Дэлхийн байгаль орчны өдрийг Монгол Улсад тэмдэглэн өнгөрүүлж буйтай холбогдуулан “Алсын Хараа-2050” хөгжлийн бодлогын баримт бичигт тусгасан ойн бүсийг хамгаалах, нэмэгдүүлэх зорилтыг хэрэгжүүлэх Засгийн газрын үйл хэрэгт дэмжлэг үзүүлэх зорилгоор Пипл ин Нийд ОУБ, БНЧУ-ын ЭСЯ, Каритас Чех Репаблик ОУТББ-ууд хамтран Богд Хан ууланд мод тарилаа.
Пипл ин Нийд болон Каритас Чех Репаблик ОУТББ-ын хувьд Бүгд Найрамдах Чех Улс болон Европын Холбооноос санхүүжилттэй олон төсөл хэрэгжүүлж ирсний дийлэнх нь хүрээлэн буй орчныг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтийг бууруулах болон тогтвортой амьжиргааг дэмжихэд чиглэдэг.
“Монголд үйл ажиллагаа явуулдаг Чех Улсын ТББ-аас зохион байгуулж буй энэхүү арга хэмжээнд эхнэр бид хоёр оролцож байгаадаа маш их баяртай байна. Ойжуулалтын чиглэлд Чех Монгол Улстай нягт хамтран ажилласаар ирсэн. Менделийн их сургууль, Ойн менежментийн хүрээлэнгийн мэргэжилтнүүд ойн урт хугацааны менежмент, хөгжүүлэлтийн арга зүйгээр хангаж ажилласан ба онцгой генетикийн чанар бүхий модыг тодорхойлох, бүртгэх арга зүй, мод үржүүлгийн материал бий болгох үр дүнтэй аргачлалыг нэвтрүүлэн, цогц арга барилууд буюу мод үрслүүлэх, хөрс бэлтгэх, үр дүнтэй тариалалт, зулзаган мод, суулгацыг хамгаалах аргуудыг санал болгож, нэвтрүүлж ажиллажээ. Брно дахь Менделийн их сургуулийн хувьд Монголын ойн салбарын залуу мэргэжилтнүүдийг бэлтгэсээр байна. Энэ жилээс Европын Холбооны санхүүжилтээр хэрэгжүүлж буй ойн аж ахуйн томоохон төсөлд олон улсын их дээд сургуулийн консорциумыг удирдах юм” хэмээн Бүгд Найрамдах Чех Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ийржи Бродский хэллээ.
1974 оноос хойш зургаадугаар сарын 05-ны өдрийг НҮБ-ын гишүүн орнууд “Дэлхийн байгаль орчны өдөр” болгон тэмдэглэдэг. Энэ жил НҮБ-ын 2021-2030 он хүртэлх экосистемийг сэргээх арван жилийн албан ёсны нээлт “Дэлхийн байгаль орчны өдөр”-өөр тохиож байна.
“Дэлхийн байгаль орчны энэ өдөр болон бусад үед ч ПИН ОУБ уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулах чиглэлд Монгол Улсын засгийн газар, иргэдийг дэмжиж ажилладаг. Цаашид ч дэмжсээр байх болно. Бид хүүхдүүдийнхээ эдлэх ёстой хүрээлэн буй орчны эрхийг нь хамгаалах ёстой. Ингэснээр тэдний ирээдүй хойч үеийнхэн илүү эрүүл, аюулгүй орчинд амьдрах юм.” гэж Пипл ин Нийд ОУБ-ын Суурин төлөөлөгч, Тим Женкинс хэллээ.
“Монгол орны нийт газар нутгийн дөнгөж 11.8% -ийг ой эзэлдэг нь харьцангуй бага ой модтой гэсэн үг. Бид бүгдээрээ мод тариад зогсохгүй, одоо байгаа ойн сангаа хамгаалах шаардлагатай байна. Монголын биологийн олон янз байдал, экосистем баялаг байдлыг бид байгалийн үнэт эрдэнэ гэж авч үзэх хэрэгтэй. Каритас Чех Репаблик байгууллагын хувьд энэхүү санаачилгад нэгдэж байгаадаа туйлын баяртай байгаа ба Европын Холбооноос Монгол Улсад суугаа Төлөөлөгчийн газар болон Европын Холбооны Свич-Ази (Switch Asia) хөтөлбөрийн харамгүй тусламж, дэмжлэгт гүнээ талархсанаа илэрхийлье. Бид бүгд хамтдаа ногоон, тогтвортой эдийн засагт шилжиж чадна.” хэмээн Каритас Чех Репаблик ОУТББ-ын Монгол дахь Суурин төлөөлөгч Яна Жилкова хэллээ.
Монгол Улс ойн хомстол, доройтлоос улбаалсан экологийн сөрөг үр дагавартай тулгараад байна. Засгийн газраас ой хамгаалах ажилд сүүлийн жилүүдэд анхаарлаа хандуулж, амьтдыг хамгаалах, биологийн олон янз байдлыг хадгалж авч үлдэх, экологийн тэнцвэрт байдлыг хадгалах, ойн үр нөлөөг сайжруулах, цөлжилтийг багасгах, хянах зорилт тавин ажиллаж байна.