Каритас нь Монгол дахь залуучуудын сайн дурын ажлыг дэмжиж байна
15. 4 дүгээр сар 2021 Амжилтын түүх

Каритас нь Монгол дахь залуучуудын сайн дурын ажлыг дэмжиж байна

Монгол улс бол залуучуудын өлгий нутаг юм. 15-34 насны залуучууд Монгол улсын нийт хүн амын гуравны нэгээс илүү хувийг эзэлж байна. Энэ ч утгаараа Каритас Чех Репаблик байгууллага нь залуучуудын хөгжлийн асуудлыг ихэд анхааран ажиллаж байна. Энэ ажлын хүрээнд Европын Холбооны дэмжлэгтэй хэрэгжиж буй “Бүгд залуусын төлөө, Залуус бүгдийн төлөө” төслийн дор http://ivolunteer.mn/ цахим хуудсыг шинэчлэн хөгжүүллээ.

Цахим хуудсаар дамжуулан залуучуудын сайн дурын ажил эрхлэх боломжийг нэмэгдүүлж байна

Сайн дурын ажил эрхлэх нь нийгэмд, тухайн орон нутагт төдийгүй хувь хүнд асар их ач тустай байдаг. Ялангуяа залуучууд нийгэмдээ үйлчлэхээс гадна шинэ ур чадварт суралцах, туршлага хуримтлуулах боломжийг нээж өгдөг. Хэдийгээр манай улсад өөрт тохирсон сайн дурын ажил олох эсвэл сайн дурын ажилтан олж ажиллуулахад зохих мэдээ, мэдээллийн дутмаг байдлаас үүдэн хүндрэлтэй байдаг.

Тэгвэл энэхүү асуудлыг шийдэхэд зориулагдан http://ivolunteer.mn/ цахим хуудас шинэчлэгдэн, идэвхитэй үйл ажиллагаа явуулж эхэллээ.  Энэхүү цахим хуудас нь Европын Холбоо болон Канад сангийн дэмжлэгтэйгээр “Бүгд залуусын төлөө, Залуус бүгдийн төлөө” төслийн хүрээнд Монголын залуучуудын эвсэл, Иргэний боловсролын төвийн хамтын ажиллагааны хүрээнд шинэчлэгдлээ.

Монголын залуучуудын төлөөллийн нэг Баасанням нь ivolunteer.mn цахим хуудсаар дамжуулж сайн дурын ажилтнаар ажилласан бөгөөд өөрийн түүхээ бидэнтэй хуваалцлаа.

Сайн дурын ажилтнаар ажиллах болсон шалтгаан

Баасанням нь  хүүхдэд ээлтэй, хөгшчүүлд таатай, тайван орчинд ажиллаж амьдрахыг мөрөөддөг нэгэн. Түүнд өнөөгийн нийгэм нь гэрээс гармагц л “амьд үлдэх тэмцээн”-д оролцож буй мэт адал явдалтай санагддаг байна. Тиймээс өөрийн хүссэн нийгмийг бүтээхэд бага ч болов оролцож эерэг нөлөө үзүүлье гэсэн бодлоор сайн дурын ажил хийж эхлэхээр зорьжээ. 

Baaska

Түүнд тулгарсан саад бэрхшээл, гаргалгаа

Тэрээр сайн дурын ажил хайж эхлэхэд ямар байгууллагууд сайн дурын ажилтан авах сонирхолтой байгаа, тухайн ажлыг хийснээр ямар боломжууд бий болох боломжтой, тухайн ажил нь нийгэмд утга учиртай оролцоо, хувь нэмэр болж чадах эсэх талаарх цогц мэдээллийг олох бэрхшээлтэй тулгарсан байна. Гэсэн хэдий ч тэрээр найзаасаа http://ivolunteer.mn/ цахим хуудасны талаар мэдээлэл авч сайн дурын гэрэл зурагчнаар ажилласан байна. Тэр цагаас хойш зөвхөн өөрийн сонирхол болох гэрэл зургаар ч зогсохгүй, өөр бусад нийгэмд тустай ажлуудыг ч хийж буй аж.

Сайн дурын ажлын үр өгөөж

“Сайн дурын ажлаар дамжуулан нийгэмдээ хувь нэмрээ оруулаад зогсохгүй, хуримтлуулсан туршлага маань ажлын байранд минь ихэд тус болж, шинэ найз нөхөдтэй болох, шинэ ур чадварт суралцаж байсан. Түүнчлэн аливаа зүйлийг өөр өнцгөөс харах чадварт ч суралцсан. Хүн ямар ч ажил хийсэн түүнийхээ үр шимийг заавал хүртдэгийг би мэдэж авсан даа. Тиймээс залуучууддаа хандаад хэлэхэд сайн дурын ажил хийж эхлэхээр зорьсон бол битгий хойш тавиарай. Нэгэнт эхэлсэн бол өөрийн завтай цагтаа тааруулах бус цаг, заваа зориулаад сэтгэлээсээ ажиллаарай. Таны оруулсан хувь нэмэр хэзээ ч багадахгүй гэдгийг дандаа санаж яваарай гэж хэлмээр байна” хэмээн тэрээр хуваалцсан юм.

20170312_133145

About iVolunteer.mn

iVolunteer санаачлага нь 2015 оноос үйл ажиллагаагаа эхэлсэн бөгөөд Ivolunteer.mn цахим хуудсыг Европын Холбоо болон Канад сангийн дэмжлэгтэй хэрэгжиж буй “Бүгд залуусын төлөө, Залуус бүгдийн төлөө” төслийн хүрээнд шинэчлэн сэргээсэн юм. Тус цахим хуудас нь төрийн болон төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн байгууллага болоод иргэний нийгмийн байгууллагуудыг сайн дурын ажилтнуудтай холбож өгөх замаар хамтдаа хөгжин суралцаж, нийгмийн хөгжилд залуусын бодит оролцоог дэмжих гүүр юм. Түүнчлэн цахим хуудас нь сайн дурын ажилтнуудад хийсэн ажлаа баталгаажуулан тодорхойлолт авах, сайн дурын ажил хийсэн байгууллагуудаа үнэлэх зэрэг өргөн боломж нээгдсэн юм.