МУИС-н оюутан Ариунаа бол Каритас Чех Репаблик байгууллагаас зохион байгуулсан “Сайн дурын ажилчдыг чадавхжуулах хөтөлбөр”-н оролцогчдын нэг юм. Тэрээр бусад залуусын хамт Эх Дэлхийн Өдөр, Европын Өдөрлөг зэрэг томоохон олон нийтэд зориулсан үйл ажиллагааг зохион байгуулж, олон зүйлийг сурчээ. Ийнхүү ажиллах үеэрээ өөрийгөө дахин цоо шинээр нээж, олон зүйлсэд суралцжээ. Бид түүнтэй ярилцаж, сайн дурын ажил хийсэн урам зориг дүүрэг туршлагаас нь хуваалцлаа.
Каритас Чех Репаблик ОУТББ-д сайн дурын ажил хийсэн Ариунаагийн түүх
Ариунаагийн ангийнхны групп чатад нэг найз нь “Сайн дурын ажилчны чадавхжуулалт хөтөлбөр” “Сайн дурын ажилчны чадавхжуулалт хөтөлбөр” зарлагдсан тухай линк явуулжээ. Орон нутгаас Улаанбаатар хотод МУИС-н оюутан болж ирсэн анхны жил тул хичээл ч ихтэй байгаад эхэндээ нэг их анхаарч харсангүй. Харин ангийнхан нь бараг бүгд оролцох хүсэлт илгээснийг мэдээд өргөдөл хаах сүүлийн өдөр нь амжиж материалаа явуулжээ. Ингээд түүний Каритас Чех Репаблик байгууллагад сайн дурын ажил хийсэн огтхон ч төсөөлөгдөөгүй сонирхолтой, бас баярламаар аялал эхэлсэн юм.
Ариунаа бол Каритас Чех Репаблик байгууллагаас Европын холбоо болон Австралийн сайн дурын хөтөлбөрийн санхүүжилттэй хэрэгжүүлж буй Монгол Улс дахь хуванцар хог хаягдлын дахин боловсруулалтын тогтвортой байдлыг хангах төслийн хүрээнд зохион байгуулагдсан Сайн дурынхныг чадавхжуулах хөтөлбөрт хамрагдсан манлайлагч 50 төгсөгч залуусын нэг юм.
Хөтөлбөрт хамрагдсаны дараа бусад сайн дурын залуустайгаа хамтран 4 сарын 20-нд 500 гаруй хүүхэд залуусыг нэгтгэсэн Эх дэлхийн өдрийг зохион байгуулж Эх дэлхийн өдрийг зохион байгуулж , 5 сарын 11-нд Сүхбаатарын талбайд болсон Европын өдөрлөгөөр сайн дурын ажил хийж, нэг өдөрт 600 орчим зочдод хүрч ажилласан юм. Эхний үйл ажиллагаанд Ариуны зураг авалтын хэсгийг хариуцаж ажилласан бол хоёр дахь удаагийн сайну дурын ажилдаа тэмцээнд орсон хүүхдүүдэд бэлэг өгөх, бүртгэлжүүлэх ажлыг хариуцаж хийсэн юм. Ингээд түүний сайн дурын ажил хийсэн туршлага, үзэл бодлыг хуваалцсанаа хүргэе.
Өөрийгөө уншигчдад товч танилцуулна уу?
Би Архангай аймгийн Өлзийт суманд төрж, өссөн. Сумандаа12 жилээ төгсөөд МУИС-д элсэн суралцаж байна. 3 дүүтэй, айлын том охин. Манай аавыг Болдсүх гэдэг, тээврийн жолооч мэргэжилтэй, харин манай ээж Мөнгөнцэцэг, биологийн багш. Дунд сургуулийн 11-р ангид байхдаа сургуулийнхаа Эко клубдээ явдаг байсан.
Ариунаагийн сайн дурын ажлын түүх яаж эхэлсэн бэ?
Анх нарийн учрыг нь сайн мэдээгүй. Найзууд бүгд Каритас Чех Репаблик байгууллагаас зарласан хөтөлбөрт бүртгүүлэхээр нь ганцаараа үлдэхгүй гээд хүсэлтээ илгээсэн чинь маргааш нь тэнцсэн хариу авсан. Яг 3 өдрийн сургалтандаа хамрагдсаны дараа нэлээн чухал үйл ажиллагааны нэг хэсэг болчихлоо гэж бодогдсон. Би төсөөлөхдөө бэлэн зааварчилгааны дагуу ямар нэг юм хийх нь дээ гэж бодож байсан. Гэтэл өөрсдөө санааг нь гаргахаас эхлээд гүйцэтгэх хүртэл бүх зүйлийг нь хийнэ гэхээр их том зүйл шиг санагдсан. Бас түүнийгээ дагаад дотроо санаа зовж байсан. Харин Каритас Чех Репаблик байгууллагын оффис дээр болсон Эх дэлхийн өдрийг зохион байгуулах багийн анхны уулзалтандаа очоод дэлгэрэнгүй мэдээлэл авсны дараа, санаа уужирсан.
Ер нь сайн дурын ажилтан байх ямар байдаг вэ, ямар мэдрэмж авдаг вэ?
Би өөрийгөө нэлээд эршүүд, бүдүүн хоолойтой гэж боддог л доо. Гэтэл сүүлд ажилласан Европын өдөрлөгөөр хоолойны өнгө маань илүү эмэгтэйлэг болоод, цаанаасаа инээмсэглэмээр санагдаад, эелдэг зөөлөн болоод байгаагаа анзаарсан. Өөрөө ч гайхсан /инээв/. Хүүхдүүд ирэхэд цаанаасаа инээгээд, тийм нэг эелдэг хүн болоод байсан. Юманд онгод орно гэж байдаг шиг сайн дурын ажил хийхээр ядрахгүй, инээгээд л гүйгээд л, бүр цаанаасаа гоё байсан.
Каритас Чех Репаблик байгууллагад сайн дурын ажил хийх нь бусад газар сайн дурын ажил хийхээс ямар нэг ялгаатай байсан уу?
Саяхан би нэг оюутан зуучлалын компаний өдөрлөг дээр сайн дурын ажил хийсэн юм. Тэр үед зөвхөн зогсож байсан асрынхаа эгчтэй харилцсан. Авсан мэдээллээ буцаагаад ирсэн хүмүүст давтаж ярьж өгсөн. Каритас Чех Репаблик байгууллагын хувьд сайн дурынхандаа хийж байгаа ажлынх нь утга учрыг уг үндэснээс нь танилцуулж, ойлгуулж өгсөн. Хийж байгаа зүйл маань ямар утга учиртай, энэ мэдээллийг бусдад өгснөөр ямар үр дүнд хүрэх билээ гэдгийг бодож хийх нь их чухал юм билээ. Сайн дурын залуустаа элэгтэй санагдсан. Баярлалаа гэж хэлье. Их гоё харилцдаг байсан.
Өөрийн туршлагууд дээрээ үндэслээд сайн дурын ажил хийхийн хамгийн чухал нэг зүйлийг онцолж хэлбэл?
Сайн дурын ажил хийж байгаа үеийн уур амьсгалыг онцолно. Хүмүүст хэрэгтэй зүйлийг ойлгуулж байгаа, хүмүүс эргээд ойлгож, анхаарч байгаа тэр мэдрэмж гоё. Өөрийгөө шинээр нээсэн мэдрэмж. Бүгд энд тэнд завгүй гүйсэн мөртлөө, ядарсан мэдрэмжгүй, цаанаасаа л гоё мэдрэгдэж байсан. Гэртээ хариад, өнөөдрийг хий дэмий биш утга учиртай өнгөрөөлөө дөө гэж бодоход сайхан байсан. Шинээр нээгдсэн өөрийгөө харах, би чинь ийм байсан байна гэж бодох гоё байсан.
Чиний ярианаас харвал олон эерэг туршлагыг хуримтлуулжээ. Чиний бодлоор хүмүүс ер нь яагаад сайн дурын ажил хийх хэрэгтэй вэ?
Бидний тархи толгой инэнхдээ эргэн тойронд болж байгаа орчны асуудлууд, стрессээр дүүрсэн байдаг. Тэгвэл тэрнээсээ бүрэн холдож, тархи өөр юманд хандуулж, хүмүүст өдөржингөө тусална гэдэг нь өөрөө тайвшрал болдог санагдсан. Хичээл шалгалт яана аа ч гэж бодохгүйгээр тухайн өдрийн үйл ажиллагаандаа өөрийгөө бүрэн зориулаад эцсийг нь үзнэ гэдэг цогц амралт юм шиг санагдсан. Мэдээж “гэрчилгээ” авах чухал л байх. Гэхдээ сэтгэл санаа, оюун бодлоо өөр юманд зориулж анхаарах нь бүр ч чухал.
Хоёр удаа томоохон арга хэмжээнд ажилласан байна. Эдгээр сайн дурын ажлуудаасаа шинээр сурсан зүйл байвал хуваалцаач?
Би ер нь бол өөрийгөө дотогшоо хүн гэж боддоггүй. Гэхдээ бас огт танихгүй хүнтэй тэр бүр шууд нээлттэй байж чаддаггүй болохоор бусдад үг дүү цөөтэй юм шиг буруу ойлголт төрүүлчих гээд байдаг. Би сайн дурын ажил хийгээд танихгүй хүмүүсээс айхгүйгээр нүд рүү нь харж байгаад харилцаж сурсан. Өөрийнхөө тухай буруу ойлголт өгөхгүйгээр бусадтай харилцаж сурсан. Олон хүмүүс юм асуухад яаж хариулахаа мэдэж байсан ч заримдаа чимээгүй байдаг байсан. Тэрийгээ эвдэж, шууд нээлттэй харилцаж сурсан.
Сая Эх Дэлхийн өдөрлөг дээр миний хариуцаж байсан “Зураг авалтын буланд” 100 гаруй хүн ирж зураг авахуулсан. Тэр бүх хүмүүст өдөрлөгийнхөө тухай мэдээлэл өгсөн. Нэг өдөрт 100 хүнтэй харилцах боломж сайн дурын ажлаас өөр газар олдох болов уу. Европын өдөрлөг дээр бас 100 гаруй хүнтэй харилцсан. Одоо бол хаана ч хэнтэй ч нээлттэй харилцаж чадна.
Ярилцлагын төгсгөлд нэмж хэлэх зүйл байвал сүүлийн асуултыг үлдээе.
Миний бодлоор хүний дотор олон өөр өөр хүн байдаг. Тэр дундаас өөрийнхөө хамгийн сайн талыг сайн дурын ажил хийж олж харах боломжтой. Би ер нь хүнлэг, бусдад туслах хүсэлтэй хүн үү? эсхүл биш үү? гэдгээ олж мэднэ. Сайн дурын ажил хийхдээ яг юу мэдэрч байна, ядарч залхаж байна уу? эсхүл дотроосоо асаад, эрч хүч ундраад байна уу? гэдгээс харагдана /инээв/. Өөрийгөө шинээр таньж мэдээд түүнийгээ бусдад ч харуулах хэрэгтэй. Сайн дурын ажил хийхийн хамгийн том тус нь тусалж байгаа хүмүүст биш өөрт чинь ирж байгаа шүү. Тэндээс чи юу хийж чаддаг бас чаддаггүй зүйлээ олж мэдэж авна. Хүрээллээ ч тэлнэ гэж хэлмээр байна.
Ярилцсанд баярлалаа. Цаашдын ирээдүйд нь хамгийн сайн сайхныг хүсье!
Каритас Чех Репаблик ОУТББ
2006 онд хамгийн анхны төслөө Монгол улсад хэрэгжүүлснээс хойш Каритас Чех Репаблик байгууллага нь өдгөө 20 гаруй төслийг Улаанбаатар хот болон 15 аймагт хэрэгжүүлээд байна. Манай байгууллага нь сургуулийн өмнөх боловсрол, мэргэжлийн боловсрол, хүний эрх, нийгмийн ажил, амьжиргааг дэмжих, хүмүүнлэгийн тусламж, байгалийн гамшгийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хөдөө аж ахуй, байгаль орчин, хог хаягдал дахин боловсруулах чиглэлд төвлөрөн ажилладаг. Олон улсын болон үндэсний, орон нутгийн түвшний төр, хувийн хэвшлийн байгууллага, нийгэмлэгүүдтэй хамтран ажилладаг бөгөөд өөрсдийн үйл ажиллагаандаа Монгол улсын ирээдүйн манлайлагчдыг бэлтгэх сайн дурын ажилчдыг идэвхтэй оролцуулахыг зорьж, нэгдсэн бодлогыг боловсруулан ажиллаж байна.