Ногоон байгаль орчны төлөөх бяцхан дэмжлэг
15. 9 дүгээр сар 2021 Амжилтын түүх

Ногоон байгаль орчны төлөөх бяцхан дэмжлэг

Хуванцар нь бидний өдөр тутмын амьдралтай салшгүй холбоотой. Гэвч хуванцрын хэрэглээ нэмэгдэх хэрээр байгаль орчны доройтолд их нөлөөлдөг байна. Иймд Каритас Чех Репаблик Монгол дахь суурин төлөөлөгчийн газар (КЧР) нь Европын Холбоо, Европын Холбооны SWITCH-Asia хөтөлбөр болон БНЧУ-ын Гадаад Хэргийн Яамны дэмжлэгтэйгээр Монгол улс дахь хуванцар хог хаягдлын дахин боловсруулалтын тогтвортой байдлыг хангах төслийн хүрээнд байгаль орчин дахь хуванцрын сөрөг нөлөөллийг бууруулах, хуванцар хог хаягдлыг дахин боловсруулдаг жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжин ажиллаж байна.

Манай улсад хуванцар хог хаягдал дахин боловсруулах 20 гаруй үйлдвэр ажилладаг байсан бол сүүлийн жилүүдэд КОВИД-19 цар тахалтай холбоотойгоор үүссэн хөл хорио болон санхүүгийн дарамтаас шалтгаалан зарим үйлдвэрүүд хаалгаа барьжээ. Тиймээс КЧР байгууллага нь Зориг сангийн хэрэгжүүлж буй “Тогтвортой ногоон бизнес” хөтөлбөртэй хамтран хог хаягдал дахин боловсруулалтын 3 үйлдвэрийн үйл ажиллагааны тогтвортой байдлыг дэмжих үүднээс сонгогдсон үйлдвэрүүдэд “Бизнес шинжилгээ” – г мэргэжлийн шинжээчдээр хийлгэсэн юм.

IMG_4810Метропласт компани нь цар тахлын энэ тааварлашгүй цаг үед үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж буй хог хаягдал дахин боловсруулах цөөхөн үйлдвэрүүдийн нэг юм. Метропласт компани нь 2011 оноос дахин боловсруулсан хуванцар материалаар вакуум цонхны бэлдэц хийж, хуванцар хоолой үйлдвэрлэж байгаа юм. Д.Алтангэрэл нь Метропласт компанийн үүсгэн байгуулагч бөгөөд өөрийн бизнест тулгамддаг асуудлууд, түүнийг хэрхэн даван гарсан тухай түүхээ бидэнтэй хуваалцлаа.

Ногоон бизнес эрхлэх болсон шалтгаан

Д. Алтангэрэл нь электроникийн инженер мэргэжилтэй бөгөөд тэрээр одоогоос 10 жилийн өмнөөс бизнесээ эрхэлж эхэлсэн байна. Тухайн үед Монгол улсад уул уурхай болон барилгын салбар эрчимтэй хөгжиж эхэлсэн ч тухайн салбарыг дэмжих түүхий эд, бараа бүтээгдэхүүн нь гадаадаас буюу ялангуяа Хятад улсаас импортоор орж ирдэг байв. Иймд тэрээр дотооддоо байгаль орчинд ээлтэй бүтээгдэхүүн үйлдвэрлэхээр шийдсэн байна. Тэрээр хог хаягдал дахин боловсруулах туршлагагүй байдал болоод бизнесийн хангалтгүй судалгаанаас үүдэлтэйгээр эхний хоёр жил ямар ч ашиггүй ажилласан хэмээн тухайн үеэ эргэн дурсав. Хэдий тийм ч тэрээр бууж өгөлгүй, бизнесийн үйл ажиллагаагаа сайжруулах гаргалгааг тасралтгүй эрэлхийлж байсны эцэст яваандаа үйл ажиллагаа нь сайжирч эхэлсэн байна.

IMG_4748

КОВИД – 19 цар тахлын үр нөлөөтэйгөөр түүний бизнест одоо ч олон асуудал тулгарсаар байгаа аж. Түүний ногоон бизнест тулгарч буй хамгийн том асуудлын нэг нь ажиллах хүчний дутагдал байгаа юм. Түүний үйлдвэр нь 35 хүн ажиллуулах хүчин чадалтай хэдий ч одоогоор зөвхөн 21 ажилтан ажиллаж буй юм.

“Бид хүний нөөцийн зөвлөх үйлчилгээ авч, ажилтан хөлсөлж авах төрөл бүрийн суваг ашиглан шинэ ажилтнуудыг их удаан хугацаанд хайж байна. Ялангуяа КОВИД цар тахалтай холбоотой хөл хорио тавигдах болсон сүүлийн хоёр жилд шинэ ажилтан олох маш хэцүү болсон. Миний бодлоор төр засгаас цар тахалтай холбоотойгоор авч буй хариу арга хэмжээ буюу бэлэн мөнгө ард иргэдэд тараах зохисгүй халамжийн систем үүнд их нөлөөлсөн гэж үзэж байна. Энэ нь зарим хүмүүсийг ажил, хөдөлмөр эрхлэх шаардлагагүй болгож байна гэж харж байна. Энэ асуудлаас гадна КОВИД цар тахлын үр нөлөөгөөр импортын түүхий эд маань хил дээр удах, гацах асуудал их гарч байна” хэмээн Метропласт компанийн үүсгэн байгуулагч Д.Алтангэрэл хуваалцсан юм.  

IMG_4771  IMG_4819

Цагаа олсон зорилго, зөв газар дахь жижиг дэмжлэг

Энэ цаг үед ногоон бизнесүүд няцашгүй, уян хатан байдлаар үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн авч үлдэх нь маш чухал юм. Иймд бид Метропласт компанийн тогтвортой үйл ажиллагааг дэмжихэд багахан тус болох үүднээс тэдний үйл ажиллагааг сайжруулах бизнес анализыг хийлгүүлсэн юм.

Энэхүү бизнес анализийн үр дүнд тухайн компанийг дан ганц уламжлалт борлуулалтын аргаар үйл ажиллагаагаа явуулалгүй борлуулалтын сувгаа солонгоруулж, хүний нөөцийн менежментийн Кайзин, 5 Эс арга хэлбэрийг ашиглаж ажилчдын бүтээмжийг нэмэгдүүлэх шаардлагатай гэх зэрэг зөвлөмжийг хүргүүлсэн юм.

 “Бид өдөр тутмын шийдвэр гаргалтаас эхлээд стратегийн зорилго, төлөвлөгөө хүртэлх үе шат, үйл ажиллагаандаа бизнес анализ хийлгэсэндээ баяртай байна. Энэхүү анализын үр дүнд бид үйл ажиллагаагаа хэрхэн сайжруулах зөвлөмж хүлээн авсан бөгөөд эдгээрийг 2022 оны бизнес төлөвлөгөөндөө тусган ажиллахаар төлөвлөж байна. Түүнчлэн манай зарим үйлчлүүлэгчид дахин боловсруулсан бүтээгдэхүүн дээр сөрөг хандлагатай байна гэж маш зөв тодорхойлсон байна лээ. Харамсалтай нь энэ бол үнэн. Манай иргэд дахин боловсруулагдсан бараа бүтээгдэхүүний чанарт эргэлздэг бөгөөд дахин боловсруулагдсан бүтээгдэхүүний байгаль орчинд үзүүлэх эерэг нөлөө, үр ашгийн талаар мэдлэг багатай байна” хэмээн Д.Алтангэрэл онцлон хэлсэн юм.

Дахин боловсруулалт нь байгалийн нөөц, энергийг хэмнэж, байгаль орчныг хамгаалахаас гадна шинэ ажлын байруудыг нэмэгдүүлдэг юм. Иймд ногоон бизнесүүдээ дэмжиж, байгаль орчноо хамтдаа хамгаалцгаая!

Төслийн тухай: Каритас Чех Репаблик байгууллага нь Европын Холбооноос (SWITCH-Asia хөтөлбөр) санхүүжүүлж буй “Монгол улс дахь хуванцар хог хаягдлын дахин боловсруулалтын тогтвортой байдлыг хангах” төслийг Монголын Байгаль Орчны Аюулгүй Байдлын Төв, Эко Сум ТББ, Монголын Тогтвортой Хөгжлийн Гүүр, Т.Г. Масарыкын нэрэмжит Усны Судалгааны Институт гэх дөрвөн хамтрагчидтай хэрэгжүүлж байна.  Төслийн ерөнхий зорилго нь Монгол улсын ногоон эдийн засгийн хөгжил, нүүрстөрөгч багатай, нөөцийн хэмнэлттэй, тойрог эдийн засагт шилжихэд дэмжлэг үзүүлэх юм. Дэлгэрэнгүй мэдээллийг эндээс авна уу.