Монгол улс: Хуванцар хог хаягдлын бохирдлыг бууруулахад олон нийтэд тусалж байна
6. 5 дугаар сар 2021 Мэдээ

Монгол улс: Хуванцар хог хаягдлын бохирдлыг бууруулахад олон нийтэд тусалж байна

Сүүлийн арав гаруй жилд хотжилт, үйлдвэржилт болоод хуванцар савлагаатай бүтээгдэхүүний хэрэглээ нэмэгдэж буйтай холбоотойгоор хог хаягдлын менежмент нь Монгол улсад тулгамдсан асуудал болоод байна. Монгол улсын нийт хүн амын талаас илүү хувь нь нийслэл Улаанбаатарт амьдардаг хэдий ч одоогоор нийслэл хотод хуванцар хог хаягдалтай холбоотой (цуглуулах, ангилах, тээвэрлэх, зохих стандарт) нэгдсэн системгүй, мөн хог хаягдлыг дахин боловсруулах үр дүнтэй практик арга, туршлага нэвтрээгүй байна. 

Ахуйн хог хаягдлын 60 ба түүнээс дээш хувь нь дахин боловсруулагдах боломжтой байдаг (2019) хэдий ч хот болон хөдөө орон нутаг дахь хог хаягдлын дийлэнх хувийг зохих журмын дагуу булаж, дахин боловсруулдаггүй байна. Түүнчлэн, манай улс хог хаягдал дахин боловсруулах цөөн тооны үйлдвэртэй бөгөөд хогийн төвлөрсөн бүх цэг нь “Хог хаягдлын тухай хууль” (2017) – д заасан байгаль орчны дүрэм журам, шаардлагыг хангадаггүй байна. Эдгээр асуудлыг шийдвэрлэхийн тулд засгийн газар нь 3R арга зам (Багасгах, Дахин хэрэглэх, Дахин боловсруулах) болон хог хаягдалтай холбоотой хэд хэдэн санаачлага, төслийг өөр өөр түвшинд авч хэрэгжүүлж байна. Гэвч, хуванцар хог хаягдлын асуудлыг үр дүнтэйгээр шийдвэрлэх гарц хараахан тодорхойлогдоогүй байна. Хуванцар хог хаягдал нь хөрсөнд бүрэн шингэж, задардаггүйгээс гадна шатаахад хорт бодис ялгаруулдаг зэрэг сөрөг талтай ч түүнийг зүгээр л булаж хаях эсвэл шатааж устгасаар байна.

Хөдөө орон нутаг дахь хог хаягдлын менежмент нь хот нийслэлийнхнээс ч илүү муу байна. Хог хаягдлыг ангилах, дахин боловсруулах явдал нь сумуудад огт хэрэгждэггүй. Түүнчлэн, ахуйн энгийн хог хаягдлыг хор хөнөөл ихтэй хог хаягдалтай (нүүрсний үнс, тос гэх мэт) хамтад нь сумын захад байрлах хогийн цэгүүдэд аваачиж хаядаг байна. Эдгээр хогийн цэгүүд нь ил задгай талбайтай тул өвөл, хаврын хүчтэй салхинд хог хаягдал хийсэж, тарах эрсдэлтэй байдаг. Учир нь хогийн цэгүүдэд хашаа, хаалт хийгдээгүй бөгөөд энэ нь хүний эрүүл мэнд болоод байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөө ихтэй байдаг. Тухайлбал, Хишиг-Өндөр суманд хог хаягдал цуглуулах үйлчилгээ байдаггүй тул иргэд хог хаягдлаа хогийн цэгт аваачиж хаядаг. Үүний үр дүнд хогийн цэгийн газрын хэмжээ (100 хектор) ихэд тэлэх болсон байна. Ихэнх нүүдэлчин малчин иргэд хог хаягдлаа хогийн нэгдсэн цэгт авчирдаггүй. Тэд ихэвчлэн хог хаягдлаа булах, эсвэл шатаан устгадаг байна (ecosum).

SWITCH-Asia хөтөлбөрийн Хуванцар хог хаягдлын дахин боловсруулалтын тогтвортой байдлыг хангах төсөл нь Монгол улс дахь хог хаягдлын менежмент болоод дахин боловсруулалтад ямар хувь нэмэр оруулж байна вэ

IMG_3450

Европын Холбооны SWITCH-Asia хөтөлбөрийн санхүүжилттэй “Монгол улс дахь хуванцар хог хаягдлын дахин боловсруулалтын тогтвортой байдлыг хангах төсөл” нь хог хаягдлын дээрх асуудлыг шийдвэрлэх зорилгоор Улаанбаатар хот, Булган аймаг, Хишиг-Өндөр сум гэсэн гурван түвшинд дөрвөн жилийн хугацаанд хэрэгжиж байна. Энэхүү төслийг Каритас Чех Репаблик байгууллага, Монголын Байгаль Орчны Аюулгүй Байдлын Төв, Экосум ТББ, Монголын Тогтвортой Хөгжлийн Гүүр, Т.Г. Масарыкын нэрэмжит Усны Судалгааны Институт хамтран хог хаягдлын менежмент, ялангуяа хуванцар хог хаягдал дахин боловсруулахтай холбоотой тулгамдсан асуудлуудыг судлан шинжлэх, гарах гарцыг боловсруулан шийдэх зорилгоор ажиллаж байна.

Улаанбаатар хотын буюу нийслэлийн түвшинд төслийн баг нь хог хаягдлын дахин боловсруулалтын салбарын ЖДҮ эрхлэгчид болон хог хаягдлын менежментийн салбарын бусад холбогдох талуудад зориулан хуванцар хог хаягдлыг цуглуулах, ангилан ялгах системийг сайжруулах зорилго тавин ажиллаж байна. Мөн энэхүү төсөл нь хуванцар хог хаягдал дахин боловсруулдаг үйлдвэр, ЖДҮ эрхлэгчдийн тоог нэмэгдүүлэх, улмаар сүүлийн үеийн  дэвшилтэд техник, технологи, тоног төхөөрөмж нэвтрүүлэхэд хувь нэмрээ оруулах юм. Төслийн үйл ажиллагааны цаашдын тогтвортой байдлыг хангах үүднээс олон тооны кластерууд болон ажлын хэсэг байгуулж, оролцогч талуудын хамтын ажиллагааг бэхжүүлж байна.

Сумын түвшинд орон нутагт тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх цогц шийдлийг бий болгохоор зорьж байна. Орон нутгийн хэрэгцээнд нийцсэн хог хаягдлын менежментийн анхны оновчтой системийг хөгжүүлэн, хог хаягдлыг зохих ёсоор боловсруулж, улмаар энэ нь хүрээлэн буй орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах юм. Түүнчлэн ил задгай хаягдсан хог хаягдлыг цэвэрлэх үйл ажиллагааг дэмжин ажиллаж байна. Хишиг-Өндөр сум нь хог хаягдалгүй анхны сум болно гэсэн ерөнхий зорилго тавин, тууштай ажиллаж байна. Мөн иргэдийн байгаль орчинд сөрөг нөлөөтэй хэрэглээг багасгах зорилгоор тэдний зан байдлыг өөрчлөх үйл ажиллагаанууд зохион байгуулагдахаар төлөвлөгдөж байна. Хувь хүн, айл өрх, иргэний нийгмийн байгууллагууд, ЖДҮ эрхлэгчид, нутгийн захиргааны байгууллагууд, супермаркет болон бизнесийн салбарынхныг байгаль орчинд ээлтэй ажил, амьдралын хэв маягт шилжин, түүнийг хэвшүүлэх арга хэмжээ авахыг уриална. Ялангуяа хүүхэд залуучуудыг ирээдүйн өөрчлөлт шинэчлэгч болоход мэдлэг ур чадвараар хангана.

“Орчин үеийн амьдралыг хуванцаргүйгээр төсөөлөхийн аргагүй бөгөөд энэ нь эдийн засагт өндөр ач холбогдолтой материалд зүй ёсоор тооцогдох боловч хүрээлэн буй орчин, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөлөл үзүүлэх эрсдэл дагуулж байна. Төслийн үйл ажиллагааны үндсэн зарчим нь тогтвортой байдлыг хангахад оршино. Европын холбоо нь Монгол улсын тогтвортой, ногоон хөгжлийг дэмжиж ажиллахыг үргэлж хичээдэг.” хэмээн Европын Холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд Траян Христеа онцоллоо.

КОВИД-19 цар тахлын цаг үеийн бидний ажил

SWITCH-Asiа хөтөлбөрийн дэмжлэгтэй хэрэгжиж буй төслийн баг хамт олон нь Хишиг – Өндөр сумын орон нутгийн удирдлагууд болон иргэдийг оролцуулан хэд хэдэн удаагийн ойлголт мэдлэгийг сайжруулах үйл ажиллагаа зохион байгуулаад байна.

Сургууль болон орон нутгийн захиргааны байгууллагын түвшинд сургалтууд зохион байгуулагдсан. Мөн олон нийтийн ойлголт мэдлэгийг сайжруулах видео, зурагт хуудас хөгжүүлэн тарааж, хог хаягдлаа хэрхэн зохистой ангилан ялгах талаар мэдээллийг хүргэсэн.

143463606_5299169243428338_3826362543679660662_o.590x0-is-hidpi  144001193_5299169400094989_8278250903059993738_o.590x0-is-hidpi

Хог Хаягдлын Менежментийн Мастер Төлөвлөгөөг зохих ёсоор тодорхойлж мөрдүүлэх зорилгоор судалгаа хийж, холбогдох байгууллагуудад зөвлөмж хүргүүлсэн.

Ахуйн хог хаягдлыг ангилах савыг үйлдвэрлэж, орон нутгийн айл өрхүүдийн 60% орчимд нь тараасан. Түүнчлэн ерөнхий боловсролын сургуулиуд, эмнэлгүүдэд дотоод хог хаягдлын менежментийн схемийг тодорхойлж, хэрэгжүүлэхэд нь дэмжлэг үзүүлэн, хог хаягдлыг ангилан ялгах зохих тоног төхөөрөмжийг суурилуулахаар ажиллаж байна.

Төслийн томоохон ажлын нэг хэсэг болох бүрэн ажиллагаатай хог хаягдлын байгууламжийг сумын түвшинд энэ зун барихаар төлөвлөж байна. Мөн хуванцар хог хаягдлыг аль болох их хэмжээгээр дахин боловсруулахын тулд шаардагдах төхөөрөмжийг худалдан авахаар зэхэж буй юм. Дахин боловсруулагдах боломжтой боловч зохих журмын дагуу ангилагдан ялгагдаж, дахин боловсруулагдахгүй байгаа хог хаягдлын асуудлыг шийдвэрлэх зорилгоор хотын үйлдвэрүүдтэй түншлэл тогтоохоор мөн ажиллаж байна.

Ил задгай хог хаягдлын цэгтэй холбоотой ажлууд эхэлсэн явж байна. Өөрөөр хэлбэл, ил задгай хогийн цэгийн талбайн хэмжээг бууруулах зорилгоор хогийн цэгийн талбайгаас хэтэрч хаягдсан, эсвэл салхинд туугдсан хог хаягдлыг түүж, хог хаягдлын нэгдсэн цэгт овоолж эхлээд байна. Тараагдсан хог хаягдлыг хамах ажил дууссаны дараа түүнийг хучиж, ойр орчмын газар нутаг, гол мөрөнд дахин салхинд туугдах явдлаас сэргийлнэ. Мөн хогийн цэгийг тойруулан хашаа босгохоор төлөвлөж байна.

Төслийн баг нь хог хаягдлын менежментийн салбарын байгууллага, хувь хүнтэй хамтран улсын түвшинд “Холивол хог, ангилбал баялаг” гурван удаагийн цахим сургалтыг зохион байгуулсан. Эдгээр сургалтын нэг удаагийн сургалт нь Монгол улсад ажиллаж амьдардаг, хог хаягдлын зохистой менежментээр дамжуулан байгаль орчинд эерэг нөлөө үзүүлэх асуудалд анхаарал хандуулдаг гадаад улсын иргэнд зориулж англи хэлэн дээр явагдсан болно. Эдгээр сургалтууд нь дараах зорилгоор зохион байгуулагдсан.

  • Хог хаягдалтай холбоотой асуудлын талаарх олон нийтийн ойлголт мэдлэгийг сайжруулах, хог хаягдал дахин боловсруулах явдлыг дэмжих;
  • Хог хаягдлын байгаль орчинд үзүүлж буй нөлөө, хог хаягдлыг ангилан ялгах, дахин боловсруулах ач холбогдлын талаарх мэдээллээр хангах;
  • Хог хаягдал цуглуулах, ангилах, дахин боловсруулах практик арга барил, үе шатыг заах

Төслийн цаашдын үйл ажиллагааны хэрэгжилт, хөгжүүлэлтэнд ашиглагдах Сургалтын хэрэгцээг тодорхойлох судалгаа боловсруулагдсан.

Түүнчлэн хог хаягдлын менежментийн нийтлэг зорилгод хүрэхийн тулд хамтын ажиллагаа, харилцан уялдаа холбоог бэхжүүлэх чиглэлээр иргэний нийгмийн байгууллагууд болон төрийн бус байгууллагууд, олон нийтийн уулзалтууд зохион байгуулагдана. Иргэний нийгмийн байгууллагуудын сүлжээнд 40 ТББ, ИНБ багтаж буй бөгөөд энэхүү сүлжээнд Баян-Өлгий, Өвөрхангай, Увс, Сэлэнгэ, Дархан, Өмнөговь, Дундговь аймгийн ТББ-ууд элсэн ороод байна. Төслийн хэрэгжилтийн явцад эдгээр орон нутгийн ТББ-уудын дуу хоолой, үзэл бодлыг харгалзан үзэж, хамтран ажиллах юм. Хуванцар хог хаягдлыг цуглуулах зохих схемийг бэлтгэхэд шаардагдах мэдээллийг цуглуулах ажил явагдаж байгаа бөгөөд зохих шийдлийг тодорхойлохоор ажиллаж байна.

Цаашдын үйл ажиллагаа?

Ковид – 19 цар тахал нь дэлхийн бүх улс орон, бүх салбарт асар их нөлөө үзүүлж байна. Хуванцар хог хаягдлын хэмжээ нэмэгдэж, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөө эрчимжиж байна. Бид хариуцлагатай, тогтвортой хэрэглээ, үйлдвэрлэлийн хэв маягт хурдацтайгаар шилжих боломжтой гэдэгт бүрэн итгэдэг бөгөөд илүү цэвэр, орчны бохирдолгүй Монгол улсын төлөө үргэлжлүүлэн ажиллах болно.

Төслийн талаарх мэдээллийг манай Фэйсбүүк хуудас болон цахим хуудаснаас цаг алдалгүй аваарай.