ТББ-ууд хамтран хүнс, хөдөө аж ахуйн салбарт тогтвортой үйлдвэрлэл хэрэглээг нэвтрүүлэх төслийн нээл
31. 5 дугаар сар 2022 Хэвлэлийн мэдээ

ТББ-ууд хамтран хүнс, хөдөө аж ахуйн салбарт тогтвортой үйлдвэрлэл хэрэглээг нэвтрүүлэх төслийн нээл

Улаанбаатар – “Эдийн засгийн ногоон шилжилт“ төслийн нээлтийн арга хэмжээний үеэр Европын Холбооны Төлөөлөгчийн газар, холбогдох яамд, БЖДҮ, ТББ-ууд, хэрэглэгчдийн төлөөлөл, идэвхтэн иргэд цуглаж хөдөө аж ахуй, хүнсний тогтвортой хэрэглээ ба үйлдвэрлэлийн байгаль орчинд үзүүлж буй нөлөөлөллийн талаар ярилцлаа. 

Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх засгийн газар хоорондын комисс (IPCC)-ын тайланд эдийн засгийн бараг бүх салбараас ялгарч буй хүлэмжийн хий түүхэнд байгаагүй их хэмжээнд хүрч байгаа нь дэлхийн нийт эрдэмтэн, байгальд ээлтэй иргэдийн санааг зовоосон асуудал болжээ. НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага (UN’s FAO)-ын 2019 оны тайланд дурдсанаар хөдөө аж ахуй, хүнсний салбар нийт нүүрсхүчлийн хийн ялгарлын 21%, метаны 53%, азотлаг ислийн хийн 78%-г гаргадаг байна.

Европын Холбооноос Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин Сайд, Эрхэмсэг Хатагтай Аксель Никэйз хэлэхдээ “Хүлэмжийн хийн ялгарал, байгалийн нөөц ашиглалтаараа жин дарж, биологийн төрөл зүйлийн алдагдалд хүргэн эрүүл мэндэд сөрөг нөлөөлж буй (шим тэжээлийн дутагдал болон илүүдэл) хүнс үйлдвэрлэлийн системээ дахин загварчлахад бид хамтран ажиллаж, оролцогч талууд, ялангуяа өртгийн сүлжээний эхэнд ажиллагсад эдийн засгийн үр шимээ шударгаар хүртэх нь нь нэн чухал юм” гэв.

www_media_web-images_9064_image_dsc00277.jpg_2000x1333

Европын холбооны Свич Эйшиа хөтөлбөрийн хүрээнд хэрэгжиж байгаа 1,76 сая еврогийн санхүүжилттэй Эдийн Засгийн Ногоон Шилжилт төсөл нь ХАА, хүнс, ундааны үйлдвэрлэл эрхэлдэг 1500 БЖДҮ, 30 бизнесийн холбоод, 750 борлуулагчид тогтсон хэв маягаа өөрчлөн чадавхжих, зах зээлийн зарчимд суурилж, баталгаажсан эко тэмдгийн нэвтрүүлж, ногоон санхүүжилтийн эх үүсвэртэй болж тойрог эдийн засагт шилжихэд дэмжлэг үзүүлнэ.

“Монголын жижиг дунд бизнесийнхэн өдөр тутмын үйл ажиллагаандаа зөв дадал хэвшүүлснээр хүлэмжийн хийг бууруулахад чухал үүрэг гүйцэтгэх боломжтой. Хамтаараа ногоон хэрэглээ, ногоон эдийн засагт маш их нөлөөтэй. Иймд “Эдийн засгийн ногоон шилжилт” төсөл маань одоо хэрхэн яаж сайн, тогтвортой ногоон бизнес хийх вэ гэдэг рүү чиглүүлнэ” гэж Хөгжлийн шийдэл байгууллагын төслийн менежер Б. Хишигсүрэн ярилаа.

Монголд илүү ногоон, дахин ашиглах үйл ажиллагааг нутагшуулснаар орон нутагтаа тарьж үйлдвэрлэсэн хүнсний бүтээгдэхүүн худалдах, худалдан авах, үр дүнд нь байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл буурна гэж үзэж байна.

“Эдийн засгийн ногоон шилжилт” төсөл хэрэгжсэнээр түүхий эд бэлтгэгчээс эцсийн хэрэглэгчид хүртэл бүгдээрээ байгаль орчинд ээлтэй сонголт хийдэг болж өөрчлөгдөн эх орон маань илүү ногоон ирээдүй рүү чиглэн хөгжинө” гэж найдаж буйгаа Каритас Чех байгууллагын төслийн зохицуулагч Г. Буян-Өлзий илэрхийлж байна.

IMG_3684

Мөн төслийн хүрээнд банк, банк бус санхүүгийн байгууллагуудтай хамтран БЖДҮ, борлуулагчид илүү ногоон, тогтвортой бизнес загварт шилжихэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх шийдэл олох юм.

Энэ чиглэлд Монголын тогтвортой санхүүгийн холбооны бизнес хөгжил, түншлэл хариуцсан менежер Б. Билэгсайхан “Эдийн засгийн ногоон шилжилт” төслийн чухал үзүүлэлт болох санхүүгийн үр шимийг бидний өмнө яваа улс орнууд хэрхэн хүртсэн жишээг би энд дурдъя. Манай төслийн нэг чухал үйл ажиллагаа нь цахим платформ ашиглан хэрэглэгч болон ногоон үйлдвэрлэгчийн хооронд гүүр болж ажиллах юм. Үүнээс гадна, уг төслөөр тогтвортой хэрэглээг дэмжин хэрэглэгчдийг урамшуулах, БЖДҮ эрхлэгч, борлуулагчдын чадавхийг бэхжүүлнэ” хэмээн дэлгэрүүлэн тайлбарлав.

2030 он гэхэд хүлэмжийн хий ялгарлыг 22.7%-р бууруулах Монгол улсын үндэсний хөгжлийн зорилтыг биелүүлэхэд дэмжлэг үзүүлэх хүрээнд Свич Эйшиа хөтөлбөрөөс хүнс, хөдөө аж ахуйн салбарт анх байгаа энэхүү төслийг Пипл Ин Нийд, Монголын тогтвортой санхүүгийн холбоо, Хөгжлийн шийдэл ТББ, Каритас Чех Репаблик ОУТББ-ууд хамтран боловсруулж, хэрэгжүүлж байна.

 * * * 

 “Эдийн засгийн ногоон шилжилт” төсөл нь Европын Холбооны санхүүжилтээр хүнс хөдөө аж ахуй салбарын үйлдвэрлэгч, борлуулагчид эко тэмдэг нэвтрүүлэх, чадавх бэхжүүлэх, хандлага өөрчлөх, ногоон зээл авах боломжийг өргөжүүлэх замаар тойрог эдийн засаг нутагшуулах зорилготой.

Свич Эйшиа:  Азийн орнууд хүлэмжийн хийн ялгарал багатай, нөөцийн үр ашигтай зарцуулалттай, тойрог эдийн засагтай болох, тогтвортой үйлдвэрлэл, хэрэглээний соёлыг нэвтрүүлэх, Ази-Европын хооронд ногоон өртгийн сүлжээ үүсгэхэд дэмжлэг үзүүлнэ. 

Төслийн талаар мэдээлэл авах бол төслийн менежер Г. Лхагвасүрэнтэй холбогдоно уу. lkhagvasuren.galbadrakh@peopleinneed.net Утас: 70111501 

Autor: PIN