Хог хаягдлын асуудал “харанга дэлдэх” хэмжээнд хүрснийг энэ зун аялал хийж байхдаа анзаарсан
4. 11 дүгээр сар 2021 Ярилцлага

Хог хаягдлын асуудал “харанга дэлдэх” хэмжээнд хүрснийг энэ зун аялал хийж байхдаа анзаарсан

Монгол орны байгалийн үзэсгэлэн, нүүдлийн соёл нь гадаадын зочид, аялагчдыг татдаг байсан бол сүүлийн жилүүдэд дотоодын аялагчид гэр бүл, найз нөхөдтэйгөө аялах нь ихэссэн. Ил задгай хаясан хог хаягдлыг харж эмзэглэж, хог хаягдлын талаарх олон нийтийн мэдлэгийг дээшлүүлэхэд өөрийн хувь нэмрээ оруулж яваа үлгэр жишээ залуу гэр бүлүүд ихсэж байна. Каритас Чех Репаблик байгууллага нь “Хуванцар хог хаягдлын дахин боловсруулалтын тогтвортой байдлыг хангах” төслийн хүрээнд хог хаягдлын асуудлыг хөндсөн нэвтрүүлэг хийсэн бөгөөд тус нэвтрүүлгийг хамтран бүтээсэн Н. Пүрэвдоржийн гэр бүл өөрсдийн байгаль орчинд ээлтэй амьдрах туршлагаасаа бидэнтэй хуваалцсан юм. Н. Пүрэвдоржийн гэр бүл нь Улаанбаатар хотын агаарын бохирдол, түгжрэл гээд олон асуудлыг үүсгэж буй автомашинаас татгалзаж гэр бүлээрээ унадаг дугуй хэрэглээд нэлээдгүй олон жил болж байгаа юм.

Өөрийгөө болон гэр бүлээ танилцуулна уу?

Намайг Н.Пүрэвдорж гэдэг. Би эдийн засагч мэргэжилтэй. Хүүхэд насаа Ховд, Өлгий аймагт өнгөрүүлж Берлинд хотод техникийн чиглэлээр коллеж төгссөн. Монголд  2003 оны хавар буцаж ирээд аялал жуулчлал, барилгын салбар мөн төрийн албанд арав орчим жил ажилласан. Одоо орон нутгийн ЖДҮ эрхлэгчдэд борлуулалтын чиглэлээр зөвлөгөө өгч, хувиараа ажиллаж байна. Би 30 гарч гэрлэж одоо гурван хүүхдийн аав болсон байна.

Танай гэр бүл яагаад байгаль орчинд ээлтэй амьдралын хэв маягийг олон нийтэд сурталчлах болсон бэ?

Эхнэр бид хоёр хүүхдүүдийнхээ даахийг үргээх ёслол, сургуульд орсон, анх тайзан дээр гарсан, дугуй унаж сурсан гэх мэт үйл явдлуудыг дүрсжүүлэн дурсамж болгож үлдээе гэж ярилцаад бичлэг хийж youtube-д unlisted тохиргоотой “хадгалдаг” байсан юм. Нэг удаа унадаг дугуйтай анхны аяллынхаа видеог youtube олон нийтэд нээлттэйгээр оруулсан юм. Тун удалгүй Анугийн нэг найз дугуйтай аяллын ТВ-контент хамтарч хийж эфирээр (ЭКО ТВ) гаргах санал тавьж 10 цуврал нэвтрүүлэг хамтран хийсэн юм. Гэр бүлийнхээ унадаг дугуйн хэрэглээг олон нийттэй хуваалцах болсон богинохон хугацаанд бидний энэ бяцхан үйл ажиллагаа Эх Дэлхийгээ аврах том зорилгод багахан ч болтугай хувь нэмэр болж байгааг ухамсарлаж, үүнээсээ их урам авсан. Унадаг дугуйг тогтмол хэрэглэх нь зөвхөн байгаль орчинд эерэг нөлөөтэйгөөр хязгаарлагдахгүй. Эдийн засгийн хувьд хэмнэлттэй, эрүүл мэндэд нэн тустайгаас гадна уур бухимдлыг бууруулах, хүүхэд багачуудын бие даах чадварыг нэмэгдүүлэх гэх мэт олон сайн талтай бөгөөд үүнийг олон нийтэд хуваалцахыг хүссэн юм.

NV8A6730

Унадаг дугуй хэзээнээс хэрэглэж эхэлсэн бэ?

Берлинд арав гаруй жил амьдрахдаа би өдөр тутам унадаг дугуй хэрэглэдэг байсан болохоор Улаанбаатарт ирээд захаас унадаг дугуй худалдаж авсан. Тухайн үед унадаг дугуйг зөвхөн “хүүхдийн тоглоом” л гэж хардаг байсан бол өнөөдөр өдрийн ямар ч цагт хоёр минут тутамд 2-3 дугуйтай хүмүүстэй гудамжинд зөрж байна. Энэ өсөлтийг дагаад үе үеийн хотын удирдлагууд ч дугуйн замын бүтээн байгуулалтад чамлахааргүй хэмжээнд анхаарлаа хандуулсаар ирсэнд талархдаг хэдий ч  илүү санаачлагатай ажиллах боломж ч байгаа гэж хардаг. 2013 онд эхнэртээ дугуй унахыг зааж өгснөөр хоёулаа ажилдаа дугуйтай явдаг болж хэсэг хугацаа өнгөрсний дараа бид хоёр охидоо үүргэвчтэй нь дугуйн дээр авч явах туршилт хийж үзээд гэр бүлээрээ ижил сонирхолтой болсон. Дугуй унаж сурчхаад охидоо маш их аз жаргалтай болж байгааг нь анзаарсан юм. Намар нь хичээлдээ дугуйтай явах өөрсдийнх нь хүслийг дэмжиж зөвшөөрч дугуйтай сургуульд нь хүргэж өгч авдаг болсон. Манай эхнэр зун дугуйтай аялъя гэдэг санал гаргаж байсан. Тухайн үед бага хүү маань нэг ойндоо дөнгөж хүрч байсан ч гэр бүлээрээ “хуралдаад” аялахаар болсон. Унадаг дугуйг өдөр тутамдаа хэрэглэх боломжтойг, дугуйтай аялах нь бидний мэдэрснээр бусад бүх аяллаас хамгийн амттай нь болохыг олон хүмүүстэй хуваалцах мөн хүүхдүүддээ багынх нь дурсамжуудыг хадгалж үлдээх зорилготой байсан тул Анугийн “төсөл хэрэгжихээр” болсон.(Инээв.)

Байгаль орчинд ээлтэй амьдралын хэв маягийг өөрсдийн амьдралдаа хэвшүүлэх хэр хүнд байдаг вэ?

Манай гэр бүлийн бүх гишүүд унадаг дугуйг өдөр тутамдаа хэрэглэж эхэлснээр тухайн үед гурван жил орчим хааяа л хэрэглэдэг байсан автомашинаа огт хэрэглэхээ больж, зарсан. Нийслэлийн оршин суугчдын хамгийн том асуудал болоод байгаа автомашины түгжрэл, түүнээс үүдэлтэй цаг алдалт, стресс бухимдлаас илбэдүүлсэн юм шиг нэг л өдөр ангижирсан болохоор ийм боломж байна шүү гэдгийг аль болох олон гэр бүлүүд олж хараасай гэж хүсдэг. Ийм амьдралын хэв маягт шилжих нь манай гэр бүлд их энгийн бөгөөд гайхмаар амархан бас тэгээд маш зугаатай байсан гэж хариулмаар байна.

3 100

Каритас Чех Репаблик байгууллагын Хуванцар хог хаягдлын менежментийн төслийн дэмжлэгтэйгээр хог хаягдлын асуудлыг хөндөж нэвтрүүлэг хийсэн. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч? Энэхүү нэвтрүүлгийн гол зорилго нь юу вэ?

Бидний өмнө нь төдийлөн анзаардаггүй байсан зүйлсийн нэг болох хог хаягдлын асуудал “харанга дэлдэх” хэмжээнд хүрснийг энэ зун аялал хийж байхдаа анзаарсан. Улаанбаатар хотоос Тэрэлж рүү хийсэн аяллын замд энд тэндгүй хөглөрөх хог хаягдал одоо ч нүдэнд харагдаж байна. Хажуугаар машинтай өнгөрсөн нэг ээж нь нүүрээ нойтон салфеткаар арчаад шууд л цонхоороо шидэхийг хараад тэсэлгүй хүүхдүүдийнхээ хажууд орилсон. Тэгээд өөрсдийн дугуйтай аяллын нэвтрүүлэгт хог хаягдлын сэдвийг заавал хөндөхөөр шийдэж мэдээлэл цуглуулж эхэлсэн. Каритас Чех Репаблик (КЧР) ОУ-ын байгууллагын хэрэгжүүлж буй төслийн хүрээнд зохион байгуулагдаж байсан хог хаягдлыг  онлайн сургалтад сууж хуванцар хог хаягдлын дахин боловсруулалтын тогтвортой байдлыг дэмжих төсөл хэрэгжиж байгааг сонсоод хамтран нэвтрүүлэг бэлтгэх санал тавьсан. Каритас Чех манай саналыг дэмжсэнд талархлаа илэрхийлье. Иргэд хог хаягдлаа байгальд ил задгай хаяхгүй байхад суралцах, өрх бүр хог хаягдлаа ангилж хэвших соёлыг төлөвшүүлэх уриалга дэвшүүлж гэр бүлийн гишүүн бүрт нөлөөлөх зорилгын хүрээнд тус нэвтрүүлгийг хамтран бэлтгэсэн.

Энэхүү нэвтрүүлгийг бэлдэж байх явцад байгаль орчин дахь хог хаягдал хэр байсан бэ?

Зарим газарт байгаль маш их өвдөлт мэдэрч байгаа байх даа гэмээр “УЙЛЖ” байсан.

IMG_5238

Хог хаягдлын зохицуулалт муу байх нь байгаль орчинд болон хүмүүст ямар хор хөнөөл учруулж байна вэ?

Энэ хэвээрээ үргэлжилбэл дэлхий дээр удахгүй хог хаягдал багтахгүй хэмжээнд хүрч бидний амьдрах орон зай улам хумигдах нь илэрхий байна. Зөвхөн орон зайн асуудал үүсгээд зогсохгүй бүх амьд амьтад, өвс ургамал хордож, элдэв төрлийн халдварт өвчин эмгэгүүд нэмэгдсээр байна.

Таны бодлоор хог хаягдлыг бууруулахад ямар арга хэмжээ авч хэрэгжүүлэх нь зохистой гэж харж байна вэ?

Бүх төрлийн хог хаягдлыг дахин боловсруулах шинэ технологиуд хөгжүүлэн үйлдвэрлэлд өргөн нэвтрүүлэх, баялаг түүхий эд болгон хувиргах үндэсний хөтөлбөртэй болж түүнийгээ Засгийн газар нь хэрэгжүүлэх үүрэг хүлээх замаар хог хаягдлыг бууруулах, улмаар хог хаягдалгүй болох боломж бий гэж боддог. Мөн бидэнд КЧР-ын төслийн хүрээнд зохион байгуулагдаж байгаа Монголын Тогтвортой Хөгжлийн Гүүр ТББ-ын сургалт маш их зүйлийг ойлгуулсан болохоор бүх насныханд хүртээмжтэй энэ мэт үйл ажиллагаанууд хог хаягдлын талаарх олон нийтийн хандлагыг бүрэн өөрчлөхөд үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт эргэлзэхгүй байна.

Европын Холбоо болон ЕU SWITCH-Asia хөтөлбөрийн дэмжлэгтэй хэрэгжиж буй “Монгол улс дахь хуванцар хог хаягдлын дахин боловсруулалтын тогтвортой байдлыг хангах” төслийн хүрээнд Пүрэвдоржийн хийсэн нэвтрүүлгийг эндээс үзнэ үү.

Байгальд ээлтэй амьдарлын хэв маяг сурталчилж, энгийн бүхнээс амьдралын үнэ цэнийг мэдэрч байгаа Пүрэвдоржийн гэр бүлийн пэйж хуудсыг дагаж илүү их мэдээлэл аваарай.