“Бүгд залуусын төлөө, Залуус бүгдийн төлөө” төслийг хамтран хэрэгжүүлэгч Иргэний боловсролын төв нь залуучуудын санаачилгыг дэмжих, орон нутагт залуучуудын утга учиртай оролцоог нэмэгдүүлэх, залуучуудын ТББ-ыг чадавхжуулах, залуучуудын сүлжээг бэхжүүлэх зорилгын хүрээнд залуучуудын байгууллагын дэмжин “Төрийн бодлого, хөтөлбөрт мониторинг хийх” жижиг төслийн уралдааныг зарлаж, 6 жижиг төсөл шалгарууллаа.
Энэ удаагийн жижиг төслийн уралдаанд төслийн зорилтот аймгууд болох Дорноговь, Сэлэнгэ, Хэнтий, Баянхонгор аймгийн залуучуудын байгууллага болон Улаанбаатар хотоос нийтдээ 11 төсөл ирснээс 6 төсөл нь шалгарсан. Энэхүү жижиг санаачилгууд нь орон нутагт залуучуудын чиглэлээр хийж буй төрийн бодлого, хөтөлбөрт дүн шинжилгээ хийж, үйл ажиллагааг нь сайжруулах, өөрчлөлт гаргах эхний алхамууд болох юм.
"Говийн хөх салхи ТББ-ын санаачлагаар “Жендэрийн эрх тэгш байдлыг хангах аймгийн дэд хөтөлбөр”-т мониторинг хийх төслийг хэрэгжүүлснээр орон нутгийн хэмжээнд хэрэгжүүлэх бүхий л бодлого, арга хэмжээнд жендэрийн тэгш байдлыг эрхэмлэж, эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн ялгаатай хэрэгцээг харгалзаж, бодлогод тусгах, хэрэгжүүлэхэд эерэг нөлөө үзүүлэх юм. Мөн жендэрийн тухай мэдлэг, ойлголт олгох сургалт зохион байгуулснаар жендэрийн эрх тэгш байдалд сөрөг нөлөө үзүүлдэг хэвшмэл ойлголтын талаарх орон нутгийн олон нийтийн мэдлэг, ойлголтыг өөрчлөгдөж, жендэрийн мэдрэмжтэй хандлагыг түгээн дэлгэрүүлэх юм" хэмээн жижиг төслийг хэрэгжүүлэгч Говийн хөх салхи ТББ-ын ажилтан Б.Батцэцэг хуваалцсан юм.
"Жижиг төслийн уралдаанд шалгарсан төслөө хэрэгжүүлснээр залуучууд руу чиглэсэн төрийн бодлого хөтөлбөрийн хэрэгжилтийн явцыг олж харсан бөгөөд үүнээс залуучууд өөрт хамааралтай асуудал болоод хэрэгжиж буй, цааш төлөвлөгдөж байгаа хөтөлбөр, бодлого, аяны талаар ойлголт мэдээлэл дутмаг, ихэнх тохиодолд мэдээлэлгүй байдгийг мэдсэн. Энэ нь төрийн байгууллагууд мэдээллээ хүртээмжтэй, ил тод, нээлтэй шинэлэг аргаар мэдээллэхгүй байгаатай холбоотой юм. Илүү өргөн хүрээнд төслийг хэрэгжүүлэх залуучуудад шинэлэг аргаар мэдээллийг түгээх, нөлөөллийн аян өрнүүлэх, хэлэлцүүлэг сургалт явуулах, залуучуудын чиглэлээр ажилладаг төрийн байгууллагууд болон залуучуудын хооронд хэлэлцүүлэг өрнүүлэх шийдлийг хамтдаа гарган ирж, түншлэлийн хэмжээнд ажиллах тал дээр ойлголтоо нэгтгэх шаардлагатай гэж үзэж байна" хэмээн Каспек төгсөгчдийн холбооний гишүүн Г.Чинзориг хуваалцсан юм.
Жижиг төслийн уралдаанд Баянхонгор аймгийн “Шизүмон” тогтвортой хөгжлийн нийгэмлэг ТББ-ын “Засгийн амлалт ба залуучуудын ажлын байр” төсөл, Дорноговь аймгийн Говийн хөх салхи ТББ-ын “Жендерийн эрх тэгш байдлыг хангах орон нутгийн дэд хөтөлбөрийн хэрэгжилтэд мониторинг хийж нөлөөллийн ажил зохиох” төсөл, Сэлэнгэ аймгийн Энэрэлт Бэрцэцэг ТББ болон Хөгжлийн хүч залуучуудын нэгдсэн холбоо ТББ-ын хамтарсан “Хүүхдийн тоглоомын талбайн төсөв, гүйцэтгэлд хяналт, мониторинг хийх” төсөл, Бодлогод залуусын хяналт ТББ-ын дэргэдэх” Залуусын давлагаа клуб”-ын “Залуучуудын оролцоогоор дамжуулж, гэр хороололд амьдарч буй иргэдийн усны хүртээмжийг нэмэгдүүлэх нь” төсөл, Дорноговь аймгийн Эргийн волейболын холбооны “Дорноговь аймгийн Сайншанд сумын Хог хаягдлын менежментийн хөтөлбөрт мониторинг хийж, хэрэгжилтийг сайжруулах нөлөөллийн ажилд залуусын оролцоог нэмэгдүүлэх” төсөл, КАСПЕК 2022 оны төгсөгчдийн холбооны “Нийслэлийн дүүргийн Засаг дарга нараас баталсан 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, төлөвлөгөөний хүрээнд залуучуудад чиглэсэн арга хэмжээг хэрэгжүүлэхээр тусгагдсан заалтын хэрэгжилтэд мониторинг хийх” төсөл шалгарч тус байгууллагууд 2022 оны 10-12 сарын хооронд хоёр сарын хугацаатай мониторингийн жижиг төслийг амжилттай хэрэгжүүлж байна.
Төслийн тухай: Европын Холбооны санхүүжилттэй хэрэгжүүлдэг “Бүгд залуусын төлөө, Залуус бүгдийн төлөө”төслийг 2020 оноос эхлэн Каритас Чех Репаблик ОУТББ, Иргэний Боловсролын Төв, Монголын Залуучуудын Эвсэл хамтран хэрэгжүүлж байна. Энэхүү төслийн ерөнхий зорилго нь залуучуудын хөгжил, оролцооны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ТББ-ын чадавхыг бэхжүүлэн, хамтын ажиллагааны сүлжээ үүсгэн, судалгаа, нөлөөлөл хийх замаар Монгол улсын засаглал, хөгжлийн явцад хувь нэмэр оруулах чадвартай залуучуудын иргэний нийгмийг бэхжүүлэхэд оршино. Та энд дарж төслийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.