Монголын хуванцар дахин боловсруулагчид Чех улсад зочлон, туршлага судлав

Монголын хуванцар дахин боловсруулагчид Чех улсад зочлон, туршлага судлав

Монголын хуванцар дахин боловсруулах салбарын инженер техникийн ажилтнууд Европт туршлага судаллаа!

Монгол Улсын дахин боловсруулсан хуванцар бүтээгдэхүүн үйлдвэрлэгч БЖДҮ-үүдийн төлөөллийг Европын дэвшилтэт технологийн үйлдвэрүүдтэй танилцуулан, ажлын байран дээрх сургалтад хамруулах болон хуванцар хог хаягдлын менежментийн гол оролцогч талуудад Европын хуванцар хог хаягдлын менежментийн сайн туршлагыг танилцуулах туршлага судлах хөтөлбөр 2023 оны хоёрдугаар сарын 04-25-ны хооронд Бүгд Найрамдах Чех улсад амжилттай зохион байгуулагдлаа. Уг туршлага судлах хөтөлбөрт Улаанбаатар хот болон Булган аймгаас 11 үйлдвэрийн инженер техникийн гол ажилчид болон 3 төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл болсон нийт 15 хүн хамрагдаж, БНЧУ-ын хог хаягдлын менежмент, хуванцар дахин боловсруулах технологитой танилцан, туршлага судаллаа.

Хөтөлбөрийн оролцогчид маань БНЧУ-ын Байгаль орчны яам, Прага хотын захиргаа, хотын захиргаатай гэрээтэй хог хаягдлыг тээвэрлэж ангилах цех, Томаш Батагийн их сургуулийн дэргэдэх хуванцар материал судлалын хүрээлэн, Чех улсын хуванцрын холбоо болон бүх төрлийн хуванцар хог хаягдлыг ангилах, дахин боловсруулсан бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг дэвшилтэт технологи бүхий 13 үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцаж туршлага судалсан, юм . Монголын хог хаягдлыг дахин боловсруулах салбарын инженер техникийн мэргэжилтнүүдээс голдуу бүрдсэн хөтөлбөрт оролцогчид хоёр орны хог хаягдлын менежмент болон үйлдвэрлэлийн ялгаа болон ижил төстэй байдлыг анзаарсан талаараа сэтгэгдлээ хуваалцсан юм.

“Энэ үйлдвэр түүхий эдийг ууталж, угааж, боловсруулахад хүний гарын оролцоо маш бага гэдгийг харлаа. Ийм технологи нь хүний хөдөлмөрийг хэмнэсэн бөгөөд үр бүтээмж өндөр байдаг юм байна” хэмээн оролцогч, “OB Plastic” үйлдвэрийн төлөөлөгч Т.Эрдэнэбат “Mateopacking” гялгар уут дахин боловсруулах үйлдвэртэй танилцах үедээ дурдаж байв.

Чехийн хог хаягдал дахин боловсруулагчдын инновацлаг шийдэл, төрийн оновчтой бодлого, ард иргэдийн оролцоог мэдэрсэн оролцогчдоос эх орондоо эргэж ирээд хэрэгжүүлэх олон шинэ санаа олсон хүн ч цөөнгүй байв. Монголын хог хаягдлыг дахин боловсруулах үндэсний холбооны дэд тэргүүн Г.Чинзориг хэлэхдээ: “Чех улсад туршлага судлах хөтөлбөрт оролцсоноор эх орондоо хэрэгжүүлж болохуйц олон сайхан шинэ санаа оллоо. Даавуун хаягдлыг ангилж ялгасны дараа үлдсэн өөдсүүдийг бутлан жижиглэж, хуванцартай холин боловсруулж бүтээгдэхүүн хийдэг туршлагыг Монголд нэвтрүүлье гэж бодсон. Бидэнд үүнийг хэрэгжүүлэхэд шаардлагатай бүх л тоног төхөөрөмж бий. Мөн хамгийн дэвшилтэт технологийн 5000-6000 цельсийн хэм хүрч халдаг плазмын зуухыг байгуулах талаар хэлэлцээр хийж эхэлсэн” гэсэн юм.

Уг туршлага судлах аяллыг Европын Холбоо, Европын Холбооны SWITCH-Asia хөтөлбөр болон Австралийн сайн дурынхан хөтөлбөрийн санхүүжилтээр Каритас Чех Репаблик байгууллага зохион байгуулав.