Турк болон Сирийн төлөө Каритас: Газар хөдлөлтийн гамшигт нэрвэгдэгсдэд хүмүүнлэгийн тусламж үзүүлнэ
6. 2 дугаар сар 2023 Мэдээ

Турк болон Сирийн төлөө Каритас: Газар хөдлөлтийн гамшигт нэрвэгдэгсдэд хүмүүнлэгийн тусламж үзүүлнэ

  Хоёрдугаар сарын 6-ны Даваа гаригийн өглөө Туркийн зүүн өмнөд хэсэг болон Сири улсад 7.8 магнитудын хүчтэй, гамшгийн зэрэглэлийн газар хөдлөлт болов. Үүнээс хэдэн цагийн дараа 7.6 магнитудын газар хөдлөлтийн хоёр дахь давлагаа дагав. Каритас Чех Репабликийн зүгээс уг байгалийн гамшигт өртсөн хүмүүст туслах сайн үйлсийн аяныг яаралтай эхлүүлсэн юм. Гамшигт өртсөн олон мянган хүн нас барж, бэртэж гэмтсэн ба уг тоо цаашид өсөх хандлагатай байна. Хохирогчдод хүмүүнлэгийн тусламж зайлшгүй шаардлага тулгараад байгаа энэ цаг үед Каритасын баг хамт олон гар бие, сэтгэл зүрх оролцон, тусалж байна.

Хүмүүнлэгийн туслалцаа шаардлагатай олон зуун мянган хүн байна

005950_05_128178

7.8 магнитудын газар хөдлөлтийн чичиргээний төв цэг нь Турк-Сирийн хилийн зааг дээр орших Газиантеп хотын орчим байсан юм. Газар хөдлөлтийн чичиргээ Ливанаас Кипр хүртэл мэдэгдсэн бөгөөд 2300 хүн нас барсан гэж бүртгэгдсэн ч энэ тоо цаашид өсөхөөр байна. Газар хөдлөлтийн чичиргээнд сүйрсэн барилгуудын нурангиас хохирогчдыг аврах ажиллагаа идэвхтэй үргэлжилж байгаа ч үй олон хүн дарагдсан байдалтай хэвээр байна. Туркээс өгсөн мэдээгээр 3000 орчим байшин барилга нурсан байна.

Каритас Чех Репаблик хохирогчдод нэн яаралтай хүмүүнлэгийн тусламж үзүүлэх болно. Бид онцгой байдлын хуримтлалаасаа гамшгийн хохирогчдод 300,000 чех крон хандивласан бөгөөд Турк болон Сирийн газар хөдлөлтийн хохирогчдод зориулан Каритас сан үүсгээд байна. Каритас Турк гамшгийн бүсэд аль хэдийн очиж, эрх баригчдын туслалцаатай эрэл хайгуулын ажил эхлүүлээд байна. Хохирол амсаагүй бүс нутгаас газар хөдлөлтийн төв цэг рүү хэрэгцээтэй эд материалын тусламж цуглуулж зөөвөрлөх ажлыг зохион байгуулах нэн шаардлагатай байна.

Сирийн иргэд газар хөдлөлтийн хор уршгийг амсав

Газар хөдлөлтөд нэрвэгдсэн бүсүүд рүү эрэл хайгуул, аврах ажиллагааны багуудыг томилоод байна. Турк ч албан ёсоор олон улсаас тусламж, дэмжлэг хүссэн билээ. Чехийн Бүгд Найрамдах Улсын гал сөнөөгчид болон авран албаныхан зэрэг мэргэжилтнүүд тус бүс нутгийг зорьж байна.

Каритас Чех Репабликийн Ирена Менсикова Туркээс шууд мэдээлэхдээ “Нийгмийн сүлжээгээр дүүрэн барилгын нурангид дарагдсан юм уу хайртай дотнын хүмүүсээсээ сураг гаргаж чадахгүй байгаа хүмүүсийн аврал эрсэн хүсэлт байна” гэж хэлсэн юм.

Эхний газар хөдлөлт болсноос 12 хүрэхгүй цагийн дараа 7.6 магнитудын хүчтэй хоёр дахь газар хөдлөлтийн чичиргээ Туркийн өмнөд хэсэгт давалгаалсан юм. Энэ чичиргээний төв цэг нь Караманмарас хот байв. Газар хөдлөлтийн гамшгийн өвлийн жавар, аадар бороо цас холилдсон цаг агаар бүр ч хүндрүүлж байна. Хасах хэмд хүмүүс гудамжинд хоргодож, эсвэл машин олдвол хоноглож байна. Газар хөдлөхөд нураагүй үлдсэн байшингуудын дийлэнх нь цахилгаан болон усгүй болжээ. Гамшигт өртсөн иргэдэд хүмүүнлэгийн тусламж нэн яаралтай хэрэгтэй байна.

Газар хөдлөлтөд өртсөн бүс рүү зорчих замуудыг хаасан бөгөөд тухайн бүсүүдэд очихгүй байхыг иргэдэд сануулж байна.  

 

1939 оноос хойш Туркт болсон хамгийн аймшигтай газар хөдлөлт

Эхний газар хөдлөлтийн төв цэг Сирийн хилээс 90км зайд орших Газиантеп хотын ойролцоо болсон юм. Газиантеп хот хоёр сая оршин суугчтай бөгөөд мөн 500 мянган Сирийн дүрвэгсэд түр амьдарч байна. Мөн НҮБ-ын дүрвэгсдийн агентлагийн хамгийн том үйл ажиллагаа явуулдаг баазуудын нэг нь тус хотод байрладаг юм. Сири улсын хувьд сөрөгчдийн эзэлсэн бүс буюу орон гэргүй болсон сая сая Сиричүүдийн орогнодог нутаг газар хөдлөлтөд хамгийн их өртөөд байна.

Турк улс нь тектоникийн хэд хэдэн хавтангийн зааг дээр оршдог тул идэвхтэй газар хөдлөлтийн бүсэд тооцогддог. Гэвч уг газар гамшиг нь 1939 оны газар хөдлөлтөөс хойш Туркт тохиолдсон хамгийн том гамшиг хэмээн Туркийн ерөнхийлөгч өгүүлэв. Туркийн зүүн хойд бүсэд 1939 он болсон газар хөдлөлтөөр 30 мянган хүн амь үрэгдсэн юм. Уг газар хөдлөлт нь Даваа гаригт болсон газар хөдлөлттэй ижил буюу Рихтерийн шатлалаар 7.8 магнитудын хүчтэй байв. Мөн 1990 онд Измит хотын ойролцоо газар хөдөлснөөс болж 18 мянган хүн амь насаа алдсан аймшигт хар түүх тус улсад бий.

Газар хөдлөлт мөн эд материалын асар их гарз дагуулдаг. Турк улсад уг гамшиг нэгээс арван тэрбум ам.долларын хохирол учруулсан гэх урьдчилсан тооцоо байна (Ойролцоогоор 22-220 тэрбум чехийн крон).