Хог хаягдлын менежментийг сайжруулахаар Иргэний  нийгмийн байгууллагууд нэгдэж байна
21. 2 дугаар сар 2022 Мэдээ

Хог хаягдлын менежментийг сайжруулахаар Иргэний нийгмийн байгууллагууд нэгдэж байна

Хуванцар материал нь бидний өдөр тутмын амьдралын салшгүй нэг хэсэг болсон. Хуванцар нь хямд төсөр, гайхалтай уян хатан хэдий ч эдгээр чанарууд нь эргээд байгаль орчинд ноцтой асуудал үүсгэдэг. Иймд Каритас Чех Репаблик байгууллага нь түнш байгууллагуудтайгаа хамтран хуванцар хог хаягдлын байгаль дахь сөрөг нөлөөг бууруулах, хог хаягдал дахин боловсруулах салбарын иргэний нийгмийн байгууллагуудыг дэмжин ажиллаж байна.

Иргэний нийгмийн байгууллагыг дэмжсэн сургалт 

Бид жилд дунджаар 380 сая тонн хуванцар хог хаягдлыг бий болгодог байна. Зарим судалгаанаас үзэхэд эдгээр хог хаягдлын 50 хувийг хэдхэн секунд ашиглагдаж дууссаны дараа байгаль орчинг хэдэн зуун жил бохирдуулах нэг удаагийн хуванцар материал эзэлж байна.

Ялангуяа Монгол улсад хуванцрын хог хаягдал аюулын харанга дэгдэж эхэлсэн тул Каритас Чех Репаблик байгууллага нь Европын Холбооны SWITCH-Asia хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр “Монгол улс дахь хуванцар хог хаягдлын дахин боловсруулалтын тогтвортой байдлыг хангах төсөл”-ийн хүрээнд энэхүү асуудлыг шийдэхэд гар бие оролцож буй иргэний нийгмийн байгууллагуудыг дэмжин ажиллаж байна.

Хог хаягдлын менежментийн чиглэлээр ажилладаг иргэний нийгмийн байгууллагуудыг сургаж, тэднийг чадавхижуулан, мэргэшүүлэх нь хуванцар хог хаягдлын асуудлыг шийдэх нэг гарц юм.

Өөрчлөлтийн төлөөх Иргэний нийгмийн байгууллагууд” сургалтын багц хөтөлбөрийг хог хаягдлын менежментийн салбарын иргэний нийгмийн байгууллагуудыг чадавхийг сайжруулах зорилгоор Монголын тогтвортой хөгжлийн гүүр ТББ-тай хамтран 2021 оны 11 дүгээр сарын 6 – аас 2022 оны 2 дугаар сарын 11-ний өдрүүдэд зохион байгууллаа.

“Энэхүү багц сургалт үнэхээр үр өгөөжтэй байсан бөгөөд маш олон зүйлийг сурч мэдэж авлаа. Манай “Түвшин сайхан Мөнх” ТББ - д хог хаягдлын менежментийн талаар мэдээлэл, зөвлөгөө авах, мөн цаашлаад ангилсан хог хаягдал буюу дахивар цуглуулах төв байгуулах хүсэлтэй орон нутгийн иргэд ханддаг. Сургалтаар олж авсан мэдлэг, мэдээллээ эдгээр хүмүүстээ хуваалцаж байнахэмээн сургалтын оролцогч, Түвшин сайхан Мөнх ТББ-ын тэргүүн О.Лхагвасүрэн хуваалцсан юм.  

MGL00049

Энэхүү сургалтын багц хөтөлбөр нь хог хаягдлын салбарын иргэний нийгмийн байгууллагын үндсэн чиг үүргийг зохистой хэрэгжүүлэх, тулгамддаг асуудлаа шийдвэрлэх, улмаар зорилгоо тодорхойлон түүндээ хүрэх ур чадварыг нь дээшлүүлэх зорилготой байсан юм. Тус сургалт нь байгууллагын техникийн болон удирдлагын чадавхийг сайжруулахад мөн төвлөрсөн юм. Чадавхийг бэхжүүлэх энэхүү сургалт нь төслийн багийн боловсруулсан “Сургалтын хэрэгцээг тодорхойлох судалгаа”-нд үндэслэн 3 багц сургалтыг (ИНБ-ууд ба хог хаягдлын менежмент, ИНБ-ын төслийн менежмент, ИНБ-ын олон нийттэй харилцах стратеги) 7 удаагийн хичээлээр орсон юм.

Түүнчлэн сургалтаар дан ганц мэдлэг мэдээлэл олж авахаас гадна бидний ажилд өдөр тутам тулгамддаг асуудлыг хэрхэн шийдэх гарц гаргалгаа дэвшүүлсэн, практикт ойр сургалт боллоо” хэмээн О.Лхагвасүрэн хуваалцсан юм. 

79F62C0B-9CBC-470F-BF02-E6306CFF0500

Сургалтад хамрагдсан оролцогчид хог хаягдлын менежментийн бичил төслүүд хэрэгжүүлнэ

Сургалтын хөтөлбөрийн хүрээнд бид сургалтад оролцогчдын дунд хог хаягдлын менежментийн сэдвээр бичил төслийн уралдаан зарласан юм. Бид нийтдээ 9 бичил төслийн санал хүлээн авсан бөгөөд уралдаанд оролцогчид 2 дугаар сарын 11-нд өөрсдийн төслийн саналаа танилцууллаа. Европын Холбоо, Хөгжлийн Шийдэл ТББ, Монголын Тогтвортой Хөгжлийн Гүүр ТББ болон Каритас Чех Репаблик ТББ-ын төлөөллөөс бүрдсэн үнэлгээний хороо нь гурван төслийн саналыг шалгаруулсан юм.

Шилдэг бичил төслөөр:

  1. Орон сууцнуудын айл өрхүүдийн хог хаягдлыг ангилан ялгаж, тээвэрлэх боломжийг бүрдүүлэх нь” төсөл
  2.  Эрдэнэсийн эзэд төсөл
  3. Нийтийн эзэмшлийн ногоон бүсэд дахивар нөөц цуглуулах цэгүүдийг байршуулж, зөв эргэлтэд оруулах нь” төсөл тус тус шалгарлаа.

"Энэхүү төслийн уралдаанд “Хүнсний аюулгүй байдлын шинжээчдийн холбоо”-г төлөөлөөд Батзул миний бие, “Цэвэр орчин - Эко шийдэл ТББ”-ыг төлөөлөн Уянга, “Царцаа ногоон ТББ”-г төлөөлөөд Амударъяа бид 3 нийлээд “Орон сууцнуудын айл өрхүүдийн хог хаягдлыг ангилан ялгаж, тээвэрлэх боломжийг бүрдүүлэх нь” хэмээх төслөөрөө нэгдүгээр байранд орсондоо баяртай байна. Энэхүү бичил төслийн гол үйл ажиллагаа нь айл өрхүүдийг гэртээ хогоо ангилан ялгахад нь тэдэнд зориулан сургалт зохион байгуулж, ангилсан хог хаягдлыг тухайн байрны Сууц өмчлөгчдийн холбоо буюу СӨХ дээр төвлөрүүлэн цуглуулж, Царцаа ногоон ТББ-аар дамжуулан дахиварыг тээвэрлэж, зохих цэгт тушаах юм хэмээн шилдэг төслийн ялагчдын нэг Г.Батзул хуваалцсан юм.

Мөн тэрээр Улмаар дахивар тушаасан орлого нь тухайн СӨХ-ийн үйл ажиллагаанд буюу байрны цэвэрлэгээ, засвар зэрэг үйл ажиллагаанд зарцуулагдах зорилготой юм. Энэ ажлыг бид өөрсдийн амьдардаг байр, СӨХ дээр аль хэдийн хэрэгжүүлээд явж байгаа бөгөөд уг төслийг жишиг төсөл болгон хөгжүүлж, дараа дараагийн байр, СӨХ-үүдэд хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Өөрчлөлтийн төлөөх ИНБ-ууд хэмээх энэхүү багц сургалтад хамрагдсанаар ТББ-аа хэрхэн зөв зохистой удирдан, тасралтгүй үйл ажиллагааг хангах, төсөл хэрхэн бичих зэрэг маш олон төрлийн хэрэгцээт мэдээллээ авсан бөгөөд зорилго нэгтэй найз нөхөдтэй болж, мөн ирээдүйд хамтран ажиллах хамтрагчидтай болж чадсандаа их баяртай байна” хэмээсэн юм.

1104F86B-64DD-432F-86FC-3391451DECE5_1_105_c

Шилдэг 3 төслийг уг төслийн хэрэгжих чадвар, тогтвортой хэрэгжих чадамж, төслийн санхүүжилт зэрэг шалгууруудыг харгалзаж сонгосон юм. Бичил төслийн уралдаанд түрүүлсэн оролцогч 2022 оны 5 дугаар сарыг дуустал санаачилсан төслөө авсан санхүүжилтийн хүрээндээ хэрэгжүүлэх бөгөөд төслийн баг төслийн хэрэгжилтийг хянаж ажиллах юм.