Европын Холбооны дэмжлэгтэй хэрэгжиж буй төсөл нь хог хаягдлын менежментийг сайжруулна

Европын Холбооны дэмжлэгтэй хэрэгжиж буй төсөл нь хог хаягдлын менежментийг сайжруулна

Хог хаягдал нь байгаль орчин болоод хүний эрүүл мэндэд хор нөлөөтэйгөөс гадна эдийн засагт ч сөргөөр нөлөөлдөг байна. Манай улсад хог хаягдлыг дахин боловсруулах нэгдсэн систем байхгүй бөгөөд албан бус, хяналтгүй хогийн цэгүүдэд хогоо хаяж, шатааж байна.

"Дэлхий даяар жилд 300 сая тонн хуванцар хог хаягдал үүсдэг байна. Өөрөөр хэлбэл энэ их хаягдал нь нийт хүн төрөлхтний биеийн жингийн нийлбэртэй тэнцүү хэмжээтэй гэсэн үг юм. Иймд Европын Холбооны дэмжлэгтэй хэрэгжиж буй төсөл нь хуванцар хог хаягдлын хор нөлөөг бууруулах, улмаар хог хаягдлын үр ашигтай менежментийн системийг бий болгох зорилготой хэрэгжиж байна" хэмээн Европын Холбооноос Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхэт элчин сайд хадагтай Аксель Никэйз Булган аймаг дахь дээд түвшний айлчлалын үеэрээ онцоллоо.

22055DB3-D332-4608-8306-B2117B6C6D82_1_105_c

Төслийн дээд түвшний айлчлалын баг буюу Европын Холбооноос Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхэт элчин сайд хадагтай Аксель Никэйз, БНЧУ-аас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхэт элчин сайд ноён Ян Вытопил болон Бүгд найрамдах Польш улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхэт элчин сайд ноён Кшиштоф Бойко нар нь Булган аймагт зочилсон юм. Энэхүү дээд түвшний айлчлалын зорилго нь “Монгол улс дахь хуванцар хог хаягдлын дахин боловсруулалтын тогтвортой байдлыг хангах” төсөл хэрэгжиж буй Булган аймаг, Хишиг-Өндөр суманд зочлон төслийн үйл ажиллагаатай танилцах явдал юм. 

3 дугаар сарын 14-ны өдөр дээд түвшний айлчлалын баг нь Булган аймгийн Засаг Дарга Б.Ариун-Эрдэнэ болон төрийн салбар, агентлагуудын төлөөллүүдтэй уулзаж, төслийн холбогдох байгууллагуудын тэргүүлэх чиглэлүүд болон цаашдын хамтын ажиллагааны талаар хэлэлцсэн юм. Түүнчлэн Элчин сайд Никэйз нь төслийг амжилттай хэрэгжүүлэхэд орон нутгийн удирдлагуудын бүхий л талын дэмжлэг хэрэгтэйг онцлон тэмдэглэв.

“Энэхүү төслийг хэрэгжүүлэхэд орон нутгийн удирдлагуудын идэвхитэй оролцоо, тэдний бүхий л талын дэмжлэг ихэд хэрэгтэй. Тус төсөл хэрэгжиж дууссаны дараа Булган аймаг нь хог хаягдлын менежментийг зохих ёсоор нэвтрүүлсэн загвар аймаг болох болно гэсэн хүлээлттэй байна. Улмаар бусад аймгууд Булган аймгийн сайн туршлагыг нэвтрүүлэх боломжтой болох юм.” хэмээн Европын Холбооноос Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхэт элчин сайд хадагтай Аксель Никэйз хэлсэн юм.

BC9A5B6E-1828-4A3D-8A4C-EEC55793F56D_1_105_c

Түүнчлэн орон нутгийн удирдлагууд болон Булган аймгийн Хишиг-Өндөр дахь сумын зүгээс төслийг хэрэгжүүлэхэд хамтын ажиллагааны боломжит чиглэлүүдэд бүхий л талаар дэмжин ажиллахаа илэрхийлэв.

Төслийн тухай: “Монгол улс дахь хуванцар хог хаягдлын дахин боловсруулалтын тогтвортой байдлыг хангах” төслийн ерөнхий зорилго нь Монгол улсын эдийн засгийн хөгжил цэцэглэлт, ядуурлыг бууруулахад хувь нэмэр оруулах, ногоон эдийн засгийн хөгжил, нүүрстөрөгч багатай, нөөцийн хэмнэлттэй, тойрог эдийн засагт шилжихэд дэмжлэг үзүүлэх юм. Энэхүү төслийг Каритас Чех Репаблик байгууллага, Монголын Байгаль Орчны Аюулгүй Байдлын Төв, Эко Сум ТББ, Монголын Тогтвортой Хөгжлийн Гүүр, Т.Г. Масарыкын нэрэмжит Усны Судалгааны Институт гэх дөрвөн байгууллага хамтран хэрэгжүүлж байна.  Дэлгэрэнгүй мэдээллийг эндээс авна уу.