Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн оролцоог нэмэгдүүлэх цахим хуудас бүтээж буй Б.Оюунтөгс
25. March 2023 Амжилтын түүх

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн оролцоог нэмэгдүүлэх цахим хуудас бүтээж буй Б.Оюунтөгс

Монголд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлтэй ажлын байр өдрийн од мэт ховор хэвээр байна. Харааны бэрхшээлтэй иргэн Б.Оюунтөгс өөрийн мэдлэг болон туршлагыг ашиглан та бидний ажиллах орчныг өөрчлөх мөрөөдөлтэй нэгэн. Каритас Чех Репаблик байгууллагын дэмжлэгээр Б.Оюунтөгс монгол хэл дээр, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрх болон хүртээмжтэй байдлын талаар мэргэжлийн мэдээллийг энгийн үг хэллэг, зурган тайлбартай Монголын анхны вебсайтыг хөгжүүлж байна.

Нийгмийн хэвшмэл хандлагыг халж, чухал мэдээллийг түгээнэ

Оюунтөгс бол хөгжлийн бэрхшээлийн нөхөн сэргээлтийн зөвлөхийн мэргэжилтэн АНУ-ын Фулбрайт тэтгэлгийн эзэн бүсгүй. Тэр мөн харааны бэрхшээлтэй иргэн. Тэрбээр хүртээмжтэй ажлын байр, хүн бүр ижил тэгш ажиллах боломжтой ирээдүйг мөрөөддөг.

Уг нь хүртээмжтэй байдал маш энгийн зүйлсээс эхэлдэг юм. Оффисын барилгын үүдэнд буй хэдхэн шат л бусдаас хараат бус байх бүрэн боломжтой тэргэнцэртэй иргэний бие даасан байдлыг үгүй хийсэн том даваа болж хувирдаг.

Хэрэв бизнес эрхлэгчид бүгдэд хүртээмжтэй орчин бүрдүүлэх талаар мэдээлэлтэй болох юм бол ажлын байрны тохируулга хийнэ гэдэг найдвар, элэг нэгтнүүддээ итгэх итгэл Б.Оюунтөгст бий. Бас хөгжлийн бэрхшээлтэй иргэд өөрсдийн хуулиар олгогдсон үндсэн эрхээ илүү мэддэг болох юм бол хүртэх эрхтэй үйлчилгээнүүдээ шаардаж чаддаг болно гэж бодож байгаа аж.

Тиймээс ч Оюунтөгс эдгээр чухал мэдээллүүдийг вебсайтдаа байршуулахаар шийджээ. Шийдэл нь ч тун хялбархан. Төрөл бүрийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хэрэгцээг ажлын байр нь ямар байдлаар хангах талаар мэдээллийг нэг дор төвлөрүүлэн байршуулах. Ийм төрлийн мэдээллийг эмнэлгийн салбарын бус хүн ойлгохоор хялбаршуулсан энгийн хэллэгтэй бүү хэл монгол хэл дээр олж авах бэрхшээлтэй байдаг.

Монголын хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн амьдралын зовлон, жаргалын талаар олон нийтэд илүү их мэдлэг түгээх нэн шаардлагатай байна. Хэвшмэл ойлголт, мухар сүсгийг няцаах мэдээлэл хомс байдгаас болж аутизм зэрэг зарим хөгжлийн бэрхшээлийг халдварладаг гэдэгт буруу ойлголттой хүмүүс одоо ч мэр сэр байгаа хэвээр. Тиймээс энэ төрлийн чухал мэдээллээс гадна өөр өөр хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст тохирох ажлын байр, тэдэнд тулгардаг саадуудыг хөнгөлөхийн тулд авах хэрэгтэй арга хэмжээнүүдийн жагсаалт уг вебсайт дээр байршуулах юм байна.

IMG_2272Б.Оюунтөгс Каритас Чех Репабликийн багийн гишүүдтэй хамт

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг чадавхжуулна

Б.Оюунтөгс вебсайтаараа дамжуулан Монголын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг чадавхжуулахыг зорьж байна. Тэрээр сайтдаа хүний эрхийн талаарх мэдээллийг хуулийн хэллэгээс ойлгоход амар, энгийн яриа руу орчуулдаг хуулийн хөтөч нэмж өгчээ.

Хүмүүс банкны үйл ажиллагааны дотоод журмыг ойлгох, өөрийн эрхийг хэрхэн гүйцэд ашиглах зэрэг бодит жишээнүүдийг уг сайтаас олох юм. Жишээлбэл, хөгжлийн бэрхшээлтэй иргэд орлогын албан татвараас хөнгөлөгддөгийг банкны ажилтнууд өөрсдөө мэдэхгүй байх тохиолдол ч байх нь бий.   Мөн өөрт нь ажлын таатай орчин бүрдүүлэхээс татгалзаж буй ажил олгогчид ямар хариу үйлдэл үзүүлэх, хуулийн дагуу гомдол гаргахаас өмнө авах арга хэмжээ, харилцах захидлуудаа хэрхэн бичих, аутизмтай хүнтэй ажлын ярилцлагыг яаж зохион байгуулах зэрэг мэдээллүүдийг багтаах юм.

Ажил олгогчдыг хүртээмжтэй байдлын хуулийг хэрэгжүүлэхэд шаардлагатай мэдээллээр хангах, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хуулийн дагуу өөрийн эрхээ хамгаалах боломжийг зэрэг олгох Оюунтөгсийн санаа цоо шинэ салхи авчирч байна.

Б.Оюунтөгсийн вебсайт хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн Монголын хөдөлмөрийн зах зээлийн оролцоонд бодит өөрчлөлт авчирч чадах нөөц бололцоотой. Каритас Чех Репабликийн зохион байгуулсан олон нийтээс санхүүжилт босгох үйл ажиллагаагаар Оюунтөгс 6.5 сая төгрөг цуглуулж чадсан боловч вебсайт хөгжүүлэлт, серверийн хөлс зэрэг зардлуудад ахиад 4 сая төгрөг шаардлагатай хэвээр байна. Бүтэн цагаар хөдөлмөр эрхэлдэг Б.Оюунтөгс вебсайтын консепцийн баталгаа болгон чөлөөт цагаараа эхний 20 хувийн контентийг бэлтгэсэн юм. Хэрэв түүний эхлүүлж буй үйл хэрэг танд ач холбогдолтой санагдсан бол уг платформд хандив өргөөрэй. Голомт банкны 2105129267 ам.долларын дансанд [IBAN: MN88 0015 0021 0512 9267] мөнгөн хандив шилжүүлж болохоос гадна та өөрийн биеэр туслах ч боломжтой шүү. Түүнтэй холбогдохыг хүсвэл h.oyuntugs@gmail.com хаяг руу цахим шуудан илгээгээрэй

Б.Оюунтөгс вебсайтаа цаашид хэрхэн хөгжүүлэхээ аль хэдийн тодорхойлжээ. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд итгэл түгээх тнь үүний зорилго. Мөн тэдэнтэй хамтран ажиллагсад, найз нөхөд, гэр бүл гээд хөгжлийн бэрхшээлийн нөлөөг мэдэрдэг хүн бүрд найдвар төрүүлэх юм. Яг одоо өөрчлөлтийг эхлүүлцгээе!

Төслийн талаар: Европын Холбооны санхүүжилттэйгээр, Каритас Чех Репаблик, Иргэний Боловсролын Төв болон Монголын Залуучуудын Эвслийн хамтран хэрэгжүүлж буй “Бүгд залуусын төлөө, залуус бүгдийн төлөө” төсөл нь залуусын төлөөх иргэний нийгмийн байгууллагуудын сүлжээг бий болгох, тэднийг чадавхижуулах замаар залуусын иргэний оролцоог нэмэгдүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжин, тэднийг хөгжүүлэх, залууст зориулсан шийдвэрүүдийг бодлогын төвшинд хэрэгжүүлэх, залууст тулгарч буй бэрхшээлүүдийг судлах зорилготой. Уг төсөл нь Улаанбаатар хот, Хэнтий, Сэлэнгэ, Дорноговь болон Баянхонгор аймгуудад хэрэгждэг.