Каритас Чех Репаблик байгууллага 2023 онд Монгол орны ирээдүйд чухал нөлөө үзүүлэх үйл ажиллагаанууд хийлээ. Тогтвортой хөгжил, олон нийтийн боловсролын чиглэлээр түлхүү ажилладаг манай хамт олон өнгөрсөн онд гурван үндсэн төслийг амжилттай хэрэгжүүлсэн юм.
-
Булган аймгийн хог хаягдлын менежментэд хувьсгал хийв
Монгол Улс дахь хуванцар хог хаягдлын дахин боловсруулалтын тогтвортой байдлыг хангах (SPRIM) төслийн хүрээнд Булган аймгийн хог хаягдлын менежментийн шинэчлэлт хийж байна. 2023 оны эхээр бид Булган аймгийн нутаг дэвсгэрийн 80%-ийг хамарсан хуванцар болон дахин боловсруулах боломжтой хог хаягдлыг үр ашигтай цуглуулах оновчтой маршрутын схемийг боловсруулан, орон нутгийн удирдлагуудад танилцуулсан юм. Төслийн зүгээс дэд бүтцээс гадна олон нийтийн оролцоог чухалчилж байгаа бөгөөд хог хаягдлыг ангилах, хариуцлагатай устгах соёлд төлөвшүүлэх сургалт зохион байгуулж, 5000 иргэнийг хамруулсан.
Хогийн төвлөрсөн цуглуулах цэг байгуулан, хог хаягдлын тээвэрлэлтийг оновчтой болгосноор 150 тонн дахивар бүтээгдэхүүн цуглуулж чадлаа. Каритас Чех Репаблик мөн "Монголын байгаль орчны боловсролын ололт амжилт ба ирээдүйн хэтийн төлөв" бага хурлын үеэр төслийн үр дүнг танилцуулж, боловсролын үр нөлөөг онцоллоо. Төслийн нөлөөгөөр орон нутгийн Иргэний нийгмийн байгууллагуудыг (ИНБ) хог хаягдлын менежментийн хүчин чармайлтыг үргэлжлүүлэх, өргөжүүлэх, тогтвортой, олон нийтэд тулгуурласан шийдлүүдийг бий болгоосой хэмээн бид хүсэж байгаа юм.
Мөн SPRIM төслийн онцлох нэгэн амжилт нь Монголын хуванцар дахин боловсруулах үйлдвэрийн төлөөллийг Европын хог хаягдлын менежментийн системтэй танилцуулах, туршлага судлах хоёр аялал зохион байгуулсан явдал байлаа. Бид зөвхөн хог хаягдлын менежмент бус, байгаль орчинд ээлтэй үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагуудыг дэмждэг.
2. Монголын ирээдүйн манлайлагчдийг бэлтгэв
Монголын залуу үеийг чадавхжуулах зорилготой ”Бүгд Залуусын Төлөө, Залуус Бүгдийн Төлөө” төсөл залуучуудад чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг иргэний нийгмийн байгууллага, төрийн хэвшлийн 18 төлөөллийг Чех болон Бельги орнуудад туршлага, соёл судлуулах аялалд илгээж, эх орондоо сурсан мэдсэнээ хэрэгжүүлэх боломж олгосон юм.
Уг төслийн тулгын чулуу нь төрийн болон иргэний нийгмийн байгууллагуудын харилцааг зузаатгах, хамтын ажиллагааг дэмжих зорилго байсан билээ. Мөн шийдвэр гаргах үйл явцад залуучуудын оролцоог нэмэгдүүлэх зорилготой Залуучуудын оролцооны стратегийг Баянхонгор аймагтай хамтран боловсруулсан.
Залуусын үндэсний хөгжлийн есдүгээр чуулганы үеэр Засгийн Газар, иргэний нийгэм, хувийн хэвшил болон залуу үеийн төлөөлөл зэрэг 800 орчим зочид Төрийн Ордонд хуран чуулж, залууст тулгарч буй бэрхшээл, тэдгээрийг хэрхэн шийдэх талаар хэлэлцсэн юм.
Үүнээс гадны залуусыг өөрийн амьдралын нөхцлийг бүтээлч байдлаар илэрхийлэхиг дэмжсэн “Тусгал” гэрэл зургийн уралдаан зохион байгуулагдаж, 72 бүтээл хүлээн авлаа.
Дөрвөн жил үргэлжилсэн төслийн маань хаалтын ажиллагаа ёслол төгөлдөр болж, бидний ололт амжилт, авчирсан өөрчлөлтийг тэмдэглэв.
3. Монголын бизнесийн орчныг өөрчилсөн нь
"Эдийн засгийн ногоон шилжилт" төсөл нь 2022 оны арваннэгдүгээр сард хэрэгжиж эхэлсэн бөгөөд хөдөө аж ахуйн хүнс, ус, ундааны салбарт 1500 бичил, жижиг, дунд үйлдвэрийг байгальд ээлтэй бизнес эрхлэхэд сургах зорилготой юм. Түүнчлэн орон нутгийн ногоон эдийн засагт шилжих үндсэн зорилго бүхий 30 мэргэжлийн бизнесийн холбоо (МБХ) болон 750 жижиглэнгийн худалдаа эрхлэгчид ногоон гэрчилгээ олгох, эко шошгололтын шилдэг туршлагыг хэрэгжүүлээд байна.
Ногоон бизнесийг хөгжүүлэх "Хургасгагч хөтөлбөр"-ийн анхны сургалт 2023 оны 11 дүгээр сарын 16-17-ны өдрүүдэд болж, оролцогч аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл эко шошго, тогтвортой хөгжил, дугуй бизнес загвар болон байгаль орчны шинжилгээний суурь ойлголттой боллоо. Төслийн хүрээнд 2022-2023 онд 742 ЖДҮ, жижиглэнгийн худалдаа эрхлэгчдийг хамруулсан хөдөө аж ахуй, хүнс, ундааны салбарын гүнзгийрүүлсэн үнэлгээг хийсэн юм. Судалгааны үр дүнд төрөөс дэмжлэг, урамшуулал шаардлагатай байгааг онцолж, тулгамдаж буй асуудал, зөвлөмжийг харуулав.
"Эдийн засгийн ногоон шилжилт" төслийн хүрээнд хэрэгжиж буй энэхүү олон талт санаачилга нь тогтвортой хөгжлийн туршлагыг нэвтрүүлэх, бизнесийг чадавхжуулах, Монгол Улсыг байгальд ээлтэй, тогтвортой эдийн засгийн ирээдүй рүү чиглүүлэх цогц арга барилыг тусгасан юм.
Каритас Чех Репабликийн төслүүд Монгол Улсын хог хаягдлын менежмент, залуучуудыг чадавхжуулах чиглэлээр бодитой өөрчлөлт хийгээд зогсохгүй илүү ногоон, илүү тогтвортой ирээдүй рүү чиглэсэн өргөн шилжилтийн хөтөч болж, эерэг өөрчлөлт, цаашид үргэлжлэх өөрчлөлтийг үлдээж байна.