Нийгмийн сайн сайхан үйлд виртуал технологийг ашиглах нь

Нийгмийн сайн сайхан үйлд виртуал технологийг ашиглах нь

Хүчирхэг иргэний нийгэм нь илүү тогтвортой дэлхийг бүтээх гол түлхүүр юм. Манай улсад улс орны хөгжлийн хурдасгуур болсон иргэний нийгмийн төрөл бүрийн байгууллагууд үйл ажиллагаагаа явуулдаг. Харамсалтай нь эдгээр байгууллагуудын үйл ажиллагаа үр ашигтай байхад нөлөөлөх техник технологийн хүчин чадал, мэдлэг ур чадвар болон туршлага дутмаг байдаг байна. Ялангуяа хөдөө орон нутагт үйл ажиллагаа явуулж буй иргэний нийгмийн байгууллага (ИНБ)-дад энэ асуудал их байдаг байна. Энэ дутагдаж буй хүчин зүйлсийн үр дүнд ИНБ-ын нөлөөллийн ажил үр дүн багатай мөн тэдний нийгэмд оруулж буй хувь нэмэр бага байх магадлалтай юм. Энэхүү асуудлыг шийдэхэд туслах зорилгоор бид хөдөө орон нутаг болон хотод үйл ажиллагаа явуулж буй залуучуудын ИНБ-дад виртуал төхөөрөмжийг гардуулан өглөө.

ТББ-уудыг өсөн хөгжихөд виртуал технологи нь хэрхэн туслах вэ

“Орон нутгийн залуус технологийн нэн ялангуяа виртуал технологийн талаарх ойлголт, мэдлэг муутай байдаг. Бид энэхүү төхөөрөмжөө ашиглан орон нутгийн зорилтот бүлгийн залууст зориулан виртуал технологи ашиглан бодлогын нөлөөллийн ажил, сургалт, үйл ажиллагааг идэвхтэй зохион байгуулах болно. Бидэнд энэхүү боломжийг олгож буй та бүхэнд баярлалаа” хэмээн VR төхөөрөмжийн уралдааны оролцогч, Дорноговь аймгийн “Хүчтэй залуусын давлагаа” ТББ-ын зохицуулагч С.Бэрцэцэг хэлсэн юм.

Каритас Чех Репаблик байгууллага, Иргэний Боловсролын Төв болон Монголын Залуучуудын Эвсэл байгууллага нарын хамтран хэрэгжүүлж буй “Бүгд залуусын төлөө, Залуус бүгдийн төлөө” төслийн хүрээнд Европын Холбоо болон БНЧУ-ын Гадаад Хэргийн Яамны дэмжлэгтэйгээр залуучуудын ИНБ-уудын дунд “Виртуал технологийг ашиглах нь” төслийн уралдаан зарлаж, тэдний чадавхи чадамж болон суралцах боломжийг нь нэмэгдүүлэх үүднээс виртуал төхөөрөмжийг гардуулсан өгсөн юм.

k3yf9n_5_16__x974

Энэхүү үйл ажиллагаагаар дамжуулан бид алслагдмал орон нутаг дахь залуучуудад технологийн тусламжтайгаар хил хязгаар, соёлын хязгаараас давж сэтгэх боломжийг бүрдүүлэхийг зорьсон юм. Түүнчлэн технологийн энэхүү дэвшил нь залуучуудын ТББ-уудын эв нэгдэл, түншлэлийг бий болгон батжуулах юм. Виртуал технологийн энэхүү шинэ боломж нь мөн тэдэнд цаг хугацаа, зайнаас үл хамааран суралцах, өсөн дэвжих, шинэ шинэлэг арга барил эзэмших боломжийг олгож буй юм.

Уралдаанд “Хөөрхөн зүрх ТББ” нь бэлгийн хүчирхийлэл болон бусад төрлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх алхмуудын талаарх олон нийтийн ойлголтыг нэмэгдүүлэх зорилгоор эцэг эх, асран хамгаалагч болон хүүхэд залуучуудад зориулсан аюултай болон аюулгүй хүрэлтийн талаарх сургалтыг виртуал технологи ашиглах нөлөөллийн ажлын саналаараа тэргүүн байр эзэлсэн юм. 

Виртуал технологи нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн амьдралыг өөрчлөхөд нөлөөлнө 

Сонсголын бэрхшээлтэй иргэдэд зориулсан хүртээмжтэй орчинг виртуал орчинд бий болгох ажлыг санаачилж буй “Бүтээмж төв” ТББ нь уралдааны хоёрдугаар байранд шалгарсан юм. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан хүртээмжтэй орчин гэж ямар орчин бэ гэдгийг виртуал технологийн тусламжтайгаар жишээ болгон харуулж, шийдвэр гаргагчид болон олон нийтэд таниулах ажлыг хийх юм. Харин уралдааны гуравдугаар байранд хөгжлийн бэрхшээлтэй залуучуудын хөгжлийн төлөө ажилладаг “Түгээмэл хөгжил” ТББ орсон юм.

Энэхүү тэмцээнд оролцож, виртуал төхөөрөмжөөр шагнуулсандаа бид их баяртай байна. Түгээмэл хөгжил бие даан амьдрах төв нь хөгжлийн бэрхшээлтэй 160 гишүүнтэй. Төрөлхийн хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн хувьд хөл дээрээ алхах, морь унах, ууланд авирах, галзуу хулгана дээр суух зэрэг зүйлсийг хийх боломжгүй байдаг. Харин бид виртуал төхөөрөмж ашиглан хиймэл орчин үүсгэн эдгээр зүйлсийг хийж боломжтой болсондоо баяртай байна. Ингэснээр хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн стресс буурах, амьдралд илүү идэвхитэй байж, урам зоригоор тэтгэгдэх болно. Бид цаашдаа хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн хүсэл мөрөөдлийг виртуал төхөөрөмжөөр багахан ч болтугай биелүүлэх болно. Мөн виртуал төхөөрөмж ашиглан бодлого тодорхойлогчдод зориулан нөлөөллийн ажлаа идэвхитэй өрнүүлэх болно” хэмээн Түгээмэл хөгжил ТББ-ын Гүйцэтгэх захирал Н.Мөнхжаргал хуваалцсан юм.

264983883_2994374467478145_3931886191695517092_n

Мөн эхний шатанд шалгарсан нийт 10 байгууллагад виртуал технологи ашиглах платформын нэг жилийн эрхийг олгосон бөгөөд үүнийг ашиглан олон нийтэд зориулсан нөлөөллөө ажлаа үр бүтээлтэй хэрэгжүүлэх боломжийг нээж өгч байна.

-----------------------------

Товч мэдээлэл: Каритас Чех Репаблик олон улсын байгууллага, Иргэний Боловсролын Төв, Монголын Залуучуудын Эвсэл хамтран Европын Холбооны дэмжлэгээр 2020-2023 онд “Бүгд ЗАЛУУСЫН төлөө, ЗАЛУУС Бүгдийн төлөө” төслийг хамтран хэрэгжүүлж байна.

Төслийн зорилго нь залуучуудын ТББ-ын чадавхыг бэхжүүлэх, залуучуудын хамтын ажиллагааны сүлжээ үүсгэх, залуучуудын асуудлаар нөлөөлөл, судалгаа хийх замаар засаглал, шийдвэр гаргалт, төрийн бодлогын хэрэгжилтэд залуучуудын оролцоог нэмэгдүүлэх, иргэний нийгмийг бэхжүүлэх болно. Төсөл Улаанбаатар хот, Хэнтий, Сэлэнгэ, Дорноговь, Баянхонгор аймагт хэрэгжиж байна.