Хүмүүнлэгийн салбарт эмэгтэйчүүд голлох үүрэг гүйцэтгэдэг. Яагаад эмэгтэйчүүд чухал гэж?
6. March 2023 Ярилцлага

Хүмүүнлэгийн салбарт эмэгтэйчүүд голлох үүрэг гүйцэтгэдэг. Яагаад эмэгтэйчүүд чухал гэж?

Дайн дажин, байгалийн гамшигт нэрвэгдсэн бүсэд амьдардаг эмэгтэйд ямар байдаг бол? Ийм нөхцөл байдалд аж төрж буй охид, бүсгүйчүүдэд ямар хэрэгцээ шаардлага үүсдэг вэ? Тэдний зовлонг ихэвчлэн бусад эмэгтэйчүүд болон хүмүүнлэгийн тусламжийн ажилтнууд илүү ойлгодог юм. Дэлхий даяар хагас сая орчим хүмүүнлэгийн ажилтнууд байдгийн 40 орчим хувь нь эмэгтэй хүмүүс байдаг аж. Хүмүүнлэг болон хөгжлийн салбарт бидэнтэй мөр зэрэгцэн ажиллаж буй хамтрагчид маань яагаад энэ салбарт эмэгтэйчүүд илүү хөл нийлүүлэх хэрэгтэй талаар өөрсдийн үзэл бодлоо хуваалцаж байна.

Эмэгтэйчүүд эмэгтэй хүнд итгэл хүлээлгэх магадлал өндөр

Хүмүүнлэг болон хөгжлийн хямралд эмэгтэйчүүд хамгийн хүчтэй өртдөг учраас тэдэнд дэмжлэг үзүүлж буй хүмүүнлэгийн ажилтнууд дотор эмэгтэй хүн байх нь тун чухал юм. Мөн хямралыг туулж буй бүсгүйчүүдэд тулгамддаг зарим онцгой асуудлыг зөвхөн эмэгтэйчүүд ойлгож, туслах боломжтой байх нь бий. “Хүмүүнлэгийн салбарт ажиллаж буй эмэгтэйчүүд өөрөөсөө таагүй нөхцөл байдалд байгаа эмэгтэйн оронд өөрийгөө тавьж, юу туулж мэдэрч байгааг ойлгож, хамгийн чухал нь нэн шаардлагатай байгаа хэрэгцээг нь зөв тодорхойлох чадвартай байдаг” хэмээн Каритас Чех Репабликийн Ойрх Дорнодыг хариуцсан тусламжийн зохицуулагч Анна Вольфова өгүүлэв.

Хямралыг даван туулж буй бүсгүйчүүд эрэгтэй ажилтнуудад эрүүл мэндийн болон бусад эмзэг асуудлуудаа дэлгэхээс санаа зовох тохиолдол олонтаа тохиолддог. Тиймээс гамшгийн бүсэд эмэгтэй ажилтан байхгүй тохиолдолд бүсгүйчүүд ариун цэврийн хэрэглэл, тампон зэрэг наад захын ариун цэврийн бүтээгдэхүүн гуйхаас санаа зовох магадлалтай. Тиймээс хүмүүнлэгийн аливаа хөтөлбөрүүдэд, тэр тусмаа хөгжиж буй орнуудад хэрэгжиж буй хөтөлбөрүүд дээрх асуудлыг онцгойлон тусгаж, хангамж тараах хэсэгт эмэгтэй ажилтнууд байлгах нь зүйтэй юм.  

1

Украин дахь Каритас Чех Репабликийн яаралтай тусламж хариуцсан захирал Катерина Крекова хэлэхдээ: “Траума авсан эмэгтэйчүүд эрэгтэй бус эмэгтэй хүнд өөрийгөө нээн ярилцаж, чин сэтгэлээсээ итгэж байсан тохиолдлууд цөөнгүй гарч байсан. Ялангуяа мэдээлэл олж авах гарц, өөрийн хэрэгцээг таньж мэдэх, нийгэмд итгэх итгэл зэрэг асуудалд эмэгтэй хүн оролцсоноор үр дүн нь өндөр байдаг төдийгүй хүмүүнлэгийн мэргэжилтнүүдийн хүйсийг тэнцвэртэй байлгаснаар тухайн төсөл, хөтөлбөрийг олон нийт илүү чухалчилж авч үздэг байна” гэв.

Хувийн туршлага хамгийн гол үүрэг гүйцэтгэнэ

Молдавын Каритас Чех Репабликийн төслийн менежер бөгөөд хүмүүнлэгийн ажилтан Кристина Рогоинагийн туршлагаар эмэгтэйчүүдийн эрүүл мэнд, хүүхэд асрах, бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэндийн талаарх нуугдмал асуудлуудыг эмэгтэй хүмүүнлэгийн ажилтнууд л ажиглан илрүүлж чаддаг байна. “Эрчүүд шууд цэрэгт татагдаж, дайнд оролцдог бол хүүхэд, эмэгтэйчүүд өөрсдийн эх орондоо ч, хилийн чанадад ч дүрвэгч болж хувирдаг. Тиймээс хүмүүнлэгийн төсөл, үйл ажиллагаануудад бүр анхнаас нь, төлөвлөх шатнаас нь эхлэн эмэгтэйчүүд оролцож, хүмүүнлэгийн тусламж үзүүлэх нь үнэхээр чухал” хэмээн Рогоина өгүүлсэн юм.

Мөргөлдөөн, аюул үргэлжилж буй, эрсдэл өндөртэй бүсэд эмэгтэйчүүд хүний наймааны золиос болох, дэд бүтцийн осол өртөх эрсдэл огцом нэмэгддэг бөгөөд олон нийтийг харж асрах ачаалал нь ч асар өндөр болдог. “Дайн дажинтай орчинд эмэгтэйчүүдийн нуруун дээр илүү ачаалал ирдэг тул гэр бүлийн хүчирхийллийн хохирогч болох магадлал ч өсдөг юм” хэмээн Катерина Крекова мөн нэмж хэлэв. Тиймээс бэлгийн хүчирхийлэлд өртсөн бүсгүйчүүдэд эмэгтэй ажилтнууд тусламж үзүүлэх нь илүү тохиромжтой байдаг юм.

2

Хувь хүний үзэж туулсан туршлага мөн маш чухал нөлөөтэй гэдгийг Каритас Чех Репабликийн Замби улсыг хариуцсан захирал Мартина Хавликово онцолж байсан юм. “Эмэгтэйчүүд өөрийн туулсан туршлагаас үүдээд тэс өөр нүдээр аливааг харах чадвартай байдаг. Ялангуяа бусад эмэгтэйчүүдийн төлөө, бусад эмэгтэйчүүдтэй ажиллах үеэр энэ нь илэрдэг. Өөр дээрээ жишээ авахад л ээж болсны дараа эх болон хүүхдүүдэд ямар хэрэгцээ шаардлага үүсдэг талаарх ойлголт маань эрс өөрчлөгдсөн” гэж тэр хэлэв.

Ялгаатай байдал, эмпати болон цөөнхийн төлөөлөл

Women humanitarian workers can bring a unique perspective and understanding of local cultures, traditions and social customs. This can help ensure that humanitarian and development assistance is culturally sensitive and appropriate, and that it respects the rights and dignity of women and girls. Эмэгтэй хүмүүнлэгийн ажилтнууд тухайн нутгийн соёл, өв уламжлал болон нийгмийн ёс заншлыг ойлгох, зөв өнцгөөс харах онцгой чанартай. Энэ чадварынхаа ачаар хүмүүнлэгийн болон хөгжлийн туслалцаа үзүүлэхдээ тухайн нутгийн соёлд нь хүндэтгэлтэй, зохистой, охид эмэгтэйчүүдийн эрх, нэр хүндийг хүндэлсэн байдлаар хүргэж чаддаг. “Эмэгтэйчүүд хүмүүнлэгийн болон хөгжлийн тусламж үзүүлэх дахин давтагдашгүй зөнтэй. Бид бусдын зовлонг зүрх сэтгэлээрээ ойлгож, хувь хүний төвшинд туслалцаа үзүүлэх чадвартай” хэмээн Каритас Чех Репабликийн Монгол дахь суурин төлөөлөгчийн үүргийг түр гүйцэтгэгч Мижидсүрэн Чимэддорж хэлсэн.

Хүмүүнлэг болон хөгжлийн тусламжийн салбарт ажиллаж буй бүсгүйчүүд мөн охид эмэгтэйчүүдэд үлгэр дуурайлал болж, тэднийг уг салбарт ажиллах урам зориг өгдөг. Зөвхөн хүмүүнлэгийн салбараар хязгаарлагдахгүй, бүх л төрлийн ажлын талбар хоорондоо ялгаатай, ижилгүй хүмүүсээр бүрдүүлсэн баг илүү амжилттай ажилладаг билээ.  

"Миний бодлоор эмэгтэйчүүд илүү сэтгэлийн хаттай, бусдыг ойлгож энэрэх сэтгэлтэй, ерөнхийдөө чадварлаг байдаг. Мэдээж бид бүхэн хоорондоо харилцан адилгүй учир бидний олон талт байдал нь хүч чадал болдог юм. Тиймээс ялангуяа энэ салбарт өөр өөр нас, үндэс угсаа, шашин шүтлэг болон хөгжлийн бэрхшээл, онцгой хэрэгцээ бүхий эмэгэтйчүүд ажиллах нь тун чухал" хэмээн Мартина Хавликова өгүүлж байлаа.

3

Хүмүүнлэг болон хөгжлийн төслүүдийн бэлтгэлтэй холбоотой шийдвэр гаргах төвшинд эмэгтэйчүүд түлхүү оролцож байж хүмүүст цогц, үр дүнтэй туслалцаа үзүүлэх болно.

Гүрж улсад суугаа манай хамтрагч Екатерин Мешхриказе ч үүнтэй санал нийлж байна. “Хэн нэгнийг аз жаргал юм уу амжилтад хүрэхэд нь, эсвэл эх орныхоо хөгжилд өөрийн зүгээс бяцхан ч гэсэн дэмжлэг үзүүлж чадвал миний хувьд том хэрэг. Хөгжлийн салбар дах эмэгтэйчүүдийн оролцоо асар чухал. Эмэгтэйчүүд бид илүү энэрэнгүй, бүтээлч, хөдөлмөрч учир зөвхөн өөрийн улсаас гадна бусад орнуудын хөгжилд ч өндөр хувь нэмэр оруулж чадна” гэж тэр хэлсэн юм.

Хүмүүнлэгийн ажилтан бүрд хүйснээс үл хамаарах хамгийн чухал зүйл юу вэ? Каритас Чех Репабликийн Иракийг хариуцсан захирал Онельда Перндрека үүнийг ганцхан өгүүлбэрт багтаан өгүүллээ: “Би хүмүүнлэгийн ажилтан гэх үүрэг хариуцлагаа бусдад, тэр тусмаа сул дорой, эмзэг бүлэгт зориулсан үйлчилгээ, үүрэг хариуцлага гэж үздэг”.

Каритас Чех Репаблик ийм олон гайхалтай эмэгтэйчүүдээс бүрдсэн баг болон тэдний бүтээж буй үйлсээр бахархаж байна.