Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих медиа кампанит ажил зохион байгуулагдаж байна
9. 12 дугаар сар 2021 Мэдээ

Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих медиа кампанит ажил зохион байгуулагдаж байна

Дэлхийн улс орнуудад залуучуудын хөдөлмөр эрхлэлтийн асуудал нэгэнт анхаарлын төвд орж,  хамгийн их санаа зовоосон асуудал болжээ. Монгол Улс ч энэ сорилттой нүүр тулж байна. МУ-ын Үндэсний Статистикийн Хорооны мэдээллээр,  15-34 насны залуучуудын 52%  нь ажилгүй буюу хөдөлмөр эрхэлж буй ядуу хүмүүс байна. Энэ нь Монгол Улсын хөдөлмөрийн насны хүн амын 50% юм. Гэтэл нөгөө талд “Ажил хийх хүн олдохгүй байна. Хөдөлмөрийн зах зээлд залуу ажиллах хүчний хомсдол их байна” гэдэг. Ийнхүү  ажиллах хүч болон хөдөлмөрийн зах зээл нэг цэгт огтлолцож чадахгүй байгаа нь юутай холбоотой вэ?

Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг хэрхэн дэмжих шаардлагатай вэ?

Залууст хөдөлмөр эрхлэхэд нь ажил олгогч болоод нийгмээс шалтгаалсан олон хүчин зүйлс нөлөөлдөг. Ажлын туршлага, боловсролын чанар, бага цалин, ажиллах тааламжгүй орчин, хамт олны хандлага зэргээс үүдэж тэд хөдөлмөрийн зах зээлд орох боломжгүй байна.

Баянзүрх дүүргийн оршин суугч 24 настай Г. Түмэнжаргал сургуулиа төгссөнөөс хойш хүүхдээ өсгөн 3 жил гэртээ суусан. Мэргэжлээрээ ажиллахаар олон байгууллагад өргөдөл гаргасан ч “ажлын туршлагагүй” тул ажилд орж чадаагүй л байна.

Харин Чингэлтэй дүүргийн оршин суугч 28 настай Б.Гантуяа МСҮТ-ийн хоол үйлдвэрлэлийн анги төгссөн. Мэргэжлээрээ ажиллах гэхээр ажил олгогч нар хэт бага цалин санал болгодог. Тухайн цалин нь хэрэглээндээ ч бүрэн хүрэхгүй байгаа тул хөдөлмөр эрхэлдэггүй гэлээ.

Сэлэнгэ аймгийн “Эерэг өөрчлөлтийн төлөө хамтдаа” ТББ-ын бизнес эрхлэгч Серикбол хэлэхдээ, “Залуучууд Сэлэнгэ аймгийг орхин явж байгаа асуудал бидний сэтгэлийг зовоож байна. Улаанбаатар хот дахь залуус өндөр цалингийн төлөө, амьдралаа дээшлүүлэхийн тулд гадны улсад очиж ажиллаж байна. Харин Сэлэнгэ аймгийн залуус ажлын байр болон бусад боломжийн төлөө Улаанбаатар хотыг зорьж байна. Бид залуу ажиллах хүчнээ алдсаар байна. Тиймээс бид хүмүүсийн давуу тал, боломж дээр тулгуурлан тэдний амьжиргааг нь дэмжих ёстой. Ингэснээр тэд аймгаа, улсаа орхиж явалгүй, харин оршин суугаа газартаа орлого бий болгож ажиллах болно” гэж ярьж байна.

262793608_1075899479908221_98638318984460662_n

 “Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үүднээс МСҮТ төгсөгч залуусыг хөдөлмөрийн зах зээлд нэвтрүүлэхэд бодлогын дэмжлэг үзүүлэх ёстой. Эдгээр чадварлаг төгсөгчид үнэ цэнтэй ур чадвар, шинэ санаагаар дүүрэн байдаг бөгөөд тэдэнд техникийн ур чадвар, шинэ санаагаа жижиг, өрхийн бизнес болгоход илүү их техникийн болон зөвлөхийн дэмжлэг хэрэгтэй байна” гэж Сэлэнгэ аймгийн “Эерэг өөрчлөлтийн төлөө хамтдаа” ТББ-ын бизнес эрхлэгч н. Гантуяа хэллээ.

4468A054-3ACA-41E3-8DE9-68770A67CA99

Хөдөлмөрийн зах зээлд анхлан орж буй залууст ур чадвар, туршлага дутмаг боловч ажил олгогч нар нь тэдэнд суралцаж, туршлагажих таатай орчныг бүрдүүлж өгч, зохистой ажлын цаг, цалингаар хангаж өгөх ёстой.

Хэдий чинээ олон залуус ажилгүй байна, нийгэм эдийн засгийн өсөлт, хөгжилд төдий чинээ сөргөөр нөлөөлнө. Хэрэв залуучуудын ажилгүйдлийг анхаарлын гадна орхивол нийгэмд ноцтой үр дагавар авчирна. Учир нь, тэд өөрсдийгөө орхигдсон мэт мэдэрч, нийгмээс гадуурхагдаж, айдаст автаж, ирээдүйдээ итгэх итгэлгүй болоход хүрдэг.

Энэ асуудлыг шийдэхэд нөлөөлөх зорилгоор Каритас Чех байгууллага нь Монголын Залуучуудын Эвсэл болон Иргэний Боловсролын Төвтэй хамтран “Бүгд залуусын төлөө, Залуус бүгдийн төлөө” төсөл хэрэгжүүлж, залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих аяныг эхлүүлсэн юм. Энэхүү аяны хүрээнд, залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих болоод залууст ажлын байрыг хүртээмжтэй болгоход чиглэсэн медиа контент хийж түгээж байна.

Түүнчлэн хөдөлмөрийн зах зээлд шинээр болон дахин орж ирж буй залуучуудын талаарх олон нийтийн мэдлэгийг дээшлүүлэх, ажил олгогчдыг залуучуудад ээлтэй, нийгмийн бүх давхарга, бүлгийн залуучуудыг хамруулсан ажлын байрны тохируулга хийхэд уриалах  зорилгоор 3 удаагийн хэлэлцүүлэг зохион байгуулсан юм.