Бидэнд 4 жилийн турш залуучуудад тулгардаг сорилтуудад шинэ шийдлүүдийг олж өөрчлөлтийг бүтээгч ирээдүйн манлайлагчидтай хамтран ажиллах завшаан тохиосон. Хамтдаа анхны сайн дурын платформыг хөгжүүлж, залуу сонгогчдын түүхэн идэвхитэй оролцоог дэмжиж, хөдөлмөр эрхлэх шинэ ур чадваруудаар олон мянган залуучуудын амьдралд нөлөөлсөн. Хамгийн гол нь үүнийг бид зөвхөн төслөөр зогсохгүй өөрчлөлтийн төлөөх урам зоригоор хөглөгдсөн олны оролцоотойгоор бүтээсэн юм.
Монгол улсын ирээдүй: Залуу үеийн чадавхижуулах хөдөлгөөн
Монгол улсын 3.4 сая гаруй хүн амын 30 орчим хувийг 15-34 насны залуучууд эзэлдэг боловч тэдний дуу хоолой шийдвэр гаргах үйл явцад хангалттай хүрч чаддаггүй. Боловсрол, хөдөлмөр эрхлэлтийн бодлого боловсруулалт, хөгжүүлэлтэд залуучуудын асуудлуудыг харгалзан үздэггүйн уршгаар залуучууд чанартай боловсрол, хичээлээс гадуурх үйл ажиллагаагаар өөрсдийгөө хөгжүүлэхэд томоохон сорилтуудтай тулгардаг. Үүнээс үүдэн залуучууд ихэвчлэн чанартай ажлын байртай болоход хүндрэлтэй байдаг.
Эдгээр олон талт асуудлуудыг шийдвэрлэхийн тулд “Бүгд залуусын төлөө, Залуус бүгдийн төлөө” төсөл Монгол Улсын засаглал, хөгжлийн үйл явцад хувь нэмрээ оруулах, иргэний нийгмийн байгууллагуудын чадавхийг бэхжүүлэх сүлжээ байгуулах, нөлөөлөл, судалгаа шинжилгээ хийх замаар сайжруулах зорилготойгоор хэрэгжсэн. Төсөл дараах 4 зорилтын хүрээнд хэрэгжсэн:
- ТББ-уудыг чадавхижуулах замаар залуучуудын нийгмийн оролцоог дэмжсэн;
- Залуучуудын хөдөлмөр эрхлэлт, бизнес эрхлэлт: Орон нутгийн эдийн засагт залуучуудын оролцоог нэмэгдүүлэх ТББ-уудыг чадавхижуулсан;
- Залуучуудын оролцоо ба хүртээмж: ТББ-ууд болон орон нутгийн удирдлагуудын хамтын ажиллагаагаар залуучуудын иргэний оролцоог нэмэгдүүлсэн;
- Залуучуудын сайн дурын үйл ажиллагааг сурталчлах: Сайн дурын үйл ажиллагааны ач холбогдлыг нийгэмд таниулж бэхжүүлсэн.
2020 оны 1-р сараас 2023 оны 12-р сарын хооронд Каритас Чех Репаблик байгууллага нь Европын Холбооны санхүүжилтээр Иргэний Боловсролын Төв ТББ, Монголын Залуучуудын Эвсэл ТББ-тай хамтран “Бүгд залуусын төлөө, Залуус бүгдийн төлөө” төслийг хэрэгжүүлж Улаанбаатар хот болон Хэнтий, Дорноговь, Баянхонгор, Сэлэнгэ аймгуудын залуучуудтай хамтран ажилласан. Төсөл 2020 онд хэрэгжиж эхэлсний дараахан COVID-19 цар тахлын хөл хорио, хязгаарлалттай тулгарсан ч шинэлэг цахим хэрэгсэл, платформуудыг ашиглаж түргэн хариу үзүүлж амжилттай дасан зохицож чадсан. Төслийн хугацаанд хоёр удаагийн үнэлгээ хийгдэж, төслийн зорилтуудад хүрч урт хугацаанд үлдэх нөлөө үзүүлж чадсан.
Төслийн үйл ажиллагаа нь ажилгүйдлийн түвшинг сүүлийн арван жилийн хамгийн доод түвшинд мэдэгдэхүйц бууруулахад нөлөөлсөн нь 2023 оны гуравдугаар улирлын байдлаар ажилгүйдлийн түвшин 5.2%-д хүрч, нийт ажилгүй иргэдийн 23.3%-ийг 20-34 насны залуучууд эзэлж байсан бол дөрвөн жилийн өмнө 45.9% байсан статистикаас харагдаж байна.
Онцлох үр дүнгээс:
- ИНБ-ын сүлжээний 200 ТББ-ын 600 гаруй төлөөлөгчдийн чадавхийг стратеги, сайн дурын менежмент, санхүүгийн менежмент зэрэг зохион байгуулалтын ур чадваруудаар бэхжүүлсэн;
- Орон нутгийн залуучуудын оролцооны 24 санаачлагыг дэмжиж техникийн болон санхүүгийн дэмжлэг үзүүлсэн;
- Залуучуудын иргэний нийгмийн байгууллагуудын 4 удаагийн чуулга уулзалтыг Монгол Улсын Засгийн газартай хамтран зохион байгуулсан;
- Орон нутгийн 33 санаачилгад 110 гаруй сая төгрөгийн мөнгөн дэмжлэг үзүүлсэн;
- Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд (ХБИ)-д зориулсан ажлын байрны тохируулгын талаарх анхны вэб сайт болох www.tokhiruulga.mn-ийг хөгжүүлэлтийг дэмжиж эхний санхүүжилтийг олгосон;
- 500 гаруй иргэний нийгэм, засгийн газрын төлөөлөгчдийг иргэний оролцооны үндэс суурь, үр шим хүртэгчид болон гол оролцогч талуудад шийдвэр гаргах үйл явцад оролцоход шаардлагатай арга техник, хэрэгслээр чадавхижуулсан;
- Олон улсын болон орон нутгийн иргэдийн оролцооны амжилттай туршлага, жишээг олон арга замаар хуваалцсан (Yvote гар утасны аппликейшн, Европын туршлага судлах аялал, орон нутгийн солилцооны хөтөлбөр, мэдээллийн хуудас, хэвлэл мэдээллийн кампанит ажил, бодлогын хэлэлцүүлэг);
"Мэдлэг хуваалцах, сүлжээ байгуулах уулзалтуудад оролцсоноор би шинэ харилцаа холбоо тогтоож, бусад орон нутгийн ИНБ-ууд төрийн байгууллагуудтайгаа хэрхэн үр дүнтэй хамтран ажиллаж байгааг олж мэдсэн."
Солилцооны хөтөлбөрийн оролцогч, Дорноговь аймаг
- Сайн дурынхан болон сайн дурынхныг хайж буй байгууллагуудыг холбох анхны платформыг боловсруулсан, ivounteer.mn;
- “I volunteer, Do you?” арга хэмжээ, сайн дурынхны менежментийн удирдамж, сургалт, бодлогын зөвлөмж, www.ivolunteer.mn сайт зэрэг олон талт үйл ажиллагаануудаар 30 ТББ, 215 сайн дурын ажилтанд шууд, 3000 гаруй сайн дурын ажилтанд шууд бусаар хүрч ажилласан.
"Олон хүмүүс сайн дурын ажилтныг үнэ төлбөргүйгээр гараа сунган ажилладаг хүн гэж үздэг. Би сайн дурынхантай хэрхэн харьцахаа ойлгоогүйгээсээ болж алддаг байсан. Тиймээс төслөөс гаргасан сайн дурынхны гарын авлагыг уншиж өмнө нь бодож байгаагүй олон чухал мэдээллийг олж авлаа."
Улаанбаатар дахь ТББ-ын тэргүүн
Төслийг ХБИ болон ЛГБТИК+ иргэд болон нийгмийн хүртээмжээс хоцорч буй иргэдийн оролцоог хангахад анхаарч боловсруулсан тул төслийн төгсгөлд оролцогчдын 60-70 хувь нь эмэгтэйчүүд байсан бөгөөд 50 гаруй ХБИ-д төслийн үйл ажиллагаанд оролцсон байна.
Туршлагатай хамт олон, хүний эрхийг хүндэтгэсэн, олон талт хамтын ажиллагааг дэмжсэн арга барилаараа бид сум, аймаг, улсын хэмжээнд залуучуудын оролцоог бодлогын баримт бичигт тусгах, хангах ажлыг дэмжин ажилласан.
"Залуучуудын төслийн санаачилгын үр дүнд манай аймагт 2023 онд анх удаа залуучуудын хөтөлбөр (2024-2027) батлагдсан бөгөөд тус хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардлагатай төсвийг аймгийн Засаг дарга 2024 оны төсөвт тусган баталжээ."
Сүхбаатар сумын ИТХ-ын дарга, Сэлэнгэ аймаг
Ярьснаа ажил болгодог төслийн багийн хувьд бид залуучууд, сайн дурын ажилтнууд, менти нарыг үйл ажиллагаандаа олон талаар хамруулж, мэдлэг туршлагаа олон нийттэй хуваалцаж, солилцсон. Үүний нэг тод жишээ бол бидэнтэй 2 жилийн турш ажилласан Австралийн сайн дурынхны хөтөлбөрийн урт хугацааны сайн дурын ажилтан юм. Тэрээр COVID-19-ийн үеэр ч Мельбурнаас 6 сарын турш зайнаас ажиллаж байсан. Тэрээр Австралийн орон нутгийн засаг захиргаанаас залуучуудын оролцоог хэрхэн хангадаг туршлагаас Монголын олон арван нутгийн захиргааны ажилтнуудтай хуваалцсан.
Монголын залуучуудтай эв санааны нэгдлийн үүднээс БНЧУ-ын Гадаад хэргийн яам, Австралийн сайн дурынхны хөтөлбөр, Азийн сан, Канад сан, People in Need, Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банк зэрэг олон улсын байгууллагууд төслийг хамтран санхүүжүүлсэн.
"Ийм чухал танилцах аяллыг маш сайн бэлтгэж, зохион байгуулсан Каритас Чех Репабликын хамт олонд баярлалаа. Мөн биднийг найрсаг, зочломтгойгоор хүлээн авч уулзсан хандивлагчид, бусад албаны хүмүүс, ИНБ-ынханд талархал илэрхийлье."
Европын туршлага судлах аяллын оролцогч
Залуучуудтай хийсэн аяллын маань энэ бүлэг дуусч байгаа ч бид хуванцар хог хаягдлын дахин боловсруулалтын төсөлдөө залуучуудыг татан оролцуулах шинэ боломжуудыг бий болгож байна. https://www.facebook.com/CaritasCzechRepublicInMongolia/posts/pfbid0SG6PvbCuw6xV8KQMXC2BsJ51VQMPArfiMDoqeMdfppyxXUJSmjTivz7eTuZuUSSdl.
Мөн залуучуудад төвлөрсөн тогтвортой ирээдүйн шинэ төслүүдийг боловсруулж байна. Төслийн хүрээнд хийгдсэн судалгаа, нийтлэлүүд. эндээс уншина уу.