Морин шарилжнаас “ургасан” гарааны бизнес
26. 7 дугаар сар 2023 Мэдээ

Морин шарилжнаас “ургасан” гарааны бизнес

Морин шарилж буюу mugwort ургамлыг хүмүүс харшил үүсгэгч хогийн ургамал гэж ойлгох нь элбэг. Гэвч энэ гайхалтай эмийн ургамал нь халуун бууруулж, үрэвсэл дардаг төдийгүй халуун хумхаа өвчнийг анагаах жорыг нь нээсэн эрдэмтэн Нобелийн шагнал хүртэж байсан билээ. Каритас Чех Репаблик хамтрагч байгууллагуудын хамт 5-р сарын 30-аас 6-р сарын 6 хооронд зохион байгуулсан Эрдэм Хакатон 2023 тэмцээнд mugwort хандтай арьс арчилгааны бүтээгдэхүүний төслөө танилцуулсан Артемис баг тэргүүн байрыг хүртсэн билээ.  

Хогтой андуурагдсан эрдэнэ

Солонгос гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэгчдэд “mugwort” гэдэг нэр тун танил. Саяхнаас арьс арчилгааны бүтээгдэхүүний орц найрлагад элбэг харагдах болсон “mugwort” гэх арьсыг тайвшруулж, улайлтыг багасгадаг энэ эмийн ургамал бол Монголд элбэг ургадаг морин шарилж. Эмийн өндөр чанартай уг ургамлаар гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэж эхлэхээр зэхэж буй Артемис баг инновацилаг төслөөрөө “Эрдэм Хакатон” 2023 тэмцээний тэргүүн байрыг эзэлсэн юм.  Бид тус багийн анхлагч Г.Оюундарьтай ярилцлаа.

wp-1664049326294-edited (1)

2023 оны 5-р сарын 30-наас 6-р сарын 6ны хооронд зохион байгуулагдсан эрдэмтэн судлаачдын “Эрдэм Хакатон 2023” тэмцээнийг Боловсрол Шинжлэх Ухааны Яам, Монгол Улсын Шинжлэх Ухааны Академи, Санхүү Эдийн Засгийн Их Сургууль, Эрдэнэт Шинжлэх Ухаан Технологийн Парк, Старт-Ап Монгол, Европын Холбооны санхүүжилттэй Каритас Чех Репаблик байгууллагын хэрэгжүүлж буй “Бүгд Залуусын Төлөө, Залуус Бүгдийн Төлөө” төсөл хамтран зохион байгуулсан билээ. Хакатонд 23 баг бүртгүүлэн, төслийн инновацлаг байдал, амьдралд хэрэгжиж, үйлдвэрлэлд нэвтрэх боломжтой, судалгаа оюуны өмч бүхий бизнесийн санаагаараа өрсөлдсөн билээ.

Монгол Улсын Шинжлэх Ухааны Академийн Биологийн Хүрээлэнгийн мэргэжилтнүүд Г.Оюундарь, Б.Эгшиглэн нараас бүрдэх Артемис баг морин шарилжны хандтай арьс арчилгааны бүтээгдэхүүний төслөөрөө Хакатоны тэргүүн байрын эзэд болсон юм. Солонгосчууд mugwort гэдэг нэрээр олон улсын гоо сайхны зах зээлд танилцуулсан ургамал бол яг үнэндээ морин шарилж. Монголчууд нэг наст шарилж, зуны шарилж ч гэж нэрлэдэг. Харин шинжлэх ухааны нэр нь Artemisia annua юм байна.

Ургамлын биотехнологийн лабораторид шинжилгээний ажилтан Б.Оюундарь 2018 онд дипломын ажлаа морин шарилж сэдвээр хамгаалж байжээ. Тэрээр маш эмзэг мэдрэмтгий, амархан улайж хорсдог арьстай, тохирох гоо сайхны бүтээгдэхүүн олддоггүй, олдсон ч удалгүй таарахаа больдог зовлонтой байсан байна. Морин шарилжны талаар судалж, судалгааны үр дүнтэй танилцаж байхдаа хандыг нь хэрэглэж үзэхэд арьсны эмзэгшил нь байхгүй болсноор гоо сайхны бүтээгдэхүүн гаргах санаа анх төрж байжээ. “Би хааяа гоо сайхны дэлгүүрээр үйлчлүүлэхдээ “mugwort” гэдэг ургамлынхаа талаар мэдэх үү, шарилж шүү дээ гэж тайлбарлаж өгөхөд худалдагчид нь итгэдэггүй юм. Энэ чинь Солонгос эмийн ургамал, юу гэж шарилж байдаг юм гэдэг” хэмээн Б.Оюундарь хэлээд инээв.

processed-02c6189b-4dd7-4e2e-ad12-ce781091be9c_2DsRuWFO

100% органик үндэсний бүтээгдэхүүн

Шарилжийг харшил үүсгэдэг, хогийн ургамал гэсэн ойлголт түгээмэл байдаг ч дэлхий даяар 300 гаруй төрөл зүйл, Монголд 106 төрлийн шарилж ургадгаас олонх нь эрүүл мэндэд тустай аж. Шарилжны үр харшил үүсгэдэг боловч үндсэн ургамлын халуун бууруулах, үрэвсэл дарж анагаах чадварыг нь ардын уламжлалт анагаах ухаанд тэмдэглэгдэн үлдсэн байдаг. Африк тивийн хүн амыг олон жилийн турш зовоосон, шумуулаар дамждаг халуун хумхаа буюу малария өвчнийг эдгээдэг цорын ганц нэгдлийг морин шарилжнаас олж нээсэн эрдэмтэн Ту Юүюү 2015 онд Нобелийн шагнал хүртсэн юм. Мөн Ковид-19 вирусын эсрэг эмчилгээнд ч морин шарилжийг ашигласан байна. Маш өндөр антиоксиданттай, улайж хорсдог эмзэг арьстай хүн морин шарилжийн хандыг нэг сар хэрэглэхэд эмзэгшил бүрэн эдгэдэг гэсэн клиникийн судалгааны үр дүн бий.

Морин шарилж нь нэг наст ургамал бөгөөд нөхцөл голохгүй ургах чадвартай бүтээгдэхүүний гол орцын найрлагын хомсдолд орохгүй давуу талтай ажээ. Мөн манай оронд ургадаг морин шарилж эрс тэс цаг уурын байдлаас хамаарч харьцангуй өндөр дотоод нэгдэлтэй байдаг ажээ. Тийм ч учраас бүтээгдэхүүнээ 100% Монгол түүхий эдээр, эх орондоо үйлдвэрлэн гаргах төлөвлөгөөтэй байгаагаа Артемис багийнхан илэрхийлж байв.

Б.Эгшиглэн болон Г.Оюундарь нар морин шарилжын хандтай нүүрний маск, чийгшүүлэгч спрей, нүдний жин болон өтгөн серум бүтээгээд буй. Бизнес санаагаа олж, лабораторийн судалгаа туршилт хийн, бүтээгдэхүүнээ бэлэн болгосон ч бизнес болгох, үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж авах гарааны хөрөнгөгүйн бэрхшээл тулгарч байсан учир “Эрдэм Хакатон” тэмцээнд оролцохоор шийджээ.

image

7 хоногийн турш Apprentice” шоуны ялагч, “Ард Секьюритиз” компанийн гүйцэтгэх захирал Ц.Бархас, "Стартап Монгол" ТББ-ын үүсгэн байгуулагч З.Билэгбаатар, өмнөх хакатоны ялагчид төслийн оролцогчдод бизнесийн санаа, төслөө амжилттай танилцуулах, хөрөнгө оруулалт босгох, мөн илтгэх чадварыг сайжруулах зэрэг төрөл бүрийн сургалт, зөвлөгөөнд хамрагдаж олон шинэ чадварт суралцсан гэдгээ тэд илэрхийлж байлаа.  “Бид хоёр үйлдвэрлэлийн судалгаа, шинжилгээ, бүтээгдэхүүний үр дүндээ л анхаарахаас биш бизнес эхлүүлэх, эрхлэх талаар мэдлэггүй байсан. Харин Хакатоны үеэр сурсан хичээлүүдийнхээ ачаар өөрийгөө нээж, илтгэх чадвар маань сайжирсан” хэмээн Г.Оюундарь өгүүлэв.

Тэмцээнд тун инновацлаг, сонирхолтой, шинэлэг олон төсөл оролцсон. Тэдний илтгэлийг сонсох бүрд өөртөө итгэл улам буурч, өөрийгөө ялна гэдэгт итгэлгүй болж байсан. Түрүүлсэн багийг зарлахад баяр хүргэж, алга таших гээд бэлдээд сууж байтал бидний нэрийг зарлахад маш их гайхаад, итгэж чадахгүй байсан” гэв.

Артемис баг цаашид гарааны бизнесээ компани болгон өргөжүүлж, зөвхөн Монголд ургадаг өндөр дотоод нэгдэлтэй “mugwort” буюу морин шарилжны хандтай бүтээгдэхүүнийг олон улсын зах зээлд таниулах зорилго өвөртөлж байна.

Каритас Чех Репабликийн тухай

  2006 оноос хойш манай байгууллага нь сургуулийн өмнөх боловсрол, мэргэжлийн боловсрол, хүний эрх, нийгмийн ажил, амьжиргааг дэмжих, хүмүүнлэгийн тусламж, байгалийн гамшгийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хөдөө аж ахуй, байгаль орчин, хог хаягдал дахин боловсруулах чиглэлээр нийт 15 аймагт 20 гаруй төсөл хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлсэн байна. “Бүгд Залуусын Төлөө, Залуус Бүгдийн Төлөө” төсөл нь Монголын хүүхэд залуус болон залууст чиглэсэн үйл ажиллагаа эрхэлдэг ТББ-уудыг чадавхжуулах зорилттой Европын Холбооны хөрөнгө оруулалттай төсөл юм.