Иргэдийг хог хаягдлаа бууруулахад шинэ цахим хуудас тусална
4. 7 дугаар сар 2022 Хэвлэлийн мэдээ

Иргэдийг хог хаягдлаа бууруулахад шинэ цахим хуудас тусална

Улаанбаатар хот, Монгол улс. Монгол улс нь дэлхийн хамгийн их бохирдолтой улсуудын дөрөвт эрэмбэлэгддэг байна. Өвлийн улиралд гэр хороололд нүүрс түлэх явдал нь манай улсын бохирдлын гол эх үүсвэр гэж үздэг. Мөн их хэмжээний хог хаягдлыг зүй бусаар хаяж, шатаах нь бохирдлын бас нэг эх үүсвэр болдог байна. Иймд Каритас Чех Репаблик байгууллага нь хуванцар хог хаягдлын менежментийн төслийг Европын Холбооны дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж буй юм. Энэхүү “Монгол улс дахь хуванцар хог хаягдлын тогтвортой байдлыг хангах” төслийн хүрээнд хог хаягдал цуглуулах, ангилан ялгах, улмаар түүнийг дахин боловсруулах талаарх олон нийтийн ойлголт мэдлэгийг сайжруулах зорилго бүхий http://plastic-recycling.mnцахим хуудас хөгжүүлэгдэж, тус цахим хуудасны нээлтийн үйл ажиллагаа зохион байгуулагдлаа.  

2020 онд хог хаягдал тээвэрлэх тусгай зөвшөөрөл бүхий байгууллагуудын цуглуулж ачсан хатуу хог хаягдлын нийт хэмжээ 2,4 сая тонн болж, 2019 оноос хойш 13 хувиар өссөн байна. Нийт хог хаягдлын 90 гаруй хувийг дахин боловсруулах боломжтой хэдий ч бид 10 хүрэхгүй хувийг дахин боловсруулж байна. Иргэд хог хаягдлаа ангилан ялгалгүй хогийн цэгт хаяж, улмаар энэ нь шатаагддаг байна.

“Иргэд гэр гэртээ буюу эх үүсвэр дээр нь хог хаягдлаа ангилан ялгаж, зохих дахивар авах цэгт тогтмол тушааж хэвшвэл нийт хог хаягдлын хэмжээ буурах боломжтой. Тиймээс бид энэхүү цахим хуудсаар дамжуулан хүн бүрийг гэртээ хэрхэн хог хаягдлаа ангилан ялгах талаарх зөвлөгөө, мэдээллээр хангахыг зорьж байна” хэмээн Монгол улс дахь хуванцар хог хаягдлын дахин боловсруулалтын тогтвортой байдлыг хангах төслийн менежер Ч.Мижидсүрэн онцолсон юм.

Http://plastic-recycling.mn/ цахим хуудсыг төслийн хамтрагч байгууллага болох Монголын тогтвортой хөгжлийн гүүр ТББ хөгжүүлж боловсруулсан юм. Тус цахим хуудас нь хуванцар хог хаягдлын талаарх сүүлийн үеийн мэдээ мэдээлэл болоод хог хаягдлын менежментийн төрөл бүрийн сургалтын материалыг агуулсан юм. Мөн тус цахим хуудас нь иргэдийг видео хэлбэрийн сургалтын материалаас суралцаж, хог хаягдлаа багасгах амлалт өгөх шийдлүүдийг тусгасан юм. Цахим хуудсанд зочлох зорилтод бүлгээ хувь хүн, байгууллага, боловсролын байгууллага гэж ангилан зохих хэрэгцээнийх нь дагуу бүх мэдээ мэдээлэл, сургалтын материалаа бэлтгэсэн юм. Энэхүү хуудасны цаашдын тогтвортой ажиллагаа болоод мэдээллийн шинэчлэлт дээр Монголын тогтвортой хөгжлийн гүүр ТББ ажиллах юм.

A1E56EF1-B0BE-4608-9B50-1FFD1E3BC352_1_105_c

Төслийн тухай: “Монгол улс дахь хуванцар хог хаягдлын дахин боловсруулалтын тогтвортой байдлыг хангах” төслийн ерөнхий зорилго нь Монгол улсын эдийн засгийн хөгжил цэцэглэлт, ядуурлыг бууруулахад хувь нэмэр оруулах, ногоон эдийн засгийн хөгжил, нүүрстөрөгч багатай, нөөцийн хэмнэлттэй, тойрог эдийн засагт шилжихэд дэмжлэг үзүүлэх юм. Энэхүү төслийг Каритас Чех Репаблик байгууллага, Монголын Байгаль Орчны Аюулгүй Байдлын Төв, Эко Сум ТББ, Монголын Тогтвортой Хөгжлийн Гүүр, Т.Г. Масарыкын нэрэмжит Усны Судалгааны Институт гэх дөрвөн байгууллага хамтран хэрэгжүүлж байна.  Дэлгэрэнгүй мэдээллийг эндээс авна уу.