүй мэдээ, мэдээлэлтэй танилцах, хуулбарлан авахаар гаргасан хүсэлтийг шийдвэрлэдэггүй зэргээр иргэд, олон нийтийн мэдээлэл авах эрхийг бүрэн хангаж ажилладаггүй, иргэний нийгмийн төлөөллөөс гаргасан санал санаачлагыг дэмжих, мэдээллээр хангах, хамтын ажиллагаатай ажиллах байдал хязгаарлагдмал байна гэж дүгнэлээ.

Энэхүү дүгнэлтийг гаргахын тулд сонгогдсон дүүргийн залуучуудтай дараах уулзалт, хэлэлцүүлгийг зохион байгуулж, судалгаанд хамруулжээ. Үүнд:

  • Google form програм ашиглан асуулгын судалгааны аргаар нийт сайн дураар санал өгөхийг зөвшөөрсөн 237 хүнийг хамруулсан
  • Санхүү эдийн засгийн Улаан Загалмай нийгэмлэгийн залуучуудтай тулгамдаж буй асуудлын талаарх санал сэтгэгдэл солилцох уулзалтыг хийсэн
  • Фокус бүлгийн ярилцлага зохион байгуулж, уулзалтад оролцогчдын байр суурийг тодорхойлсон байна

Төслийн хүрээнд олон нийт, залууст мэдээлэл түгээх, шийдвэр гаргагчдад нөлөөлөх зорилгоор:

  • Засаг дарга нарт үр дүнгээс гарсан албан тоот бүхий зөвлөмж илгээсэн
  • Залууст тэдгээр зориулсан хөтөлбөр, төлөвлөгөө байдаг, хэрхэн хэрэгжиж, хянагдах ёстой талаар мэдээлэл түгээх, тэдгээрийг таниулах зорилгоор МҮОНРТ-ийн нэвтрүүлэгт оролцсон.

Төрийн албаны мэдээллийн ил тод байдал хангалтгүйгээс болж, мэдээлэл авах түүнд анализ хийх хугацаа алдаж, ажилчид, албан хаагчдын хариуцлагагүй байдлаас болж хоосон хаалга мөргөх тохиолдол ч багийнханд маань тулгарч байв. Түүнчлэн төслөөс нилээдгүй их сургамж сорилыг тэд сурч авчээ. Үүнд:

  • Дүүргийн Засаг даргын дэргэдэх Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Залуучуудын зөвлөл, дүүргийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтэс зэргээр залуучуудад чиглэсэн үйл ажиллагааг хэрэгжүүлэх чиг үүрэгтэй олон газар, хэлтэс, зөвлөл үйл ажиллагаа явуулдаг боловч тэдгээрийн хариуцан ажилладаг ажлын чиг үүрэг тодорхой бус, харилцан уялдаа холбоогүй зэрэг нөхцөл байдал ажиглагдсан.
  • Дүүргийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, төлөвлөгөөнд тусгагдсан залуучуудад чиглэсэн ажил, арга хэмжээ,  түүний хэрэгжилтийн талаар тодорхой мэдээлэлгүй байсан.
  • Баянгол, Баянзүрх дүүргийн залуучуудтай фокус бүлгийн ярилцлага хийхэд залуус Засаг даргын чиг үүргийн талаар болон дүүргийн хэмжээнд залуусын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг нэгжүүдийн талаар мэдлэг, мэдээлэл маш дутмаг гэдэгтэй бараг 100 хувь санал нэг байсан нь төрийн ажилд залуучуудаас өгсөн гол дүгнэлт байлаа.
  • Залуучуудад бодлого, судалгаа зэргүүд нь сонирхолтой сэдэв биш эсхүл хувийн мэдээллийг нууцлах асуулгын талаар мэдээлэлгүй байгаа нь судалгаанд анх төлөвлөсөн хэмжээний хариулт авахгүй байх нөхцөл байдал үүссэн гэх зэрэг асуудал, сорилтууд тулгарч байсан гэж багийн гишүүд санал нэгтэйгээр хэлж байв.

"КАСПЕК-2022 төгсөгчид гэх нэг хамт олон байгуулж чадсан эдгээр залуучуудын чин хүсэл эрмэлзэл нь залууст ээлтэй нийгмийг бүтээж, залууст тулгардаг саад бэрхшээлийг оновчтой тодорхойлж, шийдвэрлэх арга бий болгож чадахуйц төрийн бодлоготой болгох бөгөөд тэр  нь сайтар хяналт шалгалттайгаар үнэн шударгаар хэрэгждэг байх явдал" хэмээн тэд өгүүлж байсан юм. 

Төслийн үр дүн хэвлэл мэдээлэлд: 

https://peak.mn/news/sudalgaa-zaluuchuudad-chiglesen-turiin-zoriltot-uil-ajillagaa-ezdedee-khurch-chadakhgui-baina

https://presscenter.mn/posts/63b3dbea3b6986006ff7578a