“Бид 10 гаруй тонн хог цэвэрлэсэн” О.Билэгтөр
29. 11 дүгээр сар 2021 Ярилцлага

“Бид 10 гаруй тонн хог цэвэрлэсэн” О.Билэгтөр

Манай улсад хотжилт хурдацтай нэмэгдэж, хэрэглэгчдийн зан үйл, хэв маяг өөрчлөгдөж байгаатай холбоотойгоор хог хаягдлын хэмжээ жил ирэх тусам  нэмэгдэж байна. Эдгээр хог хаягдал нь хяналт зохицуулалт муутай хогийн цэгт хүргэгдэж эсвэл байгальд ил задгай хаягдаж байна. Энэхүү асуудалд залуучууд нэгдэн нийлж, гол мөрөн, ой мод, хотын гудамж талбайд ил задгай хаягдсан хог хаягдлыг идэвхитэй цэвэрлэж буй юм. Европын Холбооны санхүүжилттэй “Монгол улс дахь хуванцар хог хаягдлын дахин боловсруулалтын тогтвортой байдлыг хангах” (SPRIM) төслийн хүрээнд байгуулагдсан Иргэний нийгмийн байгууллагуудын сүлжээний гишүүн О.Билэгтөр нь эдгээр залуучуудын төлөөлөл юм. Тэрээр Залуучуудын Эко клуб, Ногоон Сэтгэе клубийн тэргүүн бөгөөд доорх ярилцлагаар эдгээр клубийн зорилго, хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаа, цаашдын зорилгын талаар бидэнтэй хуваалцсан юм.

Та өөрийнхөө талаар танилцуулна уу?

Сайн байна уу? Намайг Оросоо овогтой Билэгтөр гэдэг. Би эхнэр 2 хүүхдийн хамт СБД-ийн 10-р хороонд амьдардаг. Би Улаанбаатар хотод төрж өссөн. Монгол улсын Боловсролын их сургуулийг Газар зүй Аялал жуулчлалын менежмент чиглэлээр 2010 онд бакалавр зэрэгтэй төгссөн. Одоо Иргэний нисэхийн ерөнхий газрын Үндэсний төвийн Аюулгүй байдлын хамгаалалтын албанд ажиллаж байна. Миний хоёр өвөө нисгэгч мэргэжилтэй ахмад дайчин хүмүүс байсан болохоор багаасаа л нисгэгч болох мөрөөдөлтэй байсан. Хараахан энэ чиглэлээр суралцаж эхлээгүй ч хэзээ нэгэн цагт онгоцны нисгэгч болох мөрөөдлөө биелүүлнэ гэж боддог.

Яагаад хог хаягдалгүй байх нь чухал, байгаль орчноо хамгаалах нь зүйтэй гэж үзэх болсон бэ? Ингэж ухамсарлахад хэн, эсвэл юу нөлөөлсөн бэ?

Дугуй унах, ууланд аялах сонирхол минь намайг байгаль орчны салбартай холбосон гэж боддог. 2012 онд Монголын Залуучуудын холбооноос Тэрэлжрүү явах 2 өдрийн дугуйн аяллын  зарыг харж, найзуудын хамт явсан юм. Аяллын дараа МЗХ-ны дэргэдэх унадаг дугуйн залуусын клуб байгуулагдаж гишүүнээр элссэн.

Дугуйн аяллын клубд нэгдсэнээр байгаль орчинтойгоо илүү ойрхон байж, найз нөхдийн хүрээллээ тэлж хамтдаа аялж, цэвэрлэж, байгаль орчиндоо ээлтэй амьдардаг хүмүүсийн хүрээлэлд орсон. Байгаль орчноо хайрлан хамгаалах, хүмүүст туслах, энэрэх чухлыг зааж сурган хүмүүжүүлсэн хүн бол миний ээж билээ.

Сүүлийн 5 жилийн хугацаанд 10 гаруй тонн хог хаягдлыг чөлөөт цагаараа цэвэрлэж, иргэдийн ухамсарт нөлөөлөх нөлөөллийн ажлынхаа талаар дэлгэрэнгүй танилцуулаач?

2016 оноос клубийн залуустайгаа хамтарч нийтдээ 10 гаруй тонн хог хаягдлыг цэвэрлэсэн.
Жил бүр хүмүүсийн үлдээсэн хог хаягдлыг цэвэрлэхээс гадна хог хаягдлаа хаяхгүй байх уриалга гарган нийт 10 ш самбарыг Туул голын эрэг дагуу хүмүүсийн амарч зугаалдаг хэсэгт байршуулсан. “Эх орноо хайрладаг Танд баярлалаа”, “Хүн та байгалийн дайсан биш” гэх зэрэг уриалгыг агуулсан  самбаруудыг байрлуулсан.
Самбар байршуулснаас хойш хэсэг хугацааны дараа очиход ямар ч хог хаягдалгүй болсон байхыг хараад маш их баярласан. Дараагаар нь “Эсэргэн нэгтгэл” бүжгийн хамтлагтай хамтарч Монголчуудад зориулсан нөлөөллийн бүжиг гаргасан. Мөн хүмүүсийг уриалсан дуу гаргах саналыг мэргэжлийн хүмүүст тавьж аяыг нь зохиолгож, үгийг нь бичүүлж дуу хийлгэсэн.  

New Project

Эдгээр ажлуудыг хийхэд танд тулгардаг асуудал бэрхшээл, эсвэл шантрах тохиолдол гарч байсан уу?

Хог цэвэрлэх явцад тухайн хариуцсан дүүргийн тохижилт үйлчилгээний машин ирэхгүй байх тохиолдол гарч байсан. Баянзүрх дүүргийн тохижилт үйлчилгээний хэлтэст өөрийн биеэр очиж машинд нь сууж 4 тонн хог хаягдлыг ачуулж байсан. Саад бэрхшээл, шантрах үе гарч байсан хэдий ч хийж дуусгана гэсэн чин хүсэл байдаг болохоор амжилттай дуусгадаг.

Монгол улсын хуванцар хог хаягдлын тогтвортой байдлыг хангах төслийн хүрээнд байгуулагдсан Иргэний нийгмийн байгууллагуудын сүлжээнд таны удирддаг “Ногоон сэтгэе” клуб нь ямар зорилгоор элссэн бэ? Та энэ сүлжээнээс ямар үр дүнг хүлээж байна вэ?

2020 оны намар Хог хаягдал дахин боловсруулах үндэсний холбооноос зохион байгуулсан хог хаягдлынменежмент сургалтад хамрагдсан юм. Сургалтад хамрагдаж байхдаа залуучуудын клуб байгуулах саналыг дэвшүүлж уг санал дэмжигдсэнээр  Монгол Улс дахь Хуванцар Хог Хаягдлын Тогтвортой Байдлыг Хангах Төслийн хүрээнд  “Ногоон сэтгэе” клуб байгуулагдаж тэргүүнээр сонгогдсон юм. Хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэрүүдтэй танилцах гэх зэрэг олон ажил хэрэгжүүлэхтөлөвлөгөөтэй байсан ч цар тахлаас үүдэлтэй хөл хорионоос болоод түр хойшлогдсон байгаа. Энэхүү сүлжээнд нэгдсэнээр эх дэлхий, байгальтайгаа зөв харьцах уриалгыг дэвшүүлж олон олон хүмүүст байгальд ээлтэй амьдралын хэв маягийг сонгоход нь нөлөөлж чадна гэдэгт итгэлтэй байна.  

New Project-2

Иргэний нийгмийн байгууллагуудын сүлжээний хүрээнд Сургагч багш нарыг чадавхижуулах сургалтаас юу суралцсан бэ?

Сургагч багш нарыг чадавхижуулах 2 өдрийн сургалтад хамрагдсандаа маш их баяртай байна. Энэхүү сургалтад хамрагдсанаар хог хаягдлын тухай цэгцтэй мэдээлэл авснаас гадна хэрхэн үр дүнтэй ажиллаж ирээдүй болсон үр хүүхдүүддээ зөв уриалга мэдээллийг хүргэх талаар суралцсан.Нийгэмд эерэг хандлагыг түгээж өөрчлөлтийг авчрах,  зөв мэдлэг, мэдээллийг түгээхэд иргэний нийгмийн байгууллагууд хэрхэн хамтарч ажиллах талаар үзэл бодлоо солилцсон үр дүнтэй сургалт болсон гэж үзэж байна.

Та ирээдүйн Монгол орныг цэвэр, хоггүй цэвэр байлгахад юу хамгийн ихээр юу нөлөөлнө гэж үзэж байна вэ?

Хүн бүрийн хичээл зүтгэл, зөв мэдлэг, мэдээлэл хамгийн чухал. Суурь боловсролын системд байгаль орчин, хог хаягдлын талаар агуулгыг оруулах хэрэгтэй гэж боддог. Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуй нэгж, айл өрхүүд ахуйн болон үйлдвэрийн хог хаягдлыг ангилж,  дахин боловсруулах нь Монгол улс хоггүй улс болох гарц юм. Монгол улсын хөгжилд хөдөө орон нутаг, хотод амьдарч буй залуу хүн бүрийн оролцоо чухал үүрэгтэй гэж боддог.