Бизнесийн уралдаанд оролцохыг урьж байна
17. 9 дүгээр сар 2021 Мэдээ

Бизнесийн уралдаанд оролцохыг урьж байна

Каритас Чех Репаблик (КЧР) Монгол дахь суурин төлөөлөгчийн газар нь Европын Холбооны дэмжлэгтэйгээр “Бүгд залуусын төлөө, Залуус бүгдийн төлөө” төслийг Монголын Залуучуудын Эвсэл болон Иргэний Боловсролын Төвтэй хамтран хэрэгжүүлж байна. Энэхүү төслийн зорилго нь залуучуудын хөгжил, оролцооны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ТББ-ын чадавхийг бэхжүүлэн, хамтын ажиллагааны сүлжээ үүсгэн, судалгаа, нөлөөлөл хийх замаар Монгол улсын засаглал, хөгжлийн явцад хувь нэмэр оруулах чадвартай залуучуудын иргэний нийгмийг бэхжүүлэхэд оршино.

Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих дэд зорилгын хүрээнд залуучууд, нийгмийн эрхэм зорилготой бизнес эрхлэгчид, энтрепренеруудыг орон нутагт хийгдэх бизнесийн саналаа боловсруулан “Бизнесийн уралдаан”-д оролцохыг урьж байна. Хэрэв тухайн бизнесийн төслийн санал санаачлага нь орон нутгийн залуучуудад ажлын байр бий болгох бол давуу тал болно.

Энэхүү уралдаан нь дараах оролцогчдод нээлттэй: Төслийн зорилтод газрууд болох Улаанбаатар хот болон Сэлэнгэ, Хэнтий, Дорноговь, Баянхонгор аймгуудын хувь  залуучууд, нийгмийн энтрепренерууд, ТББ-ууд, хоршоод, ХХК болон бусад оролцогч нар.

Бизнесийн уралдааны зорилго

Энэхүү уралдааны зорилго нь залуучууд, залуучуудын удирддаг ТББ-ууд, нийгмийн энтрепренеруудын санаачилсан Бизнесийн төслийг дэмжихэд оршино. Уг төсөл нь зорилтод аймгууд болон Улаанбаатар хотод залуучуудад ажлын байр бий болгоход чиглэнэ.

Дараах төрлийн үйл ажиллагаанд санхүүжилт олгоно. Бизнесийн санаа, үйл ажиллагаа нь доорх агуулгаар хязгаарлагдахгүй бөгөөд нэмэлт шинэ санаа, үйл ажиллагааг мөн хүлээн зөвшөөрнө.

  1. Зорилтод 5 газар амжилттай хэрэгжих боломжтой бизнесийг бий болгох, дэмжихэд чиглэсэн үйл ажиллагаанууд;
  2. Орон нутагт үйл ажиллагаа явуулж буй бизнес, өрсөлдөх чадварыг бэхжүүлэх үйл ажиллагаанууд;
  3. Залуучуудын хөдөлмөр эрхлэлт, бизнес эрхлэлтийг дэмжих замаар орон нутгийн эдийн засагт залуучуудын оролцоог сайжруулах, бэхжүүлэх үйл ажиллагаанууд;
  4. Орон нутаг дахь залуучуудын ажлын байрыг нэмэгдүүлэх үйл ажиллагаанууд;
  5. Залуучуудын хөдөлмөр эрхлэлт, орон нутгийн хөгжлийг дэмжсэн бусад үйл ажиллагаанууд.

Шаардлагууд

  1. Санал болгож буй бизнесийн төсөл, санал санаачлага нь хүний эрх болоод хөдөлмөрийн нөхцөл, ажлын байран дахь аюулгүй байдал, цалин хөлсний хувьд ажилчдын эрхийг хүндэтгэсэн байх;
  2. Шалгарсан бизнесийн төслийг санаачлагч нь 2021 оны 10-р сараас 12-р сар дуустал хэрэгжүүлнэ;

Шалгуур үзүүлэлт

Дараах шалгуур үзүүлэлтийг хангасан бизнес саналд санхүүгийн дэмжлэг үзүүлнэ:

- Бизнес төсөл нь амжилттай хэрэгжихүйц байх.

  • Төсвийг сайтар тооцоолсон байх
  • Тогтвортой үргэлжлэх
  • Бизнесийн зорилтод сегмент, үйлчлүүлэгчийн төрөл, хамрах хүрээг сайтар тодорхойлсон байх

- Уралдаанд оролцогчдын ижил төстэй бизнесийн төсөл хэрэгжүүлж байсан туршлага;

- Шинэлэг байдал (Бизнесийн төсөл нь тухайн орон нутагт өмнө нь хэрэгжиж байгаагүй бол давуу тал болно);

- Санал болгож буй хамтран санхүүжүүлэх дүн (заавал биш).

Шагнал

/Оролцогчид нь бизнесийн төсөлдөө (i) доорх дүнтэй нийцүүлэн төсвөө гаргах эсвэл (ii) доорх төсөв нь тухайн бизнесийн үйл ажиллагааны нэгээхэн хэсэгт зарцуулагдахаар төлөвлөн тусгана/

  • 1-р байр – 16,500,000₮
  • 2-р байр – 14,850,000₮
  • 3-р байр – 13,200,000₮

Бүрдүүлэх материал

  1. Бизнесийн төслийн санал болон үйл ажиллагааны төлөвлөгөө (5 хуудаснаас хэтрэхгүй)
  2. Төсвийн задаргаа (тухайн шагналын мөнгөн дүнг 2021 оны 12-р сард багтаан зарцуулахаар төлөвлөх)
  3. Ижил төрлийн бизнес, төсөл хэрэгжүүлж байсан туршлага, мэдлэгийг нотлох баримт бичиг
  4. Бизнесийн төслийн үндэслэлийг дэмжих судалгаа, мэдээлэл
  5. Улсын бүртгэлийн гэрчилгээ (хэрэв байгууллага бол)

Тэмдэглэл: Зөвхөн зохих бүх бичиг баримтыг бүрдүүлсэн оролцогчийн материалыг үнэлнэ.

Уралдаанд оролцогч нь бизнесийн үйл ажиллагаагаа дараах дарааллаар төлөвлөнө. Үүнд:

  1. Бизнесийн судалгаа
  2. Бизнесийн үйл ажиллагааны төлөвлөгөөг зохих хугацаатай нь боловсруулах
  3. Үйл ажиллагааг төлөвлөгөөний дагуу хэрэгжүүлэх
  4. Төлөвлөсөн үйл ажиллагаагаа тайлагнах

Материал ирүүлэх заавар

Уралдааны материалыг ccr.mongolia.office@caritas.cz хаяганд цахимаар илгээнэ үү. Эсвэл материалыг эх хувиар нь лацтай дугтуйнд хийж, дугтуйн дээр “Бизнес уралдааны үнэлгээнээс өмнө нээхийг хориглоно” гэж Монгол эсвэл Англи хэлээр бичиж ирүүлнэ. Саналыг шуудангаар эсвэл биеэр 2021 оны 10-р сарын 4-ны 18 цагаас өмнө “Каритас Чех Репаблик” ОУБ-д дараах хаягаар ирүүлнэ. Хаяг: Монгол улс, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Делта төвийн барилга, 5 давхар, 503 тоот.

Холбоо барих: Уралдааны талаарх аливаа асуулт, хүсэлт гарвал (+976) 9919-6059 утсаар холбогдох, эсвэл delgermaa.lkhasuren@caritas.cz имэйл хаягаар лавлана уу. Санамж: Хугацаа хэтэрч ирүүлсэн материалыг шалгаруулалтад оролцуулахгүй болно.