Хог хаягдлын менежмент үндэсний форум дахь Технологийн үзэсгэлэн
20. 1 дүгээр сар 2020 Хэвлэлийн мэдээ

Хог хаягдлын менежмент үндэсний форум дахь Технологийн үзэсгэлэн

Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас "Хог хаягдлын менежмент" үндэсний форумыг "Хаягдалгүй эдийн засаг руу шилжих гарц ба шийдэл" сэдвийн хүрээнд 2019 оны 5 дугаар сарын 07-ны өдөр зохион байгууллаа. Энэхүү форумын гол зорилго нь Монгол улсын хог хаягдлын менежментэнд тулгарч буй асуудал, түүнээс гарах шийдэл, цаашдын төлөвлөгөөг хэлэлцэх явдал байв. Тус форумын технологийн үзэсгэлэнд Каритас Чех Репаблик (КЧР) Монгол дахь суурин төлөөлөгчийн газар нь хог хаягдлын менежментийн төслийн хүрээнд гарган авсан бүтээгдэхүүнээ танилцууллаа.  Тус үзэсгэлэнд холбогдох яамд, хувийн хэвшил, ТББ, хог хаягдал дахин боловсруулах үйлдвэр, орон нутгийн өөрөө удирдах байгууллагууд мөн оролцсон юм.

КЧР Монгол дахь суурин төлөөлөгчийн газар нь “Монгол улсын барилгын салбарын нөөцийн үр ашигтай байдал, цэвэр үйлдвэрлэлийг дэмжих” төслөө танилцуулан Барилгын нураалт, буулгалтаас үүсэх хог хаягдлыг дахин боловсруулж гарган авсан бүтээгдэхүүний дээжээ олон нийтэд дэлгэн, технологийн аргачлалаасаа хуваалцлаа. Мөн гарын авлага, брошур, тараах материалаар дамжуулан барилгын буулгалт, нураалтаас үүссэн хог хаягдлын менежментийн талаарх олон нийтийн ойлголт мэдлэгийг дээшлүүлж,  үзэсгэлэнд оролцогчдын асуултанд дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн юм. Түүнчлэн төслийн хүрээнд хэрэгжсэн үйл ажиллагаануудын үр дүнг видео зураглалаар олон нийтэд хүргэж, тус үзэсгэлэнд оролцсон юм.

National forum on Waste Management 3

Мөн технологийн үзэсгэлэнгийн үеэр төслийн хүрээнд гаргасан судалгааны ажлын талаарх гарын авлагыг хүргэснээр барилгын салбарын бодлого боловсруулагч, шийдвэр гаргагч нар барилгын буулгалт, нураалтаас үүсэх хог хаягдлын менежментийн сүүлийн үеийн техник технологи, нөхцөл байдлын талаар гүнзгий ойлголттой болж улмаар харилцан санаа бодол солилцох боломж бүрдсэн юм.

National forum on Waste Management 2