Европ дахь залуучуудын хөдөлмөр  эрхлэлтийн сайн туршлагыг судлах аялал
25. 10 дугаар сар 2022 Хэвлэлийн мэдээ

Европ дахь залуучуудын хөдөлмөр эрхлэлтийн сайн туршлагыг судлах аялал

Монгол улс, Улаанбаатар хот: Залуучуудын хөгжлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллагуудын төлөөлөл 2022 оны 9 дүгээр сарын 17-ноос 9 дүгээр сарын 24-ны хооронд Европын орнуудад залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, залуучуудын нийгмийн оролцоог сайжруулах шилдэг туршлагаас суралцлаа.

Манай улс нь шилжилтийн дараах эдийн засагтай, 2021 оны байдлаар ажилгүйдлийн түвшин 8.8 хувьтай залуу ардчилсан орон юм. Нийт хүн амын 34.6%-ийг 15-34 насны залуучууд эзэлдэг бол энэ насныхан нийт ажилгүй хүмүүсийн 57.7%-ийг эзэлж байна. Ажилгүйдлийн дийлэнх хувийг 20-24 насны залуучууд эзэлж байгаа бөгөөд энэ насны хүмүүсийн дөнгөж 55.9 хувь нь ажил эрхэлж байна. Өөрөөр хэлбэл, энэ насныхны бараг тал хувь нь ажилгүй байна. Иймд залуучуудын иргэний нийгэм байгууллага болон холбогдох төрийн байгууллагын төлөөлөл нар Европын улс орнууд дахь залуучуудын хөдөлмөр эрхлэлт, бизнес эрхлэх талаарх шилдэг туршлагаас суралцлаа.

Туршлага судлах аяллын оролцогчид

Туршлага судлах аяллын оролцогч нар нь БНЧУ болон ХБНГУ дахь ТББ болон бизнес эрхлэгчид залуучуудын хөдөлмөр эрхлэлтийн талаарх төрийн бодлогод хэрхэн нөлөөлж, хэрхэн ажилладаг талаар суралцсан юм.

Европт сайн дурын ажил ихэд сайн хөгжсөн гэдгийг харлаа. Энэ сайн туршлагыг өөрийн орон нутагт нутагшуулахыг хүсэж байнахэмээн туршлага судлах аяллын оролцогч Г.Өнөрцэцэг хуваалцсан юм.

Туршлага судлах аяллын оролцогч

"Иргэний нийгмийн хөгжлийг хангахад иргэдийн боловсролыг дээшлүүлж, бодит оролцоог хангах шаардлагатай. Үйл ажиллагаа бүрийнхээ ач холбогдол, үнэт зүйл, хэрэгцээг таниулж байж тэдний бодит оролцоог хангах боломжтойг энэхүү аяллаас суралцлаа" хэмээн туршлага судлах аяллын оролцогч Э.Тамир хуваалцсан юм.

Туршлага судлах аяллын оролцогч

Түүнчлэн залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх бодлогын зөвлөмж боловсруулах үүднээс Бүгд залуусын төлөө, Залуус бүгдийн төлөө төслийн хүрээнд ажлын хэсэг байгуулагдаж, төрөл бүрийн хэлэлцүүлэг, уулзалт зохион байгуулагдсан юм. Үүний үр дүнд залуучуудын хөдөлмөрлөх орчин нөхцөлийг сайжруулах бодлогын зөвлөмж 2021 онд боловсруулагдаж, Хөдөлмөр нийгэм, хамгааллын яамд хүргүүлсэн юм. Тус бодлогын зөвлөмжийг боловсруулсан ажлын хэсгийн гишүүдийн төлөөлөл мөн энэхүү туршлага судлах аялалд оролцсон юм.

Туршлага судлах аяллын оролцогчид маань залуучуудын хөгжил, залуучуудын сайн дурын ажил, залуучуудын хөдөлмөр эрхлэлтийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг нийт 11 төрийн болон ТББ байгууллагаар зочилсон юм. Тус аяллын үр дүнд оролцогчид маань залуучуудын хөдөлмөр эрхлэлтийн талаарх Европын сайн туршлагын талаарх мэдлэгээ нэмэгдүүлсэн юм. Бүх оролцогчид маань туршлага судлах аялалд идэвхитэй оролцсон бөгөөд аяллын дараа өөрсдийн сурсан мэдсэн мэдлэг, туршлагаа хуваалцах семинар, нөлөөллийн уулзалтыг өөрийн орон нутагт эсвэл хөдөлмөр эрхлэлтийн бусад үйл ажиллагаануудыг зохион байгуулах юм.

Төслийн тухай: Европын Холбооны санхүүжилттэй хэрэгжүүлдэг “Бүгд залуусын төлөө, Залуус бүгдийн төлөө”төслийг 2020 оноос эхлэн Каритас Чех Репаблик ОУТББ, Иргэний Боловсролын Төв, Монголын Залуучуудын Эвсэл хамтран хэрэгжүүлж байна. Энэхүү төслийн ерөнхий зорилго нь залуучуудын хөгжил, оролцооны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ТББ-ын чадавхыг бэхжүүлэн, хамтын ажиллагааны сүлжээ үүсгэн, судалгаа, нөлөөлөл хийх замаар Монгол улсын засаглал, хөгжлийн явцад хувь нэмэр оруулах чадвартай залуучуудын иргэний нийгмийг бэхжүүлэхэд оршино. Та энд дарж төслийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.