Цаг уурын өөрчлөлт бид бүхэнд нөлөөлж байна
22. 4 дүгээр сар 2021 Мэдээ

Цаг уурын өөрчлөлт бид бүхэнд нөлөөлж байна

Сүүлийн үед хүн төрөлхтөнд нөлөөлж буй хамгийн том аюул, заналхийллийн нэг бол цаг уурын өөрчлөлт юм. Энэ нь зөвхөн байгаль орчны байгууллагуудын анхаарах асуудал биш юм. Хөгжингүй улс орнууд цаг уурын өөрчлөлтөд голлох үүрэг хариуцлагыг үүрч буй бол хөгжиж буй улс орнууд энэхүү өөрчлөлтийн сөрөг үр нөлөөнд илүүтэй өртөж байна. Бид бүгд шийдлийн нэг хэсэг юм.

Аж амьдралд нөлөөлөхүй

Цаг уурын өөрчлөлт нь дэлхийн дулаарлыг нэмэгдүүлэхээс гадна цаг агаарын аюултай үзэгдэл болох ган гачиг, үер, гидрологийн мөчлөгийн өөрчлөлт зэргийг бий болгодог. Эдгээр нь газар тариалан, малчдын амьдралд асар их эрсдэл үүсгэдэг.

Барууны улс орнууд цаг уурын тодорхой өөрчлөлтөд өртөж буй ч цаг уурын аюултай үзэгдэл байнга тохиодоггүй. Харин хөгжиж буй улс орнуудад энэ байдал эсрэгээрээ байна. Тэд цаг агаарын өөрчлөлтөд хамгийн их өртөж, эмзэг байдал нь улам нэмэгдсээр байна.

Цаг уурын өөрчлөлт нь хөгжиж буй улс орнуудын хурдацтай өсөж буй хүн амын амьжиргааны хэрэгслийн хангалтгүй байдал, ядуурал зэргийг улам доройтуулахад нөлөөлж байна. Зарим орон нутагт буюу газар тариалан, загасчлах аж ахуйг хувиараа эрхэлдэг хүмүүс гэр бүлээ тэжээхэд улам хүндрэлтэй болж байна. Энэ нь ихэвчлэн хур тунадас тасалдаж буйтай холбоотой.

climate

Ядуус илүү туйлдаж байна

Ядуу хүмүүс дэлхийн нүүрс төрөгчийн давхар ислийн ялгарал нэмэгдэхэд маш бага хувь нэмэр оруулдаг ч уур амьсгалын өөрчлөлтөд хамгийн их өртдөг байна. Хүлэмжийн хийн ялгарлыг их хэмжээгээр бууруулахгүй байх, мөн хөгжиж буй улс орнууд цаг уурын өөрчлөлтөд дасан зохицоход хөрөнгө оруулалт хийхгүй байх явдал зэрэг нь олон зуун сая хүмүүсийг ядууралд түлхэж буй хэрэг юм. Түүнчлэн энэ нь ядуурлаас ангид байх болоод тогтвортой хөгжлийн боломжийг хязгаарлаж байдаг байна.

Цаг уурын өөрчлөлт нь НҮБ-ийн 2015 онд тавьсан 2030-Тогтвортой хөгжлийн зорилго – д хүрэхэд сөрөг нөлөө үзүүлж буй юм. Энэхүү зорилгын сайн сайхан байдал, эрүүл мэндийг дэмжих, ядуурлыг устгах, өлсгөлөнг зогсоох гэсэн зорилтод илүүтэй нөлөөлж байна. Мөн боловсрол, хүйсийн тэгш байдлын зорилгод ч мөн нөлөө үзүүлж байна.

Цаг агаарын өөрчлөлтөөс улбаалж амьдрах орчин нөхцөл өөрчлөгдсөнөөр маш олон газар нутагт амьдрах хэцүү болж байна.  Ялангуяа хөдөө аж ахуй болон мал аж ахуй эрхэлдэг газарт хэт их халах, эсвэл хуурайших, мөн далайн түвшин нэмэгдэх эсвэл үерийн уснаас үүдэн тариалангийн талбай хэт их усархаг болох зэрэг асуудал бий болсон байна. НҮБ-ын дүрвэгсдийн асуудал эрхэлсэн дээд комиссарын гаргасан судалгаагаар цаг уурын өөрчлөлтөөс үүдэн жилд 20 сая гаруй хүн дүрвэж байна.

Бид бүгд шийдлийн нэгээхэн хэсэг

Цаг агаарын өөрчлөлтөд хүн бүр өртөж байна. Бид бүгд нэгдсэнээр энэ асуудлын гарц болох юм. Нэг талаар нүүрстөрөгчийн давхар ислийн ялгарлыг бууруулах шаардлагатай байгаа бол нөгөө талаар өөрчлөлтөд дасан зохицоход зориулж их хэмжээний хөрөнгө оруулалт хийх шаардлагатай байна. Ялангуяа хөгжиж буй орнуудад энэ нь зайлшгүй шаардлагатай. Бид бүхэн энэхүү үйл ажиллагаанд оролцох хэрэгтэй. Хувь хүн бүрийг дусал нэмэр гэж үзвэл нэгдэн нийлснээр далай болох юм.

Каритас Чех Репаблик байгууллага нь ч мөн байгаль орчинг хамгаалах үйл ажиллагааг авч хэрэгжүүлдэг. Байгууллагын түвшний хувьд бид байгаль орчинг хамгаалах, нөөцийн эх үүсвэрийг хэмнэх дотоод бодлогыг мөрддөг бөгөөд мөн байгаль орчны чиглэлийн төрөл бүрийн төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Тухайлбал, Монгол улсад бид хог хаягдал боловсруулах чиглэлээр ажиллаж буй бол Гүрж улсад хог хаягдлын менежментийн асуудлыг дэмжин ажиллаж байна.