Сүүлийн арван жилийн хугацаанд хүн амын өсөлт, хотжилт, үйлдвэржилт нэмэгдсэнтэй холбоотойгоор Монгол улсад хог хаягдлын менежмент нь тулгамдсан асуудал болоод байна. Тиймээс Каритас Чех Репаблик (КЧР) байгууллага нь Монгол улс дахь хуванцар хог хаягдлын дахин боловсруулалтын тогтвортой байдлыг хангах болоод ногоон эдийн засгийн хөгжлийг дэмжих шинэ төслийг Европын Холбооны дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж эхлээд байна. Энэхүү төсөл нь нүүрстөрөгч багатай, нөөцийн хэмнэлттэй тойрог эдийн засагт шилжих шилжилтийг бэхжүүлэх зорилготой юм.
2010 онд Монгол улс дахь нийт хог хаягдлын хэмжээ 840,000 тонн байсан бол 2019 он гэхэд даруй 4 дахин нэмэгдэж 3,353,000 тонн болжээ. Манай улсад хог хаягдал дахин боловсруулах 23 үйлдвэр идэвхитэй үйл ажиллагаа явуулдаг хэдий ч нийт хог хаягдлын 80 гаруй хувь нь дахин боловсруулагддаггүй, хаягддаг байна.
Эдгээр дахин боловсруулах үйлдвэрүүдийн тулгамдсан асуудлуудын нэг бол түүхий эдийн дутагдал буюу бидний өдөр тутамдаа гарган хаядаг хог хаягдал байдаг байна. 2021 оны Нэгдүгээр сард хуванцар хог хаягдлын менежментийн төслийн баг нь хог хаягдлыг гэртээ хэрхэн ялган ангилах талаар цахим сургалт зохион байгуулж олон хүнийг хамруулсан юм. Хэрвээ хүн бүр Уянга шиг ахуйн хог хаягдлаа гэр гэртээ ангилан ялгаж хэвшвэл газарт булагдах хог хаягдлын хэмжээ багасахаас гадна байгаль орчин, иргэдийн эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөө багасах юм.
Байгальд ээлтэй амьдрах сэдэл
Энэтхэг улсад Уянгааг оюутан байхад хөршүүд нь түүнийг яагаад өдөр бүр усанд ордгийг гайхан асуудаг байв. Тэрээр тухайн үед дэлхий дээр жил бүр багадаа 2 тэрбум хүн бохирдсон эс үүсвэрээс улбаатай усаар ундаалж, хагас сая хүн усны хомстол, бохир уснаас болж нас бардгийг мэддэггүй байжээ. Тэрээр эх орондоо ирээд зусланд гарахдаа ойр хавийн үхэр, гахай зэрэг мал амьтад өвс, тэжээл гэхээс илүү хог идэж байгааг хараад ихэд гуниглажээ.
Энэ мөчөөс эхлээд тэрээр байгаль орчин болоод ан амьтанг хамгаалахад өөрийн зүгээс хийж чадах зүйл юу байж болох талаар өөрөөсөө асуух болжээ. Тэрээр амьдралын хэв маягаа өөрчилж, байгаль орчинд ээлтэй хэв маягийг хэвшүүлж эхэлсэн байна. Уянга нь өдөр тутмынхаа хог хаягдлыг ахуйн түвшинд ангилан ялгаж, түүхий эд хүлээн авах цэгт авчирч өгдөг байна. Энэхүү цэгт цугларсан ангилсан хог хаягдал буюу түүхий эд нь дахин боловсруулах үйлдвэрүүдэд хүргэгддэг байна.
Хог хаягдлаа ангилан ялгацгаая
“Анх удаа гэртээ хог хаягдлаа ангилан ялгах гэж буй айлууд дахин боловсруулах боломжтой хог хаягдал буюу дахивар, дахин боловсруулах боломжгүй хог хаягдал гээд хоёр хэсэгт ангилж эхлээрэй. Дахин боловсруулах боломжтой хог хаягдлаа байрныхаа балкон дээр хурааж байгаад хоёр сард нэг удаа түүхий эд авах цэгт аваачиж өгч байгаарай. Анхлан хогоо ангилж эхэлж байгаа хүмүүст энэ арга нь илүү хялбар бөгөөд хэрэгжүүлэхэд их амар байдаг шүү” хэмээн Уянга өөрийн туршлагаасаа хуваалцсан юм.
Тэрээр хог хаягдал их гарахаас сэргийлж дахин ашиглах боломжтой даавуун тор хэрэглэх, хуванцар баглаа боодол их агуулсан бүтээгдэхүүн аль болох худалдан авахгүй байх, эрүүл хооллохын тулд хагас боловсруулсан хүнсний бүтээгдэхүүн бага хэрэглэдэг байна. Ингэснээр ахуйн түвшинд үүсэх хог хаягдал нь эрс багассан байна.
Тэрээр Монгол дахь хог хаягдлын менежментийн ирээдүйг өөдрөгөөр төсөөлдөг. Уянга нь сүүлийн жилүүдэд хэрэгжиж эхэлсэн хог хаягдлын менежментийн томоохон төсөл хөтөлбөр болоод Монгол улс дахь хуванцар хог хаягдлын дахин боловсруулалтын тогтвортой байдлыг хангах төсөл нь ирээдүйд өөрчлөлт авчирна гэж харж буй аж. Түүнчлэн тэрээр ахуйн хүрээнд ангилсан хог хаягдлаа өөрийн биеэр түүхий эд хүлээн авах цэгт хүргэж өгөлгүй, гэрийн гадаах хогийн цэгээр дамжуулж хогоо ангилж, дахивар нь тухайн цэгээс хог хаягдал дахин боловсруулах үйлдвэрт шууд хүргэгдэг болно гэж найдаж байгаа аж.
Хог хаягдаа ангилан ялгацгаая!
Төслийн тухай: Каритас Чех Репаблик байгууллага нь Европын Холбооноос (SWITCH-Asia хөтөлбөр) санхүүжүүлж буй “Монгол улс дахь хуванцар хог хаягдлын дахин боловсруулалтын тогтвортой байдлыг хангах” төслийг Монголын Байгаль Орчны Аюулгүй Байдлын Төв, Эко Сум ТББ, Монголын Тогтвортой Хөгжлийн Гүүр, Т.Г. Масарыкын нэрэмжит Усны Судалгааны Институт гэх дөрвөн хамтрагчидтай хэрэгжүүлж байна.
Төслийн ерөнхий зорилго нь Монгол улсын эдийн засгийн хөгжил цэцэглэлт, ядуурлыг бууруулахад хувь нэмэр оруулах, ногоон эдийн засгийн хөгжил, нүүрстөрөгч багатай, нөөцийн хэмнэлттэй, тойрог эдийн засагт шилжихэд дэмжлэг үзүүлэх юм. Дэлгэрэнгүй мэдээллийн эндээс авна уу.