Залуучуудын Хөгжлийн Үндэсний Есдүгээр Чуулган болж өнгөрлөө
29. 8 дугаар сар 2023 Хэвлэлийн мэдээ

Залуучуудын Хөгжлийн Үндэсний Есдүгээр Чуулган болж өнгөрлөө

НҮБ-ын Ерөнхий Ассамблей “Залуучуудыг дэмжих арга хэмжээний дэлхийн хөтөлбөр”-ийг 1995 онд баталж, дэлхий нийт, улс орнуудын удирдлага, олон нийтийн анхаарлыг хандуулах үүднээс “Олон улсын залуучуудын өдөр”-ийг жил бүрийн Наймдугаар  сарын 12-ны өдөр тэмдэглэж залуучуудын хөгжил, хамгаалал, оролцооны асуудал хөндсөн уриаг дэвшүүлж ирсэн онцлогтой.

Энэ онд Олон улсын залуучуудын өдрийг “Залуучуудын байгальд ээлтэй ногоон ур чадвар: Ээлтэй дэлхий ертөнцийг бий болгохын төлөө” сэдвээр зохион байгуулах уриаг дэвшүүлсэн.

Манай улс залуучуудын өдрийг 2003 оноос эхлэн жил бүрийн Наймдугаар сарын 25-ны өдрийг Монголын залуучуудын өдөр болгон тэмдэглэж, залуучуудын хөгжлийн сарын аяныг улс даяар зохион байгуулдаг уламжлал тогтсон.

          Үүнтэй уялдуулан “Хүний эрхийг дээдэлсэн нийгэм цогцлооход залуусын бүтээлч хамтын оролцоо” сэдвийн хүрээнд “Залуучуудын хөгжлийн үндэсний есдүгээр чуулган”-ыг Монгол Улсын Засгийн газар, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Гэр, бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Монголын Залуучуудын эвсэл ТББ болон бусад төр, иргэний нийгмийн байгууллагууд хамтран 2023 оны Наймдугаар сарын 25-ны өдөр Төрийн ордонд олон талын төлөөлөл болсон 800 залуугийн оролцоотой  зохион байгуулж байна.  Чуулганыг  НҮБ-ын Хүн амын сан, НҮБ-ын Хүүхдийн сан болон Европын Холбооны “Бүгд Залуусын Төлөө,
Залуус Бүгдийн Төлөө” төслийн хэрэгжүүлэгч  “Каритас Чех Репаблик”, “Иргэний боловсрол төв” байгууллагуудын дэмжлэгтэй зохион байгуулж байгаа юм.

“Монгол хүний сайн сайхан байдлыг дээшлүүлэхэд иргэний нийгэм, хувийн хэвшил, төр, олон улсын байгууллагын түншлэлд суурилсан залуучуудын оролцоог хангах нь" зорилгыг дэвшүүлж, чуулган угтсан урьдчилсан хэлэлцүүлгүүдийг 2023.08.03-17-ний өдрийн хооронд нийслэл, аймаг, дүүргийн хэмжээнд зохион байгуулсан юм.

Дээрх дэд хэлэлцүүлгүүдээс гарсан санал, дүгнэлтийг  “Залуучуудын хөгжлийн үндэсний есдүгээр чуулган”-д хэлэлцүүлэх баримт бичигт тусгасан.

Энэ жилийн чуулганаар

  • Залуучуудын хөгжлийн тэргүүлэх чиглэл, үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгах санал
  • Сайн дурын ажил ба соёлын бүтээлч үйлдвэрлэгч, сайн дурын ажлын удирдлага, зохион байгуулалтын шинэчлэл
  • Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийн хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээ, залуучуудын хөгжлийн тулгамдсан асуудал, боломжит шийдэл зэрэг чухал асуудлуудыг хөндөж, оновчтой шийдэл гарц олох зорилготой байгаа юм. Тухайлбал Залуучуудын асуудлыг эрхлэх төрийн захиргааны байгууллагын бүтэц, зохион байгуулалт хүний нөөцийн асуудал, иргэний нийгмийн хамтын ажиллагаа, Залуучуудын хөгжлийн үндэсний зөвлөлийг хэрхэн үр дүнтэй ажиллуулах гэх зэрэг олон асуудалд хариулт болох шийдэл олж, зөвлөмж гаргахаар зорин ажиллаж байна.