Каритас Чех Репаблик байгууллага нь Европын Өдөрлөгөөр хэрэгжүүлж буй төслүүдээ танилцууллаа
31. 5 дугаар сар 2022 Хэвлэлийн мэдээ

Каритас Чех Репаблик байгууллага нь Европын Өдөрлөгөөр хэрэгжүүлж буй төслүүдээ танилцууллаа

Европын Холбооноос Монгол Улсад суугаа Төлөөлөгчийн Газар нь Европын өдөрлөгийг амжилттай зохион байгууллаа. Энэхүү өдөрлөгт Европын гишүүн улс орнууд, Европын соёлын болон бизнесийн байгууллагууд, Европын Холбооны дэмжлэгтэй хэрэгжиж буй төслүүд оролцож, Европын олон талт баялаг соёл, уламжлалыг тэмдэглэн өнгөрүүллээ. Каритас Чех Репаблик байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгчийн газар нь тус өдөрлөгт идэвхитэй оролцож, Европын Холбооны дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж буй гурван төсөл хөтөлбөрөө танилцуулсан юм. Энэхүү өдөрлөг нь Сүхбаатарын талбайд 5 дугаар сарын 28-нд зохион байгуулагдлаа. 

Тус арга хэмжээнд Европын Холбооны дэмжлэгтэй хэрэгжиж буй "Бүгд залуусын төлөө, Залуус бүгдийн төлөө" төсөл, "Монгол улс дахь хуванцар хог хаягдлын дахин боловсруулалтын тогтвортой байдлыг хангах" төсөл, "Эдийн засгийн ногоон шилжилт" төслийн баг оролцож төслийн үйл ажиллагаагаа олон нийтэд хүргэсэн юм. Мөн манай байгууллагын асарт хуванцар хог хаягдлаа ангилан ялгаж авчирсан хүмүүст төслийн гарын бэлгийг тараасан юм

Энэхүү үйл ажиллагааны тухай Элчин сайд Аксель Никэйз хэлэхдээ: “Европын өдрийг Монгол Улсад тэмдэглэх үүнээс илүү сайхан боломж бий гэж үү? Европын Холбоо, гишүүн орнуудын соёл уламжлал, туршлага, бүтээгдэхүүнийг та бүхэнтэй хуваалцахдаа таатай байна. Энэ өдөрлөгөөр Европын Холбооны санхүүжилттэй Монгол Улсад хэрэгжиж буй төслүүдийн үйл ажиллагаатай танилцах боломжтой.” хэмээсэн юм.

 

Европын онцлогийг харуулсан өвөрмөц уламжлал, онцгой соёл, аялал жуулчлал, боловсролын боломжууд, бүтээгдэхүүн зэрэг хэрэгтэй мэдээллүүдийг жар гаруй асарт бүтэн өдрийн туршид толилуулан хүргэсэн юм. Урлагийн тоглолт, хөгжмийн үзүүлбэр танд Европын уламжлалт соёл урлагийн баялаг мэдрэмжийг төрүүлж, амьд хөгжмийн тоглолт, соёлын арга хэмжээг зочдод мөн хүргэсэн юм.