Залууст зориулсан “Зөвлөн зааварлах хөтөлбөр” эхэллээ
18. 9 дүгээр сар 2020 Мэдээ

Залууст зориулсан “Зөвлөн зааварлах хөтөлбөр” эхэллээ

УЛААНБААТАР, Монгол.  Европын Холбооны дэмжлэгтэй хэрэгжиж буй “Бүгд залуусын төлөө, Залуус бүгдийн төлөө” төслийн хүрээнд залууст зориулсан Менторшип хөтөлбөр буюу Зөвлөн зааварчлах хөтөлбөрийн нээлт өчигдөр боллоо. Энэхүү нээлтийн ажиллагаанд хөтөлбөрт оролцож буй залуус, зөвлөн зааварлагчтайгаа танилцан, хөтөлбөрөөр дамжуулж хэрхэн өөрийгөө хөгжүүлэх талаар зааварчилгаа авсан юм.

“Энэхүү хөтөлбөрт оролцож байгаатай үнэхээр их баяртай байна. Менторшип хөтөлбөрт хүсэлтээ явуулчхаад тэнцэх эсэхээ хүлээн их догдолсон. Энд ингээд сэтгэгдлээ хэлээд зогсож байгаадаа маш баяртай байна. Бусад ментор болон ментий нартаа амжилт хүсье!” хэмээн зөвлөн зааварчлах хөтөлбөрийн оролцогч Цогтбилэг хуваалцсан юм.

Tsogtbileg

Менторшип хөтөлбөрийн зорилго нь Цогтбилэг шиг хүсэл эрмэлзлээр дүүрэн залуучуудын хувь хүний хөгжил, нийгэмд эзлэх байх суурь, карьерийг нь сайжруулан нэмэгдүүлэх боломжийг бий болгох явдал юм.

“Тогтвортой хөгжлийн зорилгын хүрээнд залууст тулгамдаж буй асуудлууд болох ядууралтай тэмцэх, хүний эрхээ эдлэх, жендэрийн эрх тэгш байдлаа хангах, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулах, хүртээмжтэй аюулгүй нийгмийг бүтээхэд бид гар бие оролцох ёстой. Энэхүү зөвлөн зааварчлах хөтөлбөр нь 2030 оны хөтөлбөрийн зорилгод хамтдаа хүрэхэд залууст зайлшгүй хэрэгтэй ур чадваруудыг олгох юм” хэмээн Европын Холбооноос Монгол улсад суугаа элчин сайд Траян Христеа-г төлөөлж Европын Холбооны төслийн менежер Евгениа Фараза онцлон хэлсэн юм.

Тус хөтөлбөрт төрийн болоод төрийн бус, олон улсын хөгжил, бизнес, боловсролын салбар зэрэг төрөл бүрийн салбарт манлайлж буй мэргэжилтэн, шинжээч нар зөвлөн зааварлагчаар оролцож байна. Нийтдээ 200 залуу тус хөтөлбөрт оролцох хүсэлт илэрхийлснээс 27 залуу сонгогдсон юм. Эдгээр залуучууд нь 2020 оны 9-р сараас 12 сарын хооронд уг хөтөлбөрт хамрагдах бөгөөд 7 хоногтоо хамгийн багадаа 2 цагын хугацаанд зөвлөн зааварчилгаа авах юм.

“Каритас Чех Репаблик (КЧР) байгууллагын хамт олон бид залуучуудыг жинхэнэ утгаар нь чадавхижуулахын тулд тэдэнд манлайлан удирдах зайлшгүй шаардлагатай ур чадварыг нь суулгах ёстой гэж үздэг. Европын Холбооны санхүүжилтээр хэрэгжиж буй энэхүү хөтөлбөр нь залуу удирдагчдыг салбарын мэргэжилтнүүдтэй нь нэгтгэж, цаашдын ажил мэргэжилд нь дэмжлэг болох юм” хэмээн КЧР байгууллагын суурин төлөөлөгч Яна Зилкова цохон тэмдэглэлээ.

Энэхүү хөтөлбөр нь иргэний нийгмийг чадавхижуулах замаар залуусын хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлж, тэдний иргэний оролцоо болоод сайн дурын ажлыг дэмжих зорилго бүхий “Бүгд залуусын төлөө, Залуус бүгдийн төлөө” төслийн нэгээхэн хэсэг юм.

Төслийн тухай: КЧР байгууллага нь Европын Холбооны дэмжлэгтэйгээр “Бүгд залуусын төлөө, Залуус бүгдийн төлөө” төсөл хөтөлбөрийг Монголын залуучуудын эвсэл, Иргэний боловсролын төвтэй хамтран Улаанбаатар хот болоод Сэлэнгэ, Хэнтий, Дорноговь, Баянхонгор аймгуудад хэрэгжүүлж байна.

17D_9447