Каритас Чех Репаблик Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын 2021 оны онцлох үйл явдлууд
11. 1 дүгээр сар 2022 Мэдээ

Каритас Чех Репаблик Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын 2021 оны онцлох үйл явдлууд

Цар тахалтай өнгөрсөн хоёр жилийг эргэн харахад эдгээр он жилүүд нь бидэнд зөвхөн сөрөг үр нөлөө үзүүлээд зогсохгүй, биднийг илүү тэсвэр тэвчээртэй, аливаад дасан зохицох чадвартай болгосон эерэг үр дагаврыг ч мөн авчиржээ. Каритас Чех Репаблик Монгол дахь суурин төлөөлөгчийн газар болон түүний хамтрагч байгууллагууд нь нийгмийн сайн сайхан байдлын төлөө тусламж дэмжлэг шаардлагатай байгаа хүмүүст буюу ялангуяа залуучуудыг дэмжин ажиллаж, мөн байгаль орчин дахь сөрөг нөлөөллийг бууруулахад төвлөрөн ажилласан байна.   2021 оныг эргэн дурсах онцлох мөчүүдийг та бүхэнтэйгээ ийнхүү хуваалцаж байна:

1. Бид хөдөө орон нутаг дахь хог хаягдал зохицуулах анхны төвийг барьж эхэлсэн бөгөөд хог хаягдалтай зохистой харьцах, түүнийг хэрхэн ангилан ялгах талаар орон нутгийн иргэдийн ойлголт мэдлэгийг сайжрууллаа

Манай улс хуванцар хог хаягдлаас үүдэлтэй бохирдол, хор хөнөөлд өртөж, тэрхүү их хэмжээний хог хаягдлыг зохицуулах үйлдвэрүүдийн тоо хэмжээ хангалтгүй байдаг. Иймд бид хуванцар хог хаягдлын үр ашигтай менежментийн тогтолцоог бий болгох, хуванцар дахин боловсруулах үйлдвэрлэлийн хөгжлийг дэмжих зорилго тавин сүүлийн жилүүдэд ажиллаж байна.

Монгол улс дахь хуванцар хог хаягдлын дахин боловсруулалтын тогтвортой байдлыг хангах төслийн хүрээнд Экосум ТББ нь хуванцар хог хаягдал зохицуулах анхны төвийг барьж байгуулж буй юм. Энэхүү барилгын ажлыг дууссаны дараа орон нутгийн иргэд буюу Булган аймгийн Хишиг-Өндөр сумын иргэд хог хаягдлаа шууд хогийн цэгт хаяалгүйгээр түүнийг ангилан ялгаж, дахин боловсруулж эхлэх юм. Энэхүү байгууламж нь 2022 онд буюу энэ жил ашиглалтанд орох бөгөөд үүний дараа хог хаягдал дахин боловсруулах шинэ тоног төхөөрөмж, машинуудыг ажиллуулж, туршилтын бүтээгдэхүүн гарган авах ажлууд эхлэх юм.

Хишиг-Өндөр сум нь хог хаягдлын менежментийн нэгдсэн системгүй, хог хаягдал дахин боловсруулдаггүй, аймгийн төвдөө том хогийн цэгтэй хэдий ч тус сумыг Монгол улсын анхны хог хаягдалгүй сум болгохын төлөө ажиллаж байна.

Хуванцар хог хаягдлын менежментийн энэхүү төсөл нь Европын Холбооны SWITCH-Asia хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр болон Экосум ТББ, Монголын байгаль орчны аюулгүй байдлын төв, Монголын тогтвортой хөгжлийн гүүр, Т.Г. Масарыкын нэрэмжит Усны судалгааны институт зэрэг дөрвөн байгууллага хамтран хэрэгжүүлж байна.

253575728_6732985006713414_313599031417298655_n

2. Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх зорилгоор бодлогын зөвлөмж боловсруулан Хөдөлмөр, Нийгэм Хамгааллын Яаманд гардуулан өглөө

Манай улс бол залуучуудын өлгий нутаг юм. 15-34 насны залуучууд нийт хүн амын 34,6 хувийг эзэлж байна. Хэдий тийм ч эдгээр насны залуучууд ажилгүй иргэдийн 57,7 хувийг бүрдүүлж байгаа нь залуучуудын ажилгүйдэл манай улсад тулгамдсан асуудал болоод буйг харуулж байна. Иймд бид залуучуудын хөдөлмөр эрхлэх нөхцөлийг сайжруулах, залуучуудын ТББ-уудын чадавхийг нэмэгдүүлэх, залуучуудын хөдөлмөр эрхлэлтэнд хөшүүрэг болох сайн дурын ажил хийхэд нь тэднийг хөхүүлэн дэмжих зэрэг ажилд төвлөрөн ажиллаж байна.

Бид бүхэн иргэний нийгэм, хувийн хэвшил, төрийн байгууллага болон боловсролын салбарын мэргэжилтэн, албан тушаалтнуудаас бүрдсэн ажлын хэсэг байгуулан залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг сайжруулах зорилго тавин ажилласан юм. Ажлын хэсгийнхний хэд хэдэн удаагийн уулзалт хэлэлцүүлэг, судалгаа шинжилгээ, мөн бусад олон нийтийг хамарсан хэлэлцүүлгүүдийн үр дүнд залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, мөн хувиараа хөдөлмөр эрхлэлтийг тогтвортойгоор үргэлжлүүлэх явдлыг дэмжих бодлогын зөвлөмжийг боловсруулсан юм.

Энэхүү бодлогын зөвлөмжөөр дамжуулан ажил олгогчид болон ажилтан нарын аль алиных нь асуудлыг буюу хөдөлмөрийн зах зээл дахь эрэлт нийлүүлэлтийн асуудлыг шийдэхийг зорьсон юм. Ажлын хэсгийн гишүүд нь тус зөвлөмжөө залуучууд болон холбогдох албаныхан танилцуулж, 2021 оны 11 дүгээр сарын 25-нд Хөдөлмөр, Нийгэм Хамгааллын Яамны дэд сайд С.Зулпхарт хүлээлгэн өглөө. Зөвлөмжийн талаарх мэдээллийг эндээс авна уу.

Энэхүү үйл ажиллагаа нь Европын Холбоо болон БНЧУ-ын Гадаад Хэргийн Яамны дэмжлэгтэй хэрэгжиж буй “Бүгд залуусын төлөө, Залуус бүгдийн төлөө” төслийн хүрээнд Монголын Залуучуудын Эвсэл болон Иргэний Боловсролын Төвтэй хамтран хэрэгжсэн юм.

thumb_IMG_5376_1024

3. КОВИД-19 цар тахалд өртсөн эмзэг бүлгийнхэнд дэмжлэг үзүүллээ

КОВИД-19 цар тахлаас үүдэн Манай улс нь бусад улс орны адил хатуу хөл хорио тогтоосон нь эмзэг бүлгийн хүмүүст хүндээр туссан юм. Хөл хорионы үеэр гэр хороололд амьдардаг маш олон өрх хүнсээ залгуулж чадахгүй нөхцөл байдалтай болсон. Европын Холбооны санхүүгийн дэмжлэгтэйгээр Каритас Чех Репаблик Монгол дахь суурин төлөөлөгчийн газар нь 64 сая төгрөгийн хүмүүнлэгийн тусламжийн багцыг Монголын Улаан Загалмай нийгэмлэгт хүлээлгэн өгсөн юм. Цар тахлын нөлөөнд өртсөн 520 айл өрхөд энэхүү тусламжийг үзүүлсэн байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг эндээс уншина уу.

133321429_3384374388352625_6542243290679123869_n

4. Хуванцар хог хаягдлын бохирдлыг бууруулж, байгаль орчноо хамгаалах талаарх сургалтуудыг орон нутгийн иргэдэд зохион байгууллаа

Хог хаягдлын менежментийн асуудлын талаарх боловсрол нь хүмүүсийн зан хандлагыг өөрчлөхөд маш чухал үүрэгтэй юм. Иймд бид бүхэн хог хаягдлын менежмент болон байгаль орчноо хамгаалахад тэдний оролцооны талаарх ойлголт мэдлэгийг нэмэгдүүлэх хэд хэдэн сургалтыг зохион байгуулсан юм.

Түүнчлэн хуванцар хог хаягдлын менежментийн төслийн хүрээнд бид Өнгө Нэм ТББ, Пластик сентер болон Лантуун дохио ТББ-аас хэрэгжүүлсэн “Зүгээр битгий хая” зан хандлагыг өөрчлөх медиа кампанит ажлыг дэмжин ажиллалаа.

Энэхүү кампанит ажил нь хог хаягдлын асуудал болон хүүхдийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх хоёр сэдвийг хөндөн, эдгээр асуудлыг шийдхээр зорьсон юм. Хог хаягдлын менежментийн асуудлын хүрээнд Пластик Сентер хуванцар дахин боловсруулах үйлдвэрт түүхий эд цуглуулж өгөх зорилгоор томоохон супермаркет, олон нийтийн газарт хогийн сав байршуулж улмаар хог хаягдлаа ангилах талаарх олон нийтийн ойлголт мэдлэгийг нэмэгдүүлэн ажилласан юм. Кампанит ажил нь олон эерэг үр нөлөөллийг авчирсан бөгөөд олон нийтийн ойлголт мэдлэгийг сайжруулсны дараа тус кампанит ажлыг зохион байгуулагчид нь кампанит ажлын хүрээнд цугларсан хуванцар хог хаягдал материалаар хүүхдийн тоглоомын газрыг барьж байгуулсан юм.

Дээр дурдсанчлан хуванцар хог хаягдлын бохирдол нь манай улсад ноцтой асуудал юм. Хэдий тийм ч хуванцар хог хаягдалтай тэмцэх олон аргын нэг бол түүнийг дахин боловсруулж, дахин ашиглах явдал юм.

Түүнчлэн бид 3R зарчим буюу хог хаягдлыг бууруулах, дахин ашиглах, дахин боловсруулах сэдвээр сургууль, цэцэрлэг, төрийн болон иргэний нийгмийн байгууллагуудад хэд хэдэн сургалтыг зохион байгуулсан. Мөн бид олон нийтийг хог хаягдлаа зөв зохистой ангилахад уриалсан төрөл бүрийн брошур, мэдээллийн хуудас, видео, хог хаягдал ангилах гарын авлага зэргийг боловсруулж олон нийтэд хүргэсэн юм. Дэлгэрэнгүйг эндээс уншина уу.

248788032_6328314243907147_2916313932580552533_n

5. Нийгмийн эрхэм зорилготой бизнес эрхлэгчид болон залуучуудын иргэний нийгмийн байгууллагуудыг дэмжин ажиллалаа

2020 оны сүүл, 2021 оны эхэнд дэгдсэн КОВИД – 19 цар тахал болон түүнээс үүдэлтэй хөл хорио нь бизнес эрхлэгчдэд болон залуу энтерпрейнерүүдэд маш олон асуудлыг дагуулсан юм. Хатуу хөл хорио нь тэднийг үйлчлүүлэгчидтэйгээ холбогдох харилцаанд саад үүсгэж, улмаар тэдний орлого буурч, зарим байгууллагууд үүдээ барихад хүргэсэн юм. Иймд жижиг, дунд бизнесүүд нь өөрчлөгдөж буй энэ нөхцөл байдалд зохицон бизнесийн модел, загвараа өөрчлөх хэрэгцээ шаардлага үүссэн юм.

Тиймээс “Бүгд залуусын төлөө, Залуус бүгдийн төлөө” төслийн хүрээнд “Бизнесээ хэрхэн онлайн болгох вэ?”цахим сургалтыг ЖДҮ эрхлэгчдэд зориулан зохион байгууллаа. Энэхүү цахим сургалтаар дамжуулан бид залуучуудын хөдөлмөр эрхлэлт, старт ап болон энтерпрейнершипыг дэмжин, улмаар тааварлашгүй энэхүү цаг хугацаанд залуучуудыг чадавхижуулахаар зорьсон юм. Төрөл бүрийн салбарын мэргэжилтнүүд онлайн платформ, мэдээллийн технологид суурилсан шийдлүүдийг ашиглан бизнесээ хөгжүүлэх шинэлэг арга замууд, ашиг орлогоо нэмэгдүүлэх боломжуудын талаар өөрсдийн ноу-хау, зөвлөгөөг хуваалцсан юм.  

Түүнчлэн орон нутгийн нийгмийн эрхэм зорилготой энтрепренеруудыг дэмжин, орон нутгийн залуучуудад ажлын байр бий болгох, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилгоор залуу бизнес эрхлэгчид болон залуучуудын ИНБ-уудын дунд Бизнесийн уралдааныг зохион байгууллаа. Энэхүү уралдаанд гурван бизнесийн санал шалгарч, тухайн бизнесийг цаашид хэрэгжүүлэх зохих санхүүжүүлэлтийг олгосон юм.

20211007 Bussiness uraldaan Shuugchid

Хамгийн хүнд хэцүү цаг хугацаанд ч бид үргэлжлүүлэн нийгмийн сайн сайхан байдлын төлөө ажиллаж, нийгмийн эмзэг бүлгийнхнийг дэмжинэ

Каритас Чех Репаблик Монгол дахь суурин төлөөлөгчийн газар нь цар тахлын энэ цаг хугацаанд төслийн үйл ажиллагаагаа тогтвортой хэрэгжүүлж, цахим платформын давуу талыг ашиглан цаашид ч мөн зогсолтгүй урагшилна.

Дэлхий даяар хүмүүнлэгийн тусламжийн хэрэгцээ шаардлага их байгаа сая сая хүмүүст туслах, тэдний асуудлыг үүсгэж буй шалтгаан дээр тулгуурлан ажиллах хэрэгтэйг бид ухамсарлан, ялангуяа цар тахлын үед бид хэзээ хэзээнийхээс илүү шаргуу ажиллах хэрэгтэй болж буй юм.

Каритас Чех Репаблик Монгол дахь суурин төлөөлөгчийн газар нь хэрэгцээ шаардлагатай хүмүүст хүч ажиллан, цаашид ч тасралтгүй хүмүүнлэгийн үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх болно.