Та Ирак улсад Улаан өндөгний баяр тэмдэглэдэг гэж дуулж байв уу? Улаан өндөгний Ням гаригт Молдавчууд өндгөөр байлддаг талаар мэдэх үү? Замби улсын иргэд харин энэ баярыг хаш идэж тэмдэглэдэг байна. Каритас Чех Репабликийн олон улсын салбарын ажилтнууд өөр, өөрийн нутагт Улаан өндөгний баярыг хэрхэн тэмдэглэдэг талаар хуваалцаж байна. Эднээс хамгийн хачирхалтай нь оршуулгын газар хооллодог заншил хүртэл байдаг ажээ.
Ирак – Хонины чанасан толгойн зоог
Хэдийгээр Ирак улсын хүн амын дийлэнх нь Исламын шашинтай боловч Христосын шашинтай цөөнх Улаан өндөгний баяр тэмдэглэдэг байна. Улаан өндөгний баярын Баасан гаригийн Иракийн Христосын шашинтнууд сүмд цуглан залбирах ба Бямба гаригийн өдөр, орой мөн л сүмийн ёслолд оролцож, мөргөл дуу дуулж, уламжлал болгон лаа барьж алхдаг ажээ.
Улаан өндөгний баяраар Иракчууд ч мөн өндөр будаж чимэглэдэг. Ихэвчлэн улаан өнгийг сонгоно. Иракийн Эрбил хотын номлогч Эша Давүүд Филипс хэлэхдээ “Орчин үед хүмүүс өндгөө өнгө өнгөөр будаж, гоёдог болсон ч Есүс Христийн цусыг билэгдэж улаанаар будах ёстой юм” гэж өгүүлсэн юм.
Иракт мөн газар нутгийн байршлаасаа хамаарч төрөл бүрийн Улаан өндөгний зоог бэлддэг. Зарим нутагт “Дква” гэдэг хатаасан тараг, үхрийн мах болон гурилтай хоол бий. Харин өөр нэгэн газар үхэр юм уу хонины чанасан толгой, хөл, гэдсээр хийдэг Иракийн уламжлалт “Пача” гэдэг хоолыг баярын орой зооглодог. Мөн хоолны араас амттан заавал иднэ. Иракчууд Кулейча, Када зэрэг амттандаа “нугасгүй” дуртай. Чихэрлэг хатаасан чавгатай Кулейча бялууг Иракийн иргэд гарал үүсэл, шашин шүтлэг үл хамааран бэлддэг. Ассирын эринээс үлдсэн жороор хийдэг Кадаг Иракийн мацгийн 25 дахь өдөр хийнэ. Уг амттан дотор усан үзэм хатгасан загалмай тэмдэг байрлуулдаг байна. Үүний дараа өрхийн гишүүдийн тоогоор Кадаг зүсэж хуваана. Усан үзмийн загалмайтай хэсэг таарсан гишүүнд бусад нь бэлэг өгдөг ажээ.
Улаан өндөгний баярын өглөө Христосын шашинтууд хуралдаанд цугларч, дараа нь ахмад настай гэр бүл, хамаатан садандаа зочилж, үдийн зоог барина. Муслимчууд мөн Рамаданы ариун сарын мацгийн сүүлийн өдөр болох Эйд Ал-Фитрээр адилхан уламжлалыг дагадаг юм.
Молдав – Өндөгний байлдаан
Молдав хэлээр “Христос а инвиат” гэж мэндлэх нь сонсогдвол Улаан өндөгний баяр болжээ гэж ойлгоорой. Уг мэндчилгээг молдав хэлнээс хөрвүүлбэл “Есүс Христ ахин амиллаа” гэсэн үг бөгөөд, Улаан өндөгний баяраар молдавчууд хоорондоо ингэж мэндчилдэг. Хэрэв та энэ үгийг сонсвол хариуд нь “Адеварат а инвиат” буюу “Тийм ээ амиллаа” гэж хариулах хэрэгтэй.
Молдав улс Үнэн Алдартны Улаан өндгийн баяр тэмдэглэдэг ба энэ онд 4-р сарын 16-ны Ням гаригт тохиож байна. Молдавчууд ч бусад үндэстний адилаар баярын өндгөө улаан өнгөөр будаж чимдэг. Молдавчууд Улаан өндөгний баярт зориулан тусгайлан сүмийн ариун усаар зуурсан амттан, талх жигнэнэ. Молдавын Улаан өндөгний баярын гол идээ нь хурганы мах.
Улаан өндгийн баярын өглөө Молдавчууд нэг цагаан, нэг улаан өндөг болон зоос хийж хонуулсан савтай усаар нүүрээ угаана. Ийм усаар нүүрээ угаавал яг л баярын өндөг мэт эрүүл, үзэсгэлэнтэй төрхтэй болно гэдэгт тэд итгэдэг ажээ. Улаан өндөг нь хөгжил цэцэглэлт, цагаан өндөг нь ариун нандин байдлыг, харин зоос нь ирэх жил эд хөрөнгөөр бялхаж явахыг билэгддэг байна.
Молдавын Улаан өндгийн баярын оройн зоогийн үеэр өндгөөр байлддаг заншилтай. Гэр бүлийн гишүүн бүр улаан өндөг авч, ширээн дээрх өөр өндгийг цохино. Хамгийн сүүлд хагарч, цууралгүй үлдсэн өндгийн эзэн ирэх ондоо аз од, хүч чадлаар дүүрэн байдаг хэмээн үздэг ажээ.
Украин – Дайнтай Улаан өндгийн баяр
Украин улс хоёр дахь жилдээ дараалан Христосын шашны хамгийн чухал баяраа дайны үеэр тэмдэглэж байна. Хэдийгээр Украинчуудын амьдрал орвонгоороо өөрчлөгдсөн ч Улаан өндөгний баярын уламжлал яг л хэвээр.
Украинчууд Молдавын адил Үнэн Алдартны Улаан өндгийн баяр тэмдэглэдэг. Баярын бэлтгэл долоо хоногийн өмнө эхлэх ба үүнийг Ариун эсвэл Цагаан долоо хоног гэж нэрлэдэг. Энэ долоо хоногийн Пүрэв гариг буюу Цэвэр Пүрэв гаригт айл бүр гэр орноо цэвэрлэж, баярын чимэглэлээ өлгөдөг. Мөн энэ өдөр өрхийн гишүүн бүр нар жаргахаас өмнө усанд орж, бүх өвчин зовлон, нүгэл хилэнцээ арилгах учиртай байдаг.
Харин Сайн Баасан гаригт сүмийн хуралдаан болно. Украины Христосын шашинтнуудын хувьд Бямба гариг амралтын өдөр. Тэд Бямба гаригийн орой сүмд ахин чуулахдаа өндөгтэй сагс барин ирж, адислуулдаг. Ингэхдээ мөн паска гэдэг Улаан өндөгний баярын амттанаа давхар адислуулдаг ажээ.
Улаан өндөгний баярын Ням гаригт гэр бүлийн бүх гишүүд том ширээнд суун зоог барьж баяраа тэмдэглэдэг юм.
Замби – Хаштай шарсан хонь
Замби улсын хүн амын 95 хувь нь Христосын шашин шүтдэг учир Улаан өндөгний баярыг маш өргөн дэлгэр тэмдэглэдэг. Баяр ихэвчлэн Баасан гаригаас Даваа гариг хүртэл дөрвөн өдөр үргэлжилнэ. Улаан өндөгний баяраар Замбичууд ншима гэх сайтар тээрэмдсэн эрдэнэшишийн гурилын зутан болон хаштай шарсан хонины махтай хоолыг хүртдэг.
Далдуу модны Ням гариг нь ихэвчлэн Роман Католикчуудын Лент Ням гаригтай давхцдаг. Бусад сүмд эв нэгдэл, ялалтыг билэгдэн далдуу модны навч барьж, дуулж хуурдсаар Улаан өндгийн Ням гаригтай золгодог ажээ.
Гүрж – Оршуулгын газар зоог барьдаг
Гүрж улс мөн л Үнэн Алдартны Улаан өндгийн баяр тэмдэглэнэ. Украины адил паска уламжлалт нарийн боовыг баярт зориулан хийдэг. Гүржүүд мөн чакапули гэх хонины махан хоолыг уг баяраараа зооглоно.
Үүгээр зогсохгүй Молдавтай төстэй мэндчилгээг Улаан өндөгний баяраар хэлэхийг ч олж сонсох боломжтой. Өндгөн байлдаан ч Гүрж улсын уламжлалын нэг юм. Тэд бие биеийнхээ өндгийг улаан өндгөөр цохиж, хэний өндөг хамгийн удаан тэсэхийг нь шалгаруулна.
Улаан өндөгний долоо хоногоор гүржүүдийн хийдэг нэгэн өвөрмөц уламжлал бол тэнгэрт одсон танил дотны хүмүүсийн булшийг эргэж тойрч, өвөг дээдсийнхээ булшин дээр улаан өндөг, паска аваачиж тавих юм. Мөн лаа асааж, нас нөхчигчийн булшин дээр дарс асгадаг ажээ. Улаан өндөгний баяр нь үүрдийн амьдралын билэгддэг учир гэр бүл тэр чигээрээ тэмдэглэж, яг одоо биеэр хамт байхгүй ч хэзээ нэгэн цагт, магадгүй хойд насандаа ахин учрах гэр бүлийн гишүүдтэйгээ аз жаргалаа хуваалцахыг хичээдэг байна.
Монгол – Хаврын баяр
Монголын хүн амын ердөө нэг хувь нь Христосын шашинтай тул Улаан өндгийн баярыг олон нийт тэмдэглэдэггүй. Харин монголчууд хавар Цагаан сарын баярыг нижгэр тэмдэглэдэг. Цагаан сар бол Монголын урт, хүйтэн өвлийг эсэн мэнд давснаа тэмдэглэж, ах дүүстэйгээ золгон баярладаг баяр билээ. Уг баяр нь мөн Монголын хамгийн түгээмэл шашин болох шарын шашинтай гүнзгий холбоотой. Монголчуудын дийлэнх нь шарын шашин шүтдэг ч ЗХУ-ын бүрэлдэхүүнд байх үед Цагаан сарын баярыг хориглож байсан тул уг баярыг одоо аль болох өргөн, дэлгэр тэмдэглэхийг хичээдэг.
Мөн монголын үндэсний цөөнх болох казахч үндэстний Цагаан сар гэж хэлж болох Наурыз жил бүрийн гуравдугаар сарын 22-нд тэмдэглэдэг. Муслим шашинтай казахчууд мөн Рамаданы ариун сарыг тэмдэглэж, бүтэн сарын турш мацаг барьж, мөргөл үйлддэг.